Эрчүүд мал сүргээ хариулж хөдөө гэртээ үлдэж, эмэгтэйчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарч суурин газрыг бараадаж байгаа дүр зураг нийтлэг болжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд сургуулийн хүүхдээ дагаж тусдаа амьдарч байгаа залуу малчдын тоо 40 орчим хувиар нэмэгдсэн байна.
Жендерийн тэнцвэргүй байдал олон асуудал дээр даамжирч байна. Эцэг, эхчүүд охин хүүхдээ дээд боловсролтой болгох чин хүсэлтэй бол, хөвгүүд бүрэн дунд боловсролоо дүүргэлгүй малчин болохыг сонгож байна. Дээд боловсрол эзэмшсэн охидын дунд мал маллахаар нутгаа зорьж байгаа нь хуруу дарам цөөн. Малч удмаа залгаж, ар гэрийнхээ түших багана нь болсон залуус боловсролоороо гологдох болжээ.
Малчдын нийгмийн асуудал цаашид үргэлжилсээр байвал малчин хүн ам буурах төлөвтэй байгааг Жендерийн үндэсний хороо судалгаандаа онцолжээ. 2021 онд 800 гаруй залуу малчныг хамруулсан энэ судалгаанд 10 малчин тутмын 9 нь удам дагасан малчин байгаа юм. Тэдний хувьд үр хүүхдээ малчин болгохгүй гэх байр суурь давамгайлсан байна.