“Зарим хүмүүс эмэгтэй инженерүүдийг эрэгтэйчүүдээс дутуу гэж хардаг нь нууц биш шүү дээ. Үе үе үүнийг мэдэрдэг. Миний найз нарын нэг технологийн компанид ажилладаг юм. Саяхан надтай уулзахдаа эмэгтэй инженерүүдийн анкет хүлээж авдаг ч ярилцлагад дууддаггүй талаар ярьсан юм. Ер нь шулуухан хэлэхэд, эрэгтэй хүнийг илүү чадварлаг, бүтээмжтэй ажилладаг гэж эндүүрдэг тал бий. Гэтэл цаана нь чадварлаг эмэгтэй инженерүүд зөндөө байдаг. Миний бодлоор эмэгтэйчүүд илүү нягт нямбай, тэсвэр хатуужилтай санагддаг” гэж ярих инженерийг А.Оюундарь гэдэг. Тэрбээр ДДЭШ /DDish /компанийн технологи төлөвлөлтийн инженерээр ажилладаг ба технологийн салбарт ажиллаж буй цөөхөн эмэгтэй инженерийн нэг юм. Түүний ажлын байранд тулгарч буй хүйсээс шалтгаалсан ялгаатай хандлага зөвхөн түүний асуудал биш. Дэлхий даяар технологийн салбар дахь тэгш бус байдал анхаарал татаж буй. Технологийн салбарт тууштай ажиллан карьер хөөх эрмэлзэлтэй олон эмэгтэйчүүд байдаг ч энэ салбар аль хэдийн эрчүүдийн “хаант улс” болсон гэхэд хилсдэхгүй.
Учир нь технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% байна. Харин Европ дахь технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн хүйсийн харьцаа 10% ч хүрэхгүй. ЦХИХХ яам салбарын хүний нөөцийн 35,8%- ийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг 2022 оны судалгаанд дурджээ. Ковид 19 цар тахлын дараа зарим улсад технологийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Жишээлбэл, АНУ-д 2019-2023 оны хооронд 31-35% болж эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь программ хангамж, кибер аюулгүй байдлын хэрэгцээ нэмэгдэж, зэрэг эрэлт үүссэнтэй холбоотой гэж тус нийтлэлд тэмдэглэсэн байна. Энэ нь АНУ-д эмэгтэйчүүдийн оролцоо өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг дүгнэжээ. Технологийн салбарын зайнаас ажиллах, ажлын уян хатан цаг дэлхийд төдийгүй манай улсын ээжүүд гэрээсээ хүүхдээ асрангаа ажиллах боломжийг хангаж байна.
Source: Women in tech 2020
Дээрх хүснэгтээс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд эзлэх хувь эрчүүдийнхээс харьцангуй зөрүүтэй ч сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж буйг харж болно. Эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь тэр хэрээрээ компаниуд эрэгтэй ажилчдаа илүү үнэлж буйг илтгэнэ. Уг ялгааг тухайн компанийн ажилчдын хүйсийн харьцаанаас гадна, цалин хөлсийн үнэлэмж, албан тушаалын ялгаатай байдлаас харж болно. Source: STEM in the Asia Pacific
Дээрх хүснэгтэд Ази, Номхон далайн бүс нутгийн шинжлэх ухаан, технологи, инжнерчлэл, математикийн чиглэлээр (STEM) ажилладаг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтйн талаар 2024 онд хийсэн судалгаагаанд тус таван улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсийн зөрүүг харуулав. Үүнээс хамгийн их зөрүүтэй байгаа Мальдив эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 25%-аар бага цалин авдаг бол Монголд энэ зөрүү 20,6%-тай байна. Энэ нь Монгол эмэгтэйчүүд ижил чадвар, туршлагатай ч салбар харгалзахгүйгээр эрэгтэйчүүдээс 20-25% бага цалин авдаг гэсэн үг юм.
Манай улсын хувьд технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа шалтгаан нь охид эмч сувилагч, хөвгүүд инженер техникч болдог гэх хэвшмэл ойлголттой холбоотой юм. Мөн эмэгтэйчүүд ээж болсноор ажлаас завсарддаг, гэр бүлдээ анхаарч ажилдаа бүрэн төвлөрөх боломж хомсддог зэрэг шалтгаанууд эрэгтэй ажилчдын үнэлэмжийг өсгөх гол шалтгаануудын нэг болдог аж. Эдгээр асуудлууд хэдий бодитой ч байгалийн, жам ёсны зүйлсээс болж эмэгтэйчүүдэд ижил боломж олгохгүй байх нь шударга бус юм. Технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн шударга ёсны асуудал төдийгүй, бизнесийн амжилт, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Технологийн компаниуд, бодлого боловсруулагчид эмэгтэй инженерүүдийг дэмжих, гэр бүл, ажил амьдралын тэнцвэрийг хангах бодлого хэрэгжүүлснээр салбарын тэгш байдал, инновацийн чадвар нэмэгдэж, зах зээл илүү тэнцвэртэй болох юм.