“Ардын хувьсгалын өмнөх Ар Монголын 14 хутагтындотроос энэхүү дуртгалын эзэн Дилав хутагт Жамсранжав нь улс орны тухайн үеийн байдал болон өөрийнхөө тухай бичиж үлдээсэн цорын ганц хүн юм” хэмээн номын арын хуудсанд “Бидний монголчууд” цувралын хөтөч Ц.Гомбосүрэн онцолсон байна лээ.

Үйл явдлын гэрч өөрийн гараар тэмдэглэж үлдээсэн болохоор Богд хаант Монгол Улсын үеийн элдэв явдал кино шиг л нүдэнд харагдаж, сэтгэлд буух юм.

Буурай улсын зовлон, ороо бусгаа цагийн аяс ямар ч хэцүү юм бэ. Гамин ирээд даралчих гээд, барон ирээд талчих гээд, урд хөршөөс тусламж гуйхаар автономит эрхийг маань хураачих гээд, хойд хөршөөс тусламж гуйхаар нам байгуулахыг шаардаад, коммунизмын замаар явахаас аргагүй болох юм.

Уг нь Америкаас, Японоос ч тусламж гуйчих гээд дээдэс маань лам харгүй наашаа гэсэн болгон руу л сарвайж дээ.

Дилав хутагт шүүхийн хаалга татсан ч хэлмэгдэж хороогдсон бусдыгаа бодвол азтай мултарч “нутагтаа буц” гэхээр нь тэр чигээрээ хил гарч Өвөрмонгол руу зугтаж амжсан хүн. Дахиад баригдвал амь хэлтрэх аргагүй хэцүү цаг айсуйг мэдэрч байж.

Түүний энэхүү “орголтыг” эх орны даалгавар байсан гэж тайлбарлах нь ч бий. Хэдэн жилийн өмнө Тагнуулын Ерөнхий Газар Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах баримтыг ил болгож буйгаа зарласан.

“Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байв” хэмээн уг байгууллагын мэдээлэлд дурдсан.

Харин хэлмэгдүүлэлтийн үеэр Дилав хутагт тагнуулын байгууллагатай холбоо тасалсан бөгөөд түүнийг илгээсэн хүмүүс ч хэлмэгдэж, түүнд өгсөн даалгаврын талаар мэдэх хүмүүс ч байхгүй болсон бололтой юм. Номд бол тагнуулын ажиллагааны талаар дурдаагүй байдаг.

Номын зүүлт тайлбарын хэсэг маш их мэдээлэлтэй байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Манайхан Хятад эвгүйтсэн үед оросуудын дэмжлэгтэйгээр тусгаар улс болчих гээд хичээж байж.

“Хятад онцгой хүнд байсан жилүүдэд тухайлбал хятад, японы дайнд Хятад ялагдсан 1895 он, Боксерийн бослогын 1900 он, Шанхайн хувьсгалын 1911 он зэрэг хүнд жилүүдэд Монголын төлөөлөгчид Орост очиж байсан” хэмээн энд тэмдэглэсэн байна.

Хутагт бас адармаатай зам туулсан гэхэд сийрэгхэн дотортой эр байж. Хэцүү цагт ч хошин дүрслэл шигтгэж амжсан байна лээ.

Дилав хутагтын дурсамж доторх дипломатуудын тухай “хов жив”

Богдыг хаан ширээнд залах ёслолд бэлтгэн Хүрээ, Улиастай, Ховдод сууж байсан манж сайд түшмэл нарыг хөөсөнд Ховдын амбан л явсангүй эсэргүүцэхээр үлдсэн гэнэ. Бусад нь даруй Оросын нутгаар дамжин нутаг буцсан байна. Өвлийн тэргүүн сарын шинийн 9-нд Богд гэгээнийг хаан ширээнд суулгаж, оныг олноо өргөгдсөний тэргүүн он хэмээв.

“Хүрээнээс гарсан цэргүүдэд Оросоос тусалсан цөөхөн бирдаан буу байх тул монгол цэрэг Ховд хотын өндөр зузаан шавар хэрмийг нэвтлэн орж чадахгүй. Хотын цэрэг мөн олигтой зэвсэггүй цөөн тул гадагш гарч байлдаж чадахгүй хоёр сар гаруй болж байхад нь нэг өдөр Оросын консул Лэкши очиж, амбанд ухуулан хэлж, байлдаангүйгээр явуулахаар болсон юм байж. Түүнийг гарч ирэхэд монгол цэрэг буудаж болохгүй хэмээн хэлж, өмнөө туг бариулан хэдэн цэрэг дагуулан хотын ойр хүрэхэд хотын дээрээс гэнэт буудсанд Лэкши тэрэгнээсээ өнхрөн бууж, доогуур нь мөлхөн орж нуугдан, буудахаа болиход нь дутаан ирж, “Энэ муу сохор хятадыг түргэн барьж ал” хэмээн уурлан хэлснийг тэнд байсан түшмэл цэрэг нар домог болгож, инээлдэх ба сонин бичиг дээр ч бичсэн байсан” тухай уг номд дурджээ.

Уг ном дахь “Ар монголын улс төрийн дуртгал” хэсгээс тухайн цаг үеийг мэдэрч болохоор юм. Түүхэн хүмүүсийн талаар ч сонирхолтой мэдээлэл үлдээсэн байдаг.


Дилав хутагт VIII Богдын тухай

Наймдугаар Богд урьд дүрүүдээс онц үлэмж их эрх хүчтэй болсон учир нь монгол тоотон бүгд үе үеийн богд нарыг бодитой бурхан хэмээн итгэмжлэн хүндэлж, бишрэн шүтсээр ирсний дээр энэ наймдугаар гэгээн балчир наснаас ялангуяа хурц тодорхой, халх нийт буюу зарим нэг хэсэг газар оронд гал ус буюу өвчин гамшиг мэтийн аюул зовлон болохыг урьдаас мэдэж, мэдэгдэх шашны ёсон буюу жирийн аргыг заасан нь эрхбиш илтээр тохиолдон баримттайгаар магад явдал хэдэн удаа гарсан хэмээн алдаршиж, олноор их биширсэн ба 18 настайдаа хүнд өвчнөөр нирваан болж, гурав хоноод дахин дээшлэхийн хамт өвчин нь оргүй илааршсан гайхамшигтай явдлаас монголчууд туйлаас итгэж дагажээ гэсэн байв.

Уг дуртгалд Оссендовскийн номд ер бусын дүрслэгдсэн Жа лам Дамбийжанцангийн тухай тодорхой өгүүлсэн байна лээ. Жа лам алдаа оноотой эгэл хүн гэдэг нь ойлгогдсон. Гэхдээ түүний тухай энэ удаа ярихгүй.

Энэ номын оршил хэсэг гэж болох хутагттай дотно нөхөрлөсөн Оуэн Латтиморын дурсамж түүний өөрөө ярьж амжаагүй түүхийг мэдэх боломжийг бидэнд олгосон юм.

Америкийн монголч эрдэмтэн Оуэн Латтимор Дилав хутагтын тухай ийнхүү дурсжээ

“Хятадын бурхны шашин бол тэс өөр зүйл” хэмээн Дилав хутагтын халаглан өгүүлж байхыг би нэг бус удаа сонссон.

XIII зууны үед Хубилай хаан бурхны шашны түвд хувилбарыг ивээн тэтгэж байсан нь, хожим XVI зууны эцсээр монголын хэд хэдэн сурвалжит ноёд уг шашныг Монголд дахин бадруулсан нь ч улс төрийн зорилготой байсан. Тэдгээр хүмүүс ангийн урьтал сонирхлыг үндэсний үзэлтэй адилтгаж, монголчуудыг хятад соёлд автахаас хамгаалахыг хүсэж байсан. Өөрийн бичиг үсгийг хэрэглэх явдал туйлын ач холбогдолтой байсан.

Энэ нь Монгол, Хятадын оюуны ертөнцийг салган тусгаарлах зорилготой байжээ.

Түүний ярианаас үзэхэд тэр цаг “Зүүний алдаа завхрал нугалааны үе байсан бөгөөд Чойбалсангийн удирдан явуулсан Шинэ эргэлтийн бодлогын өмнөхөн Дилав хутагт урвагч, японы империалистуудтай сүлбээтэй хэмээн гүтгэгдэж, шүүгдэж байжээ.

Шинэ юм зул болж хуучин нь ул болж байсан тэр цаг үед Дилав хутагт өөрийг нь шүүсэн шүүх ажиллагааг “шударга” болсон гэж үзэж байсан нь сонин юм. Түүний ялыг тэнсэж, “Нутагтаа буц” гэжээ. Тэрбээр үнэнч шавь Гэндэнтэйгээ хамт тэмээн хөсгөөр хэдэн зуун бээрийн хол аянд морджээ. Улс төрийн дүрвэгчид маягаар хилийн дээс алхан Өвөр Монголын нутагт хүрчээ.

Таныг шударга шүүсэн юм бол яагаад Нарванчин хийддээ буцаагүй юм бэ гэхэд маань “Хувьсгалд аядуу зөөлөн, хатуу ширүүн үе ээлжлэн ирдэг болохоор тэр давалгаа хэзээ яаж өөрчлөгдөхийг мэдэх боломжгүй” гэж хариулж билээ.

Япончууд Хятадыг эзэлсний дараа 1930-аад оны сүүлээр Дилав хутагтыг Японоор аялуулж, Буддын сүм хийд үзүүлэн, ихэд хүндэтгэлтэй хүлээн авсан боловч, тэрбээр Японы бодлогын төлөөний хүн болж болзошгүй аливаа ажил, албан тушаалаас булзаж байлаа.

Дилав хутагт Бээжинд ирснийхээ дараа Шанхай руу бултаж амжсан бөгөөд улмаар Хонконг руу усаар аялж, тэндээсээ Чунцинд очоод, Чан Кайшийн засгийн газрын томилолтоор Монгол-Түвдийн хороонд онц нөлөөгүй ажилд оржээ. Уг байгууллага түүнд орон байр олгож, амьдралд хүрэлцэхүйц, мөнгө өгч байсан хэдий ч тодорхой ажил үүрэг гүйцэтгүүлсэнгүй.

1941 онд Чан Кайшийн зөвлөхөөр томилогдоод, Чунцинд түүнтэй дахин учрав. Миний хүсэлтээр генералиссимус түүнийг надтай хамт амьдрахыг зөвшөөрөв. Нөхөрлөл маань улам гүнзгийрэв.

Улс төрийн далд явуулга газар авсан үед бид хоёрын хэн хэн нь хятад, европ, америк хүмүүстэй ярилцахдаа үг бүрээ цэнэх шаардлагатай болсон билээ. Хоёулхнаа байхад амар байсан бөгөөд монголоор хөөрөлдөх нь нэг ёсны нууц хэл болдог байв. 1942 онд би Америк буцах болсон тул бид дахин саллаа. 1944 онд Чунцинд хэдхэн хоног байх зууртаа би түүнтэй зэрвэсхэн тааралдсан билээ. Тэгэхэд тэр дайны шувтаргаар Хятадад иргэний дайн дэгдэнэ гэдэгт бат итгэсэн байв. Хятадын коммунистууд ялна гэдэгт төдий л итгэхгүй байсан бөгөөд харин Чан Кайши унана гэдэгт итгэж байв. Дараа нь коммунистууд юм уу холимог Засгийн газар гарна гэж үзэж байлаа. Юу ч боллоо гэсэн Өвөрмонголын ирээдүй сайнгүй гэдгийг ойлгож байв.

Дайны дараахан Чан Кайшитай тохиролцож явуулсан бүх нийтийн санал асуулгаар БНМАУ, БНХУ-ын автономит буюу холбооны хэсэг байх бус бүрэн тусгаар тогтносон улс болохын төлөө саналаа өгсөн билээ.

Санал асуулгыг ажиглахаар Монголд очсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн дайны үеэс Чунцинд надтай үерхсэн нэг нөхөр маань хожим нь ярихдаа санал хураалт ямар ч шахалт дарамтгүй, будилаангүй, ном ёсоороо явагдсан гэж билээ. Санал асуулгын дараа Монголын анхны төлөөлөгч буюу элч Хятадад ирэхэд нисэх буудалд угтагсдын дотор Дилав хутагт байв.

Тэрбээр Монголын төлөөлөгчид дөхөж очоод, “Би Дилав хутагт байна. Би хувраг хүн боловч миний эх орны тусгаар тогтнолыг эцсийн эцэст хүлээн зөвшөөрсөнд баяртай байна. Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөе” гэсэн утгатай үг хэлжээ. Гэвч түүний үгийг тоож сонссонгүйд урам хугарчээ. Энэ тухайгаа дөрвөн жилийн дараа надад хэлэхдээ ч тэр гонсгор байв хэмээжээ.


Дилав хутагтын дурсамжийг уншиж байхад энэхүү санал асуулгын хэсэг анхаарал татсан юм. Урд нь хятадууд яагаад санал асуулга явуулахыг хүссэн юм бол монголчууд бүгд л тусгаар тогтнолынхоо төлөө “за” гэж хэлэх нь тодорхой шүү дээ гэж гайхаж байсан юм. Гэнэн төсөөлөл байж. “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд” гэсэн тухайн үеийн мөрүүд ч оргүй биш байж.


Түүгээр явсан гайг үүгээр “даллав”

Богдын Засгийн газар умар зүгээс нэвтрэн ирэх большевикийн нөлөөнөөс болгоомжлохын зэрэгцээ хойд хөршид хувьсгал гарснаас хойш Орос орны зүгээс мөнгөн болон цэргийн тусламж авах боломжгүй болж хүнд байдалд орсон байна. Улсын Дээд хурлаас энэ асуудлыг хэлэлцэж, “Манай монгол хүн цөөн бөгөөд цэрэг зэвсэг хүрэлцэхгүй тул тулж хамгаалах бэрх, иймд Дундад улсаас хамгаалах тусламж эрэхээс өөр аргагүй мэт тул нийслэлд суух хятад консул Чэнь И лүгээ зөвлөвөөс ямар” хэмээжээ. Богд хаан дараа өдөр нь “Чэнь И лүгээ зөвлөх хэрэггүй, зүгээр суухад гэмгүй” хэмээнд айлдсанд ”Бид урд өдөр Чэнь И-д хэлсэн, тэр Да жунтангаас асууж өгье хэмээсэн, хэрэв утас цохиогүй бол хэлж зогсоосугай” хэмээгээд дараа нь “Чэнь И нэгэнт утас цохижээ. Хариу хүлээхээс аргагүй” хэмээн айлтгажээ. Хэд хоносны сүүлд Чэнь И-гээс хариу хэлсэн нь “Да жунтангаас Монголыг тусалж болно, гагцхүү автономио эргэн устгах хэрэгтэй. Монголыг хүндээр үзэж туслах ба юу хүссэнийг ёсоор болгож, тэтгэмү” хэмээсэн байна. Чэнь И-гээс мөн Монголыг амаржуулан тохинуулах явдлыг бодолхийлж бичсэн хэмээн 64 зүйл, онц монголын гэгээд, ноёд, түшмэл, хурал сүмд жил тутам үлэмжхэн мөнгө олгох зэргийг гол болгосон ба Монголын ерөнхий байдлыг уг хэвээр хадгалах төлөвтэй юм бичиж өгчээ.

Түүнтэй сүлбэлдсэн ноёд дараагийн хурал дээр автономио устгаж, Хятадад нийлэхээр төлөвлөн хэлэлцэхэд Засагт хан, тус аймгийн Дайчин ван, Түшээт хан аймгийн Дайчин ван нар “Хэрхэвч Хятадад орж болохгүй” хэмээн хүчлэн хэлэвч хүч хүрсэнгүй. Доод хурал бултаар “Хятадад орохгүй” хэмээсэн боловч хэрэгссэнгүй.

Хятадад нийлж хамгаалуулахаас өөр аргагүй гэж тогтов хэмээн Дээд танхим нь шийдсэн байна.

Мөн сарын шинийн дотор Хятад жанжин Сюй Шүжан хүрээнд мухар тэргээр ирж, Чэнь И-г хөөж явуулаад, түүний амласан 64 зүйлийг хэрэгсэхгүй болгож Монголыг боловсруулан сайжруулах найман зүйлийг тогтоон зарласан нь монгол газрыг муж сиян болгох, Жанчхүү Хүрээний хооронд төмөр зам тавих, 40 наснаас дотогш лам нарыг гэрлүүлэх, уурхай нээх зэрэг байжээ. Чэнь И-гийн амлалтаа биелүүлэхийг хүлээж байсан ноёд их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болов.

Богдыг Да Жунтангийн хөрөгт гурван удаа мэхийлгэж ёслуулж сүрийг үзүүлэх гэсэн нь олон монголчуудын хорсолыг төрүүлсэн байна.

Хутагт өөрийнхөө тухай

Би өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч Онхот овгийн хүмүн гэдгийг мэдэх бөлгөө. Миний эцгийг төрөх цагт өвөг аав маань 86 нас зооглосон хүн байжээ. Би бээр аавынхаа 67-той байхад төржээ. Ээж маань 48 настай байлаа. Намайг төрсөн тэр өвөл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан гэж олон хүн ярьдаг сан. Миний төрсөн газар Нарванчин хэмээх том хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Энэ хүрээнд хоёр хутагт байсны нэгийг Нарванчин хутагт нөгөөг нь Дилав хутагт гэдэг байж л дээ. Хийдэд удаан жасаалсан хутагт нь Нарванчин гэгээн, шашны номтой хутагт нь Дилав байжээ. Хоёул миний мэндэлсэн жил насан өөд болжээ.

Төгсгөл

Нью-Йорк Таймс сонины 1965 оны дөрөвдүгээр сарын 9-ний дугаарт Буддын шашны их бүлгийн удирдагч 82 насандаа таалал төгссөн тухай нийтэлжээ.

Одоогийн Далай ламын гэрийн багш хийж байсан, дорно дахины гарамгай судлаач, Будда Дилова хутагт өмнө үүгээр өвчлөхөд түүний гурван шавь болон сүсэгтнүүд асарч байлаа. Улаантнуудын цөлсөн урдын жолоодогч Будда Дилова хөлсний орон сууцны дүүрэгт гурван тасалгаат байрныхаа унтлагын өрөөнд таалал төгсөв хэмээн уг мэдээнд дурджээ.

Диловаг амьсгал хураахад Да ламтан хонх дуугаргаж бусад лам нарын хамтаар хойтохыг нь хөтлөх ариун ном уншсан байна.