Зургийн тайлбар: Цагаан дэлийн агуй ба ойр орчмын уурхайн нөхцөл байдал. Дроны зургийг Х.Эрдэнэбулган
Дрон дээшлэх тусам Цагаан дэл улам жижигхэн харагдана.
Говийн бор уулс байгалийн тогтоцоороо бус, хүний зурсан шулуун шугамаар хуваагджээ. Тэгш өнцөгт хилүүд, координатаар хэмжигдсэн лицензийн заагууд Айрагийн говийн намхан толгодыг тас “огтолж”. Нэг лиценз дуусахад нөгөө лиценз эхэлнэ. Дараагийнх нь төгсөхөд өөр компанийн хил үргэлжилнэ. Аварга овоолготой нь ашиглалтын талбай, нөгөө хэсэг нь хайгуулын талбайнууд.
Дөрвөлжин хилүүдийн дунд харагдах жижиг цэг бол Цагаан дэлийн агуй. Цаахантайд Л.Баттулгын өвөлжөө бий. Дунд нь тахилгатай овоо. Түүнээс цааш тэсэлгээ хийдэг ил уурхай харагдана. Агуй уурхайн хажууд биш харин уурхайнууд агуйг тойрон хүрээлжээ. Гэхдээ энэ бол байгалийн зураг биш.
Анх харахад хариуцлагагүй уул уурхайн тухай түүх мэт. Эсвэл хятадын хөрөнгө оруулалттай компаниудын тухай ч юм уу. Магадгүй нүүдэлчин айлын тухай ч байж болно. Цагаан дэл дээр хэд хоног ажиллаж, газрын зураг, лицензийн кадастр, байгаль орчны үнэлгээ, Засгийн газрын тогтоолууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлага, сум, аймгийн албан бичгүүдийг тунгааж үзвэл…
Цагаан дэл агуй компаниудын мэдэлд ороогүй. Харин төрийн хариуцлагаас гарчихжээ. Ашигт малтмал. Соёлын өв. Нүүдэлчдийн бэлчээр. Хүний эрх. Төрийн хамгаалалт гээд Монгол төрийн сүүлийн 20 гаруй жилийн бүх зөрчил энд давхцан харагдах аж.

Зургийн тайлбар: АМГТГ-ын Кадастрын бүртгэл, агуй судлаач доктор Э.Авирмэд нарын судалгааны эх сурвалжид үндэслэн Цагаан дэл орчмын кадастрын өгөгдлийг хиймэл оюун ашиглан бэлтгэв.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Цагаан дэлийн ойр орчимд лиценз олгосон. Дараа нь агуйг хамгаалах гэж оролдсон. Энд “Дугуй-Уул”, “Дунфанлунма”, “Эм Си Ти Ти”, “Экилешия”, “Мөнхболор хүрээ” зэрэг компани үйл ажиллагаа явуулдаг.
Нээлттэй бүртгэлээс харахад зарим нь БНХАУ-ын, зарим нь дотоодын хөрөнгө оруулалттай. Гэхдээ компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээлэл ойлгомжгүй байна. Шууд энэ мөн гээд зарлахад эргэлзээтэй мэдээлэл төрийн бүртгэлд байна. Уул уурхайн ил тод байдлын талаар Монгол Улс олон улсын санаачилгуудад нэгдсэн ч Цагаан дэл орчимд ажиллаж буй компаниудын бодит өмчлөлийн мэдээлэл үнэндээ бүрхэг аж.
Цагаан дэлийн тухай сүүлчийн тэмдэглэл бол компаниудын тухай биш юм. Компаниуд Цагаан дэлийн түүхийг эхлүүлээгүй. Бас төгсгөхгүй гэж найднам.
Эзэн олон ч хариуцлага ганц ч үгүй
Хамгийн хачирхалтай нь Цагаан дэл маш олон эзэнтэй ч яг хэрэгтэй үедээ эзэнгүй нутаг. Яагаад гэвэл, газрын доорх баялгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар хариуцна. Газрын хэвлий дэх агуйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамгаална. Соёлын өвийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэх учиртай. Харин газрын асуудлыг аймаг, сум шийднэ. Лицензийг АМГТГ олгоно. Компани олборлоно. Малчид амьдарна. Тэдний эрхийг ХЭҮК хамгаална. Цаашилбал шүүх маргаан шийднэ гээд л. Энэ бүх байгууллага нэг газрын төлөө өөр өөр үүрэгтэй.
Гэвч нэг нь ч бүхэлд нь хариуцдаггүй. Харин өөр хоорондоо шидэлцэх бөмбөг мэт Цагаан дэлээр даажин хийх аж. Энэ түүхийг он цагийн дарааллаар харахад илүү ойлгомжтой болно.
Цагаан дэл Байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсон. Гэвч хамгаалалтын шийдвэр лицензүүдийн дараа гарсан байв. Төр нэг гараараа ашиглах эрх өгсөн. Нөгөө гараараа хамгаалах тогтоол гаргасан.
Өнөөдөр эсрэг, тэсрэг энэ хоёр шийдвэрийн дунд Баттулгын гэр бүл амьдарч байна.
Төрийн бүтэлгүйтлийн цаана
Монголын төр Цагаан дэл дээр нэг удаа биш, олон удаа бүтэлгүйтжээ.
Эхнийх нь, төр агуйн үнэ цэнийг хожуу ойлгосон. Хоёрт, хэдий ойлгосон боловч хамгаалж тордох эрх зүйн зохицуулалтаа хийж чадаагүй. Гуравт, байгууллагуудын мэдээллийн сан хоорондоо холбогддоггүй, мэдээллээ солилцдоггүй. Дөрөвт, уул уурхайн компаниудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнүүд Азийн хэмжээний энэ агуйн үнэ цэнийг бүрэн тусгаагүй. Тавд, хүний эрхэд учрах эрсдэлийг олборлолтын эхэнд тооцоогүй. Зургаа дахь нь, өнөөдөр хүртэл нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийн тодорхой эрх зүйн тогтолцоо бүрдээгүй хэвээр байна.
Ийм олон алдаа гаргаж бүтэлгүйтсэний цаана институцийн алдаа байгаа гэсэн үг.
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Цагаан дэл бол Монголын байгалийн баялгийн хамгийн муу засаглалын хамгийн тод жишээ” гэж тодорхойлов. Түүний хэлснээр энд зөвхөн агуй сүйдэх эрсдэл үүсээгүй. Соёлын өв, байгалийн өв, нүүдэлчдийн уламжлалт бэлчээр, мал аж ахуй, хүний эрхийг нэг бодлогоор авч үзэж чадаагүй төрийн институцийн сул тал ил гарчээ. Энэ нь зөвхөн Цагаан дэлд тохиолдсон явдал биш. Маргааш өөр газар давтагдаж болох тогтолцооны гажуудал гэдгийг Н.Баярсайхан анхааруулсан.
“Global Witness” байгууллага жил бүр байгаль хамгаалагчдын эсрэг үйлдсэн хүчирхийллийн тухай тайлан гаргадаг. Тэр тайлангуудын гол санаа нь байгалийг хамгаалж буй хүмүүсийн өмнө дандаа нэг компани байдаггүй, ихэнхдээ сул институц, тодорхойгүй хариуцлага, эрх зүйн цоорхой байдаг гэж онцолдог.
Цагаан дэл ч ялгаагүй. Компанийн өмнө зогсож буй ганц малчин айлыг хараад асуудлыг дэнслэхэд хэцүү биш. Харин энэ бүхний цаана ажиллах ёстой байсан төрийн бүтцийг олж харах, засаж залруулна гэдэг амаргүй. Цагаан дэлээс авч болох хамгийн том сургамж энэ байх.
Тухайлбал, Цагаан дэл орчимд хэрэгжсэн уул уурхайн төслүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлангуудыг өөр өөр хугацаанд, өөр өөр зөвлөх байгууллага боловсруулсан. Гэвч Монголын хамгийн үнэ цэнтэй агуйнуудын нэг болсон Цагаан дэл эдгээр тайланд дурдагдсангүй. Үүнийг нэг зөвлөх компанийн алдаа гэж тохоход дэндүү ахадна. Харин Монголын байгаль орчны үнэлгээний тогтолцоонд соёлын өв, геологийн өв, хүний эрхийг хэрхэн үнэлдэг вэ гэсэн илүү том асуултад төр хариулах, бас хариуцах ёстой юм.
Системийн алдаагаа засаж чадахгүй бол нэг компанийн лицензийг цуцлахад дахиад нэг нь авна. Нэг лицензийн хугацаа дуусахад дараагийнх нь хүчинтэй үлдэнэ. Систем засагдаагүй бол асуудал арилахгүй. Төрийн хяналт сул, институт хоорондын уялдаа муу байгаа нөхцөлд хамгийн түрүүнд байгалийн өв үрэгдэж, энгийн иргэд чирэгддэг юм байна.
COP17-д хүрэх нэг агуйн түүх
Тун удалгүй Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын XVII бага хурлыг (COP17) зохион байгуулна.
Тэнд дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, бэлчээрийн менежменийг сайжруулах, байгалийн доройтлыг бууруулах бодлогыг талаар хэлэлцэнэ. Монгол Улс ч энэ бүхний талаар дэлхийд байр сууриа илэрхийлнэ.
Гэтэл Улаанбаатараас 300 гаруй километрийн зайд, төр өөрөө улсын тусгай хамгаалалтад авсан агуй уурхайн тэсэлгээний чичиргээнд өртөж, нэг малчин гэр бүл тэр их нүргээн дунд амьдарч байна. Үүнийг бид дэлхий нийтийн өмнө хэрхэн тайлбарлах вэ?
Төрийн хамгаалах ёстой байсан байгалийн өвийг өнөөдөр нэг айл хамгаалж байна аа гэх үү? Эсвэл Монгол Улс байгалийн баялагаа ашиглах бодлогоо түрүүлж хэрэгжүүлээд, байгалийн өвөө хамгаалах тогтолцоогоо араас нь байгуулж явна гэх үү?
СОР17-ын индэр дээр хэлэх үгнээс илүүтэй Цагаан дэл дээр гаргах шийдвэр Монгол Улсын байгаль хамгаалах бодлогын бодит үнэлгээ болно шүү дээ. Дэлхий нийт биднийг тавьсан илтгэлээр бус хийсэн ажлаар үнэлж дүгнэнэ.
Ерөнхий сайд аа,
Та уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг 2026 оны 5-6 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж, Засгийн газрын гишүүдээ олон аймаг суманд ажиллуулжээ. Гэвч энэ шалгалт Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлд хүрсэнгүй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд аа,
Та удахгүй дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчийг хүлээн авч, COP17-ын индрээс Монголын бэлчээр, цөлжилт, нүүдэлчдийн мэдлэг, байгаль хамгааллын тухай ярих болно. Гэхдээ тэр индэрт гарахаасаа өмнө нэг удаа Цагаан дэлд ирээрэй.
Энд төрийн хууль цааз, тайлан тооцоонд байдгаас өөр дүр зураг бий. Төрийн хамгаалалтад байдаг ч хамгаалагддаггүй агуй бий. Нүүх үү эсвэл үхэх үү гэсэн сонголтын дунд үлдсэн нэг малчин айл бий. Мөн 20 гаруй жилийн турш төрийн шийдвэрүүд хоорондоо мөргөлдөж, эзэнгүй орхисон нэг нутаг бий.
Цагаан дэлд өнөөдөр нурж байгаа зүйл нь зөвхөн агуй биш юм. Энд иргэдийн төрдөө итгэх итгэл нурж байна. Хуулийн засаглал нурж байна. Монгол уламжлал заншил нурж байна.
Цагаан дэл өнөөдөр төрөөс мөнгө хүсээгүй. Хэн нэгнийг шийтгэхийг ч хүсээгүй. Ганцхан зүйл хүсэж байна – Эзэнтэй төр. Лиценз олгохдоо ч эзэн нь байдаг. Соёлын өвөө хамгаалахдаа ч эзэн нь байдаг. Хүний эрхээ хамгаалахдаа ч эзэн нь байдаг. Хариуцлага тооцохдоо ч эзэн нь байдаг төр.
Цувралынхаа эхэнд бид нэг малчин айлын тухай бичсэн. Дараа нь нэг агуйн тухай бичсэн. Харин төгсгөлд нь Монголын төрийн тухай бичихээс өөр арга байсангүй. Энэ тэмдэглэл уншигдаад дуусвал Цагаан дэлийн тухай дахиад нэг тайлан нэмэгдэнэ. Харин Ерөнхий сайд, БОУАӨ сайд та бүхэн очиж үзвэл магадгүй Монгол төрийн хойд хормойноос унасан мэт үл тоогдсон энэ газарт эзэн нь эргэн ирэх эхлэл тавигдаж мэдэх юм.
Цагаан дэл өнөөдөр эзэнтэй төрийг хүлээж байна.