Цахим орчинд сонин содон үүлийг харсан хүн бүр зураг нийтэлсэн байжээ. Харин миний хувьд тэр үед нь хараагүй, бодитоор үүлийг ч хараагүй юм. Тэр үүлийг аадрын аюултай үүл гэдгийг цаг уур орчны шинжилгээний газар, онцгой байдлын газар, хэвлэл мэдээлэлийн газрууд цахим хуудастаа мөн нийтэлсэн байжээ. Гэвч энэ удаагийн байгалийн үзэгдэл түр зуурын үүл эсвэл замхарч уурших үүл биш байсан гэдгийг харлаа. Иймэрхүү байгалийн гамшгийг тухайн үед нь цахим орчинд нийтэд мэдээлэх нь ямар ч хүртээмжгүй.
Харааны бэрхшээлтэй иргэд болон цахимаар мэдээлэл авдаггүй хүмүүс тэр бүр мэдэлгүй өнгөрсөн. Тиймээс зарлан мэдээлэх дохиог ашиглах, дохиог олон газарт байрлуулах цаг болсон. Тодруулбал 7-р сарын 24 ний шөнө 22 цаг орчимд Хүй долоон худаг, давааны зөрлөг орчим буюу Төв аймгийн Аргалант сумын нутаг орчмоор тэнгэрт бөөн бөөн үүл хуралдаж завсар бүрээр нь цахилгаан цахиж шороон шуурга шуурч эхэлсэн. Салхины эрч хурдтай ихсэж нүд ирмэхийн зуур үзэгдэх орчин бүрэн харанхуйлсан, том сав руу толгойгоо шургуулсан мэт шуугиан сонсогдож, гэрэл анивчивч байгаа мэт цахилгаан цахиж байсан.
Байшингийн дээвэр шажигнан дуугарч, цонхны шил хагарч, ер нь газар хөдөлж буй мэт бүхэлдээ чичирсэн. Ийм байдал 30 минут орчим үргэлжилсэн юм. Салхины хурд багассаны дараа хархад ойр орчимы бүх хашаа нурж, монгол гэр, блокон хашаа нурж, зарим байшингийн дээвэр хууларч, тэр ч байтугай 20 тонны контейнер шуурганд гулсаж айлын хашаа руу орсон байдалтай тэр шөнийг өнгөрөөсөн юм. Өглөө нь эргэн тойрны нурж сүйдсэн байдлыг хараад эсэн мэнд байгаадаа баярласан.
Мөн Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө юу ч биш гэдгээ ухаарсан. Харин урьдчилан сэргийлэх мэдээг дуут дохио ашиглан иргэдэд хүртээмжтэй хүргэх хэрэгтэйг төр засаг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр хичнээн сэрэмжлээд хүн төрөлхтний хүч байгалийн гамшгийн хаана нь ч хүрэхгүй. Гэвч ядаж амархан хийсэх зүйлийг хураах, машинаа нөмөрдүүлж тавих, ойр орчим хийсэж ирж гэмтээх зүйлийг холдуулах байсан биз ээ.
Зөвхөн цахимаар анхааруулга өгөх нь хүн бүрд хүрдэггүйг өнгөрсөн хүчтэй нөөлөг салхи харууллаа.
Хүй долоон худаг орчмоор салхины хурд 33 метр секунд хүрч шуурсан ч хур тунадас салхины нөлөөгөөр бага орсон бол нийслэлийн баруун захын гэр хорооллоор салхины эрч бага байсныг оршин суугчид хэлсэн юм. Хотын төв рүү салхи ихтэй байсан ч байшин сав нурах хэмжээний байгаагүй.
Иймд аливаа байгалийн үзэгдлийг сэрэмжлүүлэхдээ заавал дуут дохио ашиглан иргэн бүрд хүртээлтэй байдлыг сонгохыг сануулж байна. Ингэснээр эрсдэлийг бага ч гэсэн сэрэмжлэх боломжтой юм.