Хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн технологи, нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн аюулгүй байдал. Эдгээр нь энэ жилийн Германы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн бага хурлын гол сэдвүүд юм.
Дэлхийн эдийн засгийн хүчний харьцаа өөрчлөгдөж, технологийн өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Герман болон Ази, Номхон далайн бүсийн орнууд хамтын ажиллагаагаа хэрхэн шинэ шатанд гаргах вэ? Энэ асуулт Германы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн 19 дүгээр бага хурал (APK 2026)-ын гол хэлэлцүүлгийн нэг болж байна.
Аравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сөүл хотноо болж буй тус хуралд ХБНГУ болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын бизнес, улс төрийн салбарын 800 орчим төлөөлөгч оролцож байна. Хурлын гол сэдвүүдэд хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн технологи, худалдаа, эдийн засгийн түншлэл багтаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт нь технологийн өөрчлөлт дэлхийн бизнесийн харилцааг хэрхэн шинэчилж байгааг хэлэлцэх чухал талбар болж байна.
БНСУ дахь ХБНГУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KGCCI / AHK Korea) тус хурлыг зохион байгуулж байгаа юм. APK-ийн анхны хурал 1986 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 40 жилийн ойтойгоо золгож байна.
Хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх нь
Хурлын албан ёсны нээлтэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүк нар үндсэн илтгэл тавилаа. Тэд хоёр улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны ирээдүйн чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Хан Сон Сүк Герман, Солонгосын олон жилийн түншлэлийн харилцааг онцолж, хоёр улс бие биенийхээ давуу талд тулгуурлан хамтын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг итгэлцэл бүхий түншүүд гэдгийг тэмдэглэв.
Түүний хувьд APK 2026 нь зөвхөн санал бодлоо солилцох уулзалт биш, харин бодит хамтын ажиллагаа эхлүүлэх боломж юм.
“APK 2026 нь зөвхөн хэлэлцүүлэг өрнүүлэх талбар байхаас давж, бодит үйл ажиллагааг эхлүүлэх платформ болоосой гэж хүсэж байна. Бид шинэ нийлүүлэлтийн сүлжээ бий болгож, технологи, хөрөнгө оруулалтыг дэмжин, Солонгос, Германы төдийгүй Ази, Номхон далай болон Европын компаниудад бодит үр дүнд хүрэх боломж бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн тэрээр онцоллоо.

Харин Холбооны Канцлер Фридрих Мерц хоёр улсын технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам хийгдсэнийг онцолсон юм.
Тэрээр БНСУ, ХБНГУ-ын хооронд Өндөр технологийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай мэдэгдэж, уг хэлэлцээр нь микроэлектроник, үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан, робот техник зэрэг дараагийн үеийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах үндэс суурь болно гэдгийг тэмдэглэв.
Мөн дэлхийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлтийн үед улс орнууд эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлэх шаардлагатайг дурдсан юм.
“Шударга дүрэмд тулгуурласан худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр бид бие даасан байдлаа бэхжүүлнэ” гэж Фридрих Мерц онцоллоо.

Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт ба технологийн өрсөлдөөн
APK 2026-ийн эхний өдрийн хэлэлцүүлгүүдийн нэг нь дэлхийн хүчний харьцааны өөрчлөлт ХБНГУ болон Энэтхэг, Номхон далайн бүсийн эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай байв.
Хэлэлцүүлэгт Siemens компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Роланд Буш, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн сайд Ким Жун Кван, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Штефан Роуэнхофф, DHL Group компанийн Гүйцэтгэх захирал Тобиас Майер нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлт бизнесийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйн талаар санал солилцсон юм.

Үдээс хойших хөтөлбөрт хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд Unleash Live компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ханно Бланкенштайн болон Boehringer Ingelheim компанийн Гүйцэтгэх захирал Шашанк Дешпанде нар илтгэл тавьсан байна.
Хурлын хүрээнд хиймэл оюун ухааны салбарын шинэ компаниудыг дэмжих зорилготой AI Startup Award арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Энэ удаа БНСУ, Энэтхэг, Сингапур, Вьетнам, БНХАУ-ын таван стартап хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан байна.
Үйлдвэрлэлийн ирээдүйд хиймэл оюун ямар үүрэгтэй вэ?
Аравдугаар сарын 31-нд үргэлжлэх хурлын хоёр дахь өдрийн гол сэдвүүдийн нэг нь үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан юм.
Энэ сэдвээр NAVER компанийн Гүйцэтгэх захирал Чой Су Ён, Siemens компанийн Ерөнхийлөгч Роланд Буш нар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Энэтхэг, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхол, Азийн бүсийн компаниудын санхүүжилт, үйлдвэрлэлийн бодлогын асуудлыг хэлэлцэнэ.
Мөн бизнесийн стратеги, эргэлтийн эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой байдал, компаниудын эдийн засгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг даван туулах чадавхын талаар өглөөний уулзалт, мэтгэлцээн, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах юм.
APK нь ХБНГУ болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын бизнес, улс төрийн удирдагчдыг нэгтгэж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын бизнесийн томоохон уулзалт юм. Энэ жилийн хурлын хэлэлцүүлгүүдээс харахад технологийн шинэчлэл, эдийн засгийн түншлэл, нийлүүлэлтийн сүлжээний асуудал нь бүс нутгийн ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлох гол чиглэл болж байна.