Хөвсгөл нуурын эрэгт жуулчны бааз ажиллуулдаг Ц.Алдаржавхлан өглөө бүр имэйлээ шалгахдаа хоёр төрлийн мэдрэмж авна. Эхнийх нь, дэлхийн нөгөө талд суугаа аялагч түүний баазад захиалга өгөхийг хараад сэтгэл дүүрэн тэр өдрийн ажилдаа гарна. Жуулчны базаа дижитал газрын зурагт байрлуулсанаас хойш тэрбээр энэ зуны, ирэх жилийн захиалгаа яах вэ гэдэгт санаа чилээхээ больжээ. Гэвч тухайн захиалга бүрийнхээ 15-20 хувийг “үйлчилгээний шимтгэл” нэрээр дэлхийн аялал жуулчлалын цахим захиалгын акулуудад суутгагдахыг харж халаглавч, юу ч эс хийж чадна.
Ц.Алдаржавхлан бол хиймэл дүр л дээ. Гэвч түүний өмнө тулгардаг асуудал үнэхээр бодитой. Монголын аялал жуулчлалын салбарт Ц.Алдаржавхлан шиг бодитой олон дүр бий. Тэдэнд тулгардаг энэ асуудал бол манай аялал жуулчлалын салбарын үл үзэгдэх олон гацааны нэг.
Дата бол шинэ газрын зураг
Дэлхийн аялал жуулчлалын салбар сэргэлтийн үеэсээ хальж, технологийн тэсрэлтийн шинэ эринд хөл тавьж байна. Дэлхийн даяар аяллын нийт захиалгын талаас илүү нь цахим платформуудаар дамжин хийгдэж буй бөгөөд 2030 он гэхэд 70 хувийг давах төлөвтэй байгааг хэд хэдэн судалгаанд дурджээ. 2024 оны байдлаар аялал жуулчлалын орлого 654 тэрбум ам.доллар байгаагийн ердөө 30 хувь нь л уламжлалт загвараар бүрджээ. Дийлэнх нь цахим захиалгаас бүрддэг болж. Аялал жуулчлалын салбарт дижитал хөгжил эрчимжих тусам энэ чиг хандлага салбарын дүр зургийг бүхэлд нь тодорхойлдог болно. OysterLink хэмээх АНУ-ын ресторан, зочлох үйлчилгээний хүний нөөцийн платформд 2030 он гэхэд салбарын зах зээлийн хэмжээ нэг их наяд ам.долларыг давах төлөвтэй байгааг онцолжээ.
Цахимжилтийн нөлөөгөөр аялал жуулчлалын салбарт сайхан байгаль, аялахад таатай улс орнууд гэдгээс илүү цахим хүртээмж, дижитал ложистик зэрэг үг, ойлголтууд газар авч байна. Хамгийн их жуулчид очдог газар, улс орон гэхээс илүүтэй Booking.com, Expedia, Trip.com зэрэг платформууд салбарын гол тоглогчид болжээ. Өнөөдөр аялал жуулчлалын компаниуд зөвхөн үйлчилгээний чанараас гадна глобал захиалгын систем болон хайлтын алгоритмын харагдацад эзлэх байр сууриа олж авахын тулд өгөгдөл, технологийн шинэ өрсөлдөөнд нэмэлтээр хүч боломжоо зориулах болов. Товчхондоо аялагчид хаашаа, хэдэн төгрөг зарцуулж, хэрхэн аялахаа дижитал орчинд бүрдсэн датаны тусламжтай шийдэж байна.
Гэвч манайд ялангуяа дотоодын зочид буудал, баазууд дэлхийн дижитал ложистикийн сүлжээнээс тасархай, "үзэгдэх орчин хязгаарлагдмал" бүсэд оршсоор байгаа нь нэг сая жуулчин хүлээж авах байтугай одоо ирж буй 700-800 мянган жуулчны эдийн засгийн өгөөжийг ч хүртэж чадахгүй, орхигдох эрсдэл бий.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан “Олон улсын дижитал ложистикийн сүлжээ буюу GDS (Global Distribution System)-д ороогүй бол TripAdvisor, Booking.com гээд дэлхийн ямар ч агент хайгаад танай баазыг олохгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй 1200-1300 зочид буудал, баазуудаас ердөө арав гаруйхан нь л энэ системд байна” гэлээ.
Одоогоор “Шангри-Ла”, “Новотел” зэрэг олон улсын стандарттай, сүлжээ буудлууд л GDS системд нэвтэрч, олон улсын агентуудтай холбогдон борлуулалтаа хийдэг. Харин дотоодын хөрөнгө оруулалттай оролцогчдын хувьд энэ талын мэдлэг мэдээлэл, нөөц боломж дутмаг байгаа нь аялал жуулчлалын дижитал газрын зурагт өөрийн датаг оруулж, байршиж чадахгүй байхад ихээхэн нөлөөлдөг аж. Тухайлбал, Хөвсгөл аймагт байгаа 140-150 жуулчны баазаас GDS-д нэвтэрсэн нь гарын таван хуруунд багтахаар цөөн байгааг С.Баясгалан онцоллоо.
“HoReCa Soft” компанийн үүсгэн байгуулагч Г.Гантулга дотоодын компаниуд аялал жуулчлалын дижитал газрын зургаас хэрхэн “сайн дураараа” арчигдаж буй талаар нэгэн сонирхолтой жишээг хуваалцав.
Тэрбээр “Дорнод аймагт 2-3 жилийн өмнө болсон аялал жуулчлалын форумын үеэр хил орчмын газруудын мэдээллийг судалж үзсэн. Гэтэл манайхан Google Maps дээр мэдээллээ тогтмол шинэчлэхгүй байгаагаас болоод Google-н ээлжит шинэчлэлт (update)-ийн үеэр хуучин дата устдаг. Гэтэл аялагчид Google, Google Map-с хайгаад олохгүй бол тухайн газрыг ажиллахгүй байна гэж ойлгодог” хэмээв.
Өдгөө дэлхийн аялал жуулчлалын цахим захиалгын чиг хандлагыг тодорхойлж, орлогын дийлэнхийг бүрдүүлж буй 10 орчим платформ бий. Хэрэглээ нь бүс нутаг бүрд харилцан адилгүй. Израильд төвтэй, аялал жуулчлалын финтек шийдэл хөгжүүлэгч “Mize стартап”-ийн туршлагаас үзэхэд, Booking.com нь Европын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлдэг бөгөөд зочид буудлын захиалгад голлон төвлөрдөг. АНУ-д бол Expedia платформ нь нислэг, машин түрээс, буудал зэрэг багц аялалын үйлчилгээгээр давуу бол Airbnb богино хугацааны орон сууцны түрээсийн зах зээлд ноёрхдог аж.
Харин Азид аяллын цахим захиалгын платформ хэрэглэгч ихтэй, өсөлт сайтай байна. Хонконг, Сингапур нь дижитал орчин хөгжсөн зах зээлийн статусаа бүс нутагтаа хадгалсаар байгаа бөгөөд аяллын цахим захиалгын платформ ашиглалт 72-78 хувь буюу хамгийн өндөр байна. Гэсэн хэдий ч Азийн бусад орны хэрэглээ энэ зөрүүг хурдан арилгах шинжтэй. “Mordor Intelligence”-ийн Хятадын онлайн аяллын зах зээлийн саяхны тайланд дурдсанаар Энэтхэг, Хятадад аяллын цахим захиалгын платормын хэрэглээ ойролцоогоор 65-68 хувь болж өссөн бөгөөд дундаж давхаргынхан гол өсөлтийг үзүүлж, Trip.com, MakeMyTrip зэрэг “супер апп" экосистемүүд стандарт болж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарын ложистик, зочлох үйлчилгээний компаниуд тусдаа вебсайт, апп хөгжүүлэх зардлаараа олон улсын системд бүртгүүлэх замаар борлуулалтаа өсгөдөг загвар руу орж, үр шимийг нь хүртэж явна.
Өөдлөх айл үүднээсээ буюу дижитал гарцаа тэлэхийн учир
Монголчууд бид "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг. Өнөөдөр Монголын аялал жуулчлалын "үүд" нь Хөвсгөл далай эсвэл Чингис хаан нисэх онгоцны буудал биш, харин дэлхийн хаанаас ч нээж болох "дижитал гарц" юм.
Ер нь чиг хандлага бол хэрэгтэй, хэрэггүй цахим хуудас хийхийн оронд Google Maps дээр буудал, бааз, кэмпүүдийнхээ мэдээллийг үнэн зөв оруулаад, тогтмол шинэчилдэг соёлд суралцах цаг үетэй аль болох хурдан дасан зохицвол хожно. Мөнгө унтдаггүй гэдэг шиг дижитал орчинд таны үүсгэсэн дата таны бизнесийг унтаж байхад чинь ч сурталчилна, захиалга авна. Ядаж л хэн нэг аялагчийн алсын төлөвлөгөөнд орох мэдээлэл болж үлдэнэ. Гадаадын жуулчид Дорнод, Хэнтий гэдгийг мэдэхгүй. Google maps-р хайж байж очно. Тиймээс вебсайт хийх зардлаараа Google Business Profile-аа хөгжүүлэх, цахим платформуудад үр дүнтэй байршихад зарцуулж байгаа нь цахимжилтын нөлөөгөөр салбарт гарч буй органик хөдөлгөөн билээ. Google Business Profile бол Google Хайлт болон Google Maps дээр бизнесийн мэдээллийг дэлхийн зах зээлтэй үнэ төлбөргүй холбож өгдөг дижитал үүд хаалга юм.
Гэхдээ аялал жуулчлалын дижитал платформууд нь мэдээллийн тэгш бус байдлыг арилгах гүүр болж байгаа ч, нөгөө талдаа өндөр шимтгэл, үнийн хатуу бодлогоор дамжуулан жижиг бизнесүүдийн “өрмийг хамах” шинэ төрлийн монополчлолыг “хөрс” болсон талаар салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Эдийн засгийн хөгжлийн яаманд болсон “Аялал жуулчлалын 7 хоног” арга хэмжээний үеэр Г.Гантулга “Booking, Agoda, Expedia зэрэг цахим захиалгын “акул”-ууд захиалга бүрээс 15-20 хувийн шимтгэл авдаг. Хэрэв зочид буудал нэг өрөөгөө 100 доллароор зарвал 20 доллар нь шууд гадагшаа урсаж байна гэсэн үг. Гэтэл төр энэ шимтгэлийг зардал гэж хүлээн зөвшөөрдөггүйгээс манай салбарын аж ахуйн нэгжүүд гадагшаа тушаасан мөнгөн дээр татвар төлж, "давхар татварын" дарамтад орж байна” гэж ярилаа.
Тиймээс дэлхийн зах зээлд гарах дижитал гарцыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар өөрийн гэсэн бодлоготой ажиллах шаардлагатай байгаа аж. Азийн орнууд шиг өөрсдийн гэсэн дижитал плаформыг хөгжүүлэх үү, эсвэл аялал жуулчлалын орлогоосоо нэгдсэн байдлаар олон улсын цахим захиалгын сүлжээнд зориулсан татаасыг зочлох үйлчилгээнийхэнд төсөвлөх үү гэх зэргээр энэ чиглэлд тогоогоо томруулах шийдэл үгүйлэгдэж байна. С.Баясгалан “Хотын татварыг уг нь аялал жуулчлалын салбарт зориулж бий болгосон. Гэтэл эргээд “Чингисийн хүрээ”-нд ч юм уу ганц нэг арга хэмжээ хийх зэргээр үр дүн багатай зарцуулагдаж байх шиг байна. Зочид буудлууд орлого, кемпүүд орлого олж, татвар төлж байгаа бол тэрхүү орлогоос эргээд бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдсэн дижитал хөрөнгө оруулалт руу чиглүүлэх хэрэгтэй. Аймаг болгон нэг апп хийж, үр дүнгүй зардал гаргахаа зогсоож, яг бизнес эрхлэгчдэдээ өгөөжтэй ажлууд хиймээр байна” гэдгийг онцоллоо.
Монголын аялал жуулчлал зөвхөн байгалийн сайхнаар биш дижитал хүртээмжээрээ өрсөлдөхдөө анхаарахгүй бол болохгүй нь. Ядаж хотын татварыг үр ашиггүй арга хэмжээнд бус, харин салбарын дижитал дэд бүтцийг байгуулж, боловсон хүчнийхээ цахим ур чадварыг хөгжүүлээд зарцуулах нь энэ салбараас олох орлогыг улам их "услах" нь гарцаагүй. Тиймээс дэлхийд гарах “үүдээ засаж”, дижитал газрын зурагт гэрэлтэх цаг үе яг одоо мөн.
Dulamkhorloo Baatar
4 hours ago