Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн дийлэнх хувийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэг эзэлдэг. Мөн бусдын биед хүндэвтэр, хүнд хохирол санаатай, болгоомжгүй учруулах гэмт хэрэг хамаарч байдаг. 2024 оны хагас жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн нийт 7400 гаруй хэргийн 2600 гаруй нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 280 гаруйг нь хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах хэрэг эзэлжээ. Хөнгөн гэмтлийн тухайд бусдын эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан; Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр буюу 5-15% тогтонги байдлаар алдагдсан байдлыг харгалзан авч үздэг. Товчхондоо зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зулгаралт, шарх зэрэг нь хөнгөн гэмтэлд тооцогддог байна. Гэмт хэрэгт холбогдогчид ял шийтгэлийн хэмжээнд хүрэх үед л гэмт хэрэг гэдэг талаас нь ойлгодог гэдгийг албаныхан хэлж байна.


Тоо мэдээллээс харвал,2023 онд гэхэд нийт 2500 гаруй хүн шүүхээс хорих ял шийтгэл авсан байна. Үүнээс хөнгөн гэмт хэргийн ял шийтгэлээр 626 хүн 6 сараас 3 жилийн хорих ял авсан бол 66 хүнд 3-5 жилийн хорих ял оногдуулжээ.


Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 35-40 орчим хувь нь гудамж, талбай, олон нийтийн газар, 30 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэж байна. 2023 онд шүүх шинжилгээний байгууллага 27000 орчим гэмтлийн зэрэг тогтоосны 16500 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч байжээ. Гэмтлийн зэргийг тодорхойлдог шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд өдөрт дунджаар 60-70 хүн ирдэг байна.