АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ “Ларсон гүн” өгүүлэл, нийтлэл зургийн цомог бүхий шинэ номынхоо тухай ярьж, анхны худалдан авагч нартаа зориулж гарын үсэг зурж байв.
Номын нээлт МУБИС-ийн номын санд боллоо.
Шинэ номд дөрвөн нийтлэл, хэвлэлд анх удаа гарч байгаа монголчуудын түүхэн зургууд багтжээ.
“Ларсон гүний бичиг баримтыг 2021 онд үр ач нар нь Конгрессын номын санд шилжүүлж өгсөн юм. 2023 он гэхэд каталог нь дуусаад уншигчдын хүртээл болсон. Энэ бол Ларсон гүний талаар миний гаргаж байгаа хоёр дахь ном. Монгол Улс НҮБ-д элсэх ёстой гэсэн сэдвээр гүн 1949 онд бичээд, хэвлүүлэхийг хичээсэн ч Америкт хэвлэх газар олдоогүй юм билээ. Энэ ном гар бичмэлээрээ бичгийн машинаар цохсон байсныг ноднин орчуулсан. Энэ жил Ларсон гүний бичиг баримтаас хамгийн сонирхолтой дөрвөн өгүүллэгийг сонгож, өмнө нь хэвлэгдээгүй зурагнуудын хамт ном болгож гаргасан.
Эхний өгүүлэл нь 1909 оны сэтгүүлд “Гуйлгачид нь хүртэл морь унадаг монгол” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн. Энд Библийн худалдааны тухай мэдээлэл дурдагдсан” хэмээн М.Саруул-Эрдэнэ өгүүлэв.
Ларсон гүн анх Монголд шашин номлогчийн хувиар хөл тавьжээ. Шашин номлогчийн хамгийн чухал ажил нь монгол бичгээр Библийн сайн мэдээг хөрвүүлж борлуулах байжээ. Номоо борлуулахдаа бяслаг, сүү цагаан идээ, аргал түлээгээр хүртэл сольж явсан байна.
Түүний өөр нэг өгүүлэлд бас нэг сонирхолтой мэдээлэл бий. Библийн тун дажгүй хэвлэлтэй номыг монголчууд “шуураад” авсан байж. Амжилтдаа баяссан шашин номлогчийг эргээд харахад номын савхин хавтсыг хуулж авч, гутлын уландаа хийж байсан нь “илэрчээ”. Монголын боловсролын түүхэнд ач холбогдолтой нэгэн сонирхолтой мэдээлэл энд бас хавчуулагдсан. Гэрийн сургуулийн тухайн үеийн үнэ ханшийн талаар мэдээлэл юм. 1909 онд Монголд амьдарч байсан Ларсон бичиг үсэг сайтай хүн гэр барьж, айл саахалтын хүмүүс хүүхдээ шавь оруулж байсан талаар дурджээ. Гэрийн сургуулийн төлбөр нь хагас жилээр бол нэг хонь, бүтэн жилээр бол нэг адуу юм уу үхэр гэсэн ханштай байж. “Гэрийн сургуулийн төлбөрийн талаар баримжаа авах чухал мэдээлэл” гэж М.Саруул-Эрдэнэ судлаач тодорхойлсон.
Түүний хамгийн анх Христийн шашинд элсүүлсэн Буянт гэж монгол хүний зураг хэвлэлд нийтлэгдсэн удаатай. Энэ эр “харийн шашинд дагаар орсон” хэмээн гадуурхагдаж, хар тамхинд мансуурсан хэцүүхэн төгсгөлтэй нэгэн аж.
Гуйлгачид нь хүртэл морь унадаг гэж онцолсон нь учиртай.
Гуйлгачин хүн морьтой байна гэдэг америк, швед хүний хувьд хачирхалтай хэрэг. Америкчуудын ойлголтоор бол морьтой байхын тулд заавал газартай байх учиртай. Морио идээшлүүлэх газаргүй бол морьтой байх учиргүй. Морио тэжээхээс гадна тоноглолд нь бас чамгүй мөнгө зарцуулна. Дунд зэргийн орлоготой хүн тэнд бол адуу тэжээх боломжгүй юм билээ. Гуйлгачин хүн мерседес хөлөглөөд давхиад явчихтай адил шахуу төсөөлөгдөх ажээ.
“Монголын гүн” гэсэн өгүүллэг шинэ номд бий. Ларсон гүний ач нь үүнийг швед хэлнээс англиар орчуулсан түүхтэй. Ларсон гүн гэцгээдэг. Гүн цолоо хэзээ хаана яаж авсан тухай мэдээлэл байдаггүй. Өөрөө ч энэ талаараа энд тэнд дурсдаггүй. Богдоос хүртсэн гүн цолныхоо тухай цор ганц удаа өгүүлсэн нь охиндоо бичсэн захидал байжээ.
Яагаад энэ талаар дэлгэдэггүй гэхээр Ларсон гүнгийн сэжигтэй, олон талт байдалтай холбоотой бололтой.
Анх тэрбээр Дундад иргэн улсад ажиллаж байгаад Монголтой холбогдсон байна. Тэрбээр аль ч улсад тал алдаагүй. Америк, Швед, Хятад, Монголд зэрэг ажиллаж байж. “Гүн цол авснаа нөгөө талдаа мэдэгдэхийг хүсээгүй байж болох талтай” хэмээн М.Саруул-Эрдэнэ таамаглав. Зургийн цомогт нь сонирхолтой зургууд бий.
Өндөр Гонгорын зургийн архив овоо хэдэн зургаар баяжив бололтой. Өндөр Гонгор “чийчаан”-д яваа патиар ч харагдав. Түшлэгтэй сандал дээр авирч гарч байгаад Өндөр Гонгорын малгайг засаж байгаа гадаад нөхөр бол Колгет.
“Колгет гэдэг нэртэй юу байдаг билээ” гэж илтгэгчийг лавлахад сонсогчид “Оо” хэмээн хариулав. Колгет ооны том үйлдвэртэй гэр бүл Эндрюсын экспедицийг ивээн тэтгэсэн байж. Хүү нь экспедицийн багийн гишүүнээр явсан. Тэр зураг авах үүргээ сайтар гүйцэтгэсэн нь гэрэл зурагт ийнхүү үлджээ. Рой Чепмен Эндрюс 1918-1925 онуудад Америкийн байгалийн түүхийн музейгээс Монголд зохион байгуулсан Төв Азийн гурван удаагийн экспедицийг толгойлж байжээ. Тэрээр анх 1918 оны есдүгээр сард Хүрээнд ирсэн байдаг.
Тогтох тайжийн зургийн тайлбар сүртэй. “Энэ Тогтох бол мундаг зоригтой монгол баатар, ганцаараа мянган хятадыг алсан гэж зургийн ард Ларсон гараараа бичиж үлдээсэн.
“Сэлэм барьсан нь туслах нь” гэж тодотгожээ.
Дилав хутагт Ларсон гүн хоёр говьд уулзсан зураг байна. Дилав хутагт залуухан харагдав. Ларсон гүн хэмээх нэр нь хүртэл хуучин танил шиг сонсогдох эрхмийн талаарх хоёр ном ийнхүү Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн,доктор М.Саруул-Эрдэний буянаар бидний гарт ирлээ. Ларсон гүнгийн хамаг нарийн нандин мэдээлэл энэ хоёрт багтсан гэсэн шүү.

