Миний бие өнгөрөгч долоо хоногт иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, сонгуулийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Монголын багт багтаж, Молдав улсад зохион байгуулагдсан туршлага судлах хөтөлбөрт оролцох боломж олдсон юм. Хөтөлбөрийн хүрээнд тус улсын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн төлөөлөл, баримт шалгах байгууллагуудтай уулзаж, сонгуулийн үеийн хуурамч мэдээлэл, гаднын мэдээллийн хортой нөлөөлөл, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиглэлээрх туршлагатай танилцлаа.
Нуулгүй хэлэхэд аяллын өмнө Молдавын талаарх миний төсөөлөл тийм ч тодорхой байсангүй. Эдийн засгийн хувьд Европын тэргүүлэх орнуудын нэг биш, Зөвлөлтийн дараах шилжилтээ туулж яваа, Европын Холбоонд нэгдэхээр зорьж буй улс гэсэн ерөнхий ойлголттой л очсон юм.Ингээд тэмдэглэлээ эхлэхээс өмнө уншигч танд ч бас тус улсын талаар багахан төсөөлөл өгье.
Бүгд Найрамдах Молдав Улс нь Зүүн Европт орших, ойролцоогоор 2.5 сая хүн амтай улс. Газар нутгийн хэмжээ нь Монголын Дорнод аймагтай ойролцоо ч тус улсын нэр сүүлийн жилүүдэд газар нутгийнхаа хэмжээнээс хавьгүй том шалтгаанаар олон улсын анхааралд өртөх болсон. Тэр нь Оросын нөлөө, Европын Холбоонд нэгдэх хүсэл, мөн энэ хоёрын дунд өрнөж буй мэдээллийн тэмцэл юм. Молдавын эдийн засаг Европын тэргүүлэх орнуудтай харьцуулахад даруухан хэвээр ч нэг хүнд ногдох ДНБ нь Монголтой ойролцоо түвшинд хүрсэн байна.
Гэхдээ энэ аяллаас надад үлдсэн хамгийн хүчтэй сэтгэгдэл эдийн засгийн үзүүлэлттэй огт холбоогүй байв.Кишинёвт өнгөрүүлсэн хэдхэн өдрийн дараа Молдавчууд ямар ирээдүй хүсэж байгаагаа зөвхөн ярьдаг биш, түүндээ хүрэхийн төлөө нийгмийнхээ бүх түвшинд хөдөлж эхэлжээ гэсэн мэдрэмж төрсөн юм. Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл нь өөр өөрийн чиглэлээр ажиллаж байгаа ч нэг зүг рүү харж байгаа нь мэдрэгдэж байлаа.Тэр зүг нь Оросын мэдээллийн нөлөөллийг бууруулж, Европын Холбоонд ойртох зорилго байв.
Нэг асуудлыг бүгд өөр өөрийн өнцгөөс харж байв
Хөтөлбөрийн эхний уулзалт Молдавын Соросын санд болсон юм. Ардчилал, хүний эрх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон жил ажилласан тус байгууллага өнөөдөр Молдавын Европын Холбоонд нэгдэх үйл явцтай холбоотой олон санаачилгыг дэмжиж байна.
Тэдний ярьж байгааг сонсоход Европын Холбоонд нэгдэх асуудал нь зөвхөн гадаад бодлогын сонголт биш байв. Харин хууль дээдлэх ёс, ардчилал, эдийн засгийн тогтвортой байдал, эрчим хүчний хараат бус байдал зэрэг олон асуудалтай салшгүй холбоотой байлаа. Олон нийтийн туйлшрал, гаднын оролцоо, мэдээллийн орчны эрсдэл зэрэг сорилтууд эцэстээ нэг асуултад хүрч байв.
Молдав улс ямар ирээдүй сонгох вэ?
Үүний дараа бид Watchdog.md байгууллагын төлөөлөл болон эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй уулзсан юм. Тэд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон Европын Холбоонд нэгдэх асуудлаарх ард нийтийн санал асуулгын үеэр илэрсэн зохион байгуулалттай нөлөөллийн ажиллагааны талаар танилцуулсан юм.
Уулзалтад оролцсон Ziarul de Gardă сонины сэтгүүлч Наталья Захареску 2024 оны сонгуулийн үеэр илэрсэн нөлөөллийн сүлжээний талаар ярив. Тэрээр хуурамч дүр бүтээн уг сүлжээнд нэвтэрч, оролцогчдыг хэрхэн элсүүлдэг, ямар зааварчилгаа өгдөг, ямар сувгаар мөнгө шилжүүлдэг байсан талаар баримт цуглуулжээ. Эрэн сурвалжлагын үр дүнд Оростой холбоотой сүлжээгээр дамжин 140 мянга орчим хүнийг санхүүжүүлж байсан байж болзошгүй ажиллагаа ил болсон байна. Сонгогчдыг мөнгөөр урамшуулах, жагсаал цуглаанд оролцуулах, цахим орчинд тодорхой агуулга түгээх зэрэг үйл ажиллагаа нь ганц нэг хүний санаачилга бус, нарийн зохион байгуулалттай тогтолцоо байсныг ил болгосон баримтууд харуулж байв. Энэ нь хуурамч мэдээлэл гэдэг цахим сүлжээнд тархдаг өнгөц мэдээллийн асуудал бус, мөнгө, улс төр, технологи, хүний сүлжээ нийлсэн өргөн хүрээтэй нөлөөллийн ажиллагаа болохыг баталж байлаа.
Уулзалтын үеэр би Натальягаас ийм баримтуудыг ил болгосны дараа ямар нэгэн дарамт шахалт ирээгүй юу гэж асуусан юм. Харин түүний хариултаас илүүтэй миний асуултыг гайхсан мэт хүлээж авсан нь санаанд үлджээ. Тэдний хувьд ийм төрлийн үйл ажиллагааг илчилсний дараа хууль хяналтын байгууллагууд асуудлыг шалгаж, оролцогчдод арга хэмжээ авах нь хэвийн зүйл аж. Тэр мөчид сэтгүүлчдийн зориг зөвхөн хувь хүний чанар бус, тэднийг хамгаалдаг институцийн орчноос урган гардаг гэдгийг илүү тодорхой ойлгосон.
Тус уулзалтаар нэг санаа дахин дахин хөндөгдөж байсан нь хуурамч мэдээлэл тарсны дараа залруулах бус, ямар өгүүлэмжүүд гарч ирж болохыг урьдчилан тайлбарлаж, иргэдийг бэлтгэх нь илүү үр дүнтэй гэсэн санаа байв. Олон жилийн суртал ухуулгын нөлөөг хэдхэн баримт шалгалтаар өөрчлөх боломжгүй учраас тэд урт хугацааны ойлголт, итгэлцэл дээр ажиллаж байна.
Стратегийн харилцаа холбоо ба төрийн хандлага
Сонирхолтой нь энэ ойлголтыг зөвхөн иргэний нийгмийн байгууллагууд биш, төр нь өөрөө ч хүлээн зөвшөөрсөн нь StratCom дээр болсон уулзалтаас мэдрэгдсэн юм.Тус байгууллагын дарга Ана Ревенко Оросын олон арван жилийн турш үргэлжилсэн суртал ухуулга нь зөвхөн мэдээллийн орчны асуудал биш, үндэсний хэмжээний сорилт болсон талаар ярьж байлаа. Тиймээс асуудлыг зөвхөн худал мэдээлэл няцаах байдлаар бус, стратегийн харилцаа холбооны түвшинд авч үзэж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд мэдээллээ хэрхэн хүргэх вэ, иргэдийн итгэлийг хэрхэн бий болгох вэ, олон жилийн турш тогтсон буруу ойлголтуудыг хэрхэн задлах вэ гэдэг нь бодлогын түвшний асуудал болсон байна. Магадгүй энэ л надад Молдавын талаар хамгийн их итгэл төрүүлсэн зүйл байсан байх. Асуудлаа нуух биш, нэрлэж чаддаг улс л түүндээ шийдэл хайж эхэлдэг.
Иргэдээ бэлтгэх нь хамгаалахаас дутахгүй чухал
Аяллын хөтөлбөрт багтсан дараагийн байгууллагууд болох Diez.md нь залуучуудад зориулсан дижитал хэвлэл мэдээллийн байгууллага бол, Promo-LEX нь сонгуулийн үйл явцын шударга, ил тод байдлыг хянадаг иргэний нийгмийн байгууллага юм.
Diez-ийн хэрэгжүүлдэг ахлах ангийн сурагчдыг сурвалжлагын ажилд оролцуулдаг хөтөлбөр, Promo-LEX-ийн сонгуулийн ажиглалтын тогтолцоотой танилцахад Монгол дахь зарим санаачилга бодогдож байлаа. Залуучуудад чиглэсэн дижитал суурьтай хэвлэл мэдээллийн төслүүд, сонгогчдын боловсролын хөтөлбөрүүд, сонгуулийн ажиглалтын иргэний нийгмийн сүлжээ манайд ч бий. Тиймээс тэдний хэрэгжүүлж буй ажлуудын давуу тал нь надад цоо шинэ гэхээсээ илүү тэдгээрийн хооронд бий болсон хамтын ажиллагаанд оршдог юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн. Молдавын Сонгуулийн ерөнхий хороонд болсон уулзалт энэ бодлыг улам баталгаажуулав.
Тус байгууллага сүүлийн сонгуулиудын үеэр Оросын зүгээс үзүүлсэн хууль бус нөлөөлөл, санхүүгийн оролцооны талаар хуваалцав. Үүний хариуд мэдээллийн аюулгүй байдал, нэр дэвшигчид тавигдах шаардлага, олон нийттэй харилцах харилцаа, улс төрийн намын санхүүжилт, гадаадад амьдарч буй иргэдийн сонгох эрх зэрэг асуудлыг хариуцсан зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа танилцуулсан юм.
Миний анхаарлыг хамгийн ихээр татсан нь тус хорооны дэргэдэх Сонгогчийн боловсрол, мэдээллийн төв байв. Тэд сонгогчийн боловсролыг зөвхөн сонгуулийн өмнөх ажил гэж үздэггүй. Харин цэцэрлэгийн наснаас эхлээд ахмад настан хүртэл бүх насны хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ.
Их ач холбогдолгүй ч, сонин болгоход Сонгуулийн ерөнхий хорооны дарга өмнө нь олон жил Promo-LEX-д ажиллаж байсан иргэний нийгмийн салбарын хүн байлаа. Энэ нь төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа зөвхөн баримт бичиг дээр биш, бодит амьдрал дээр хэрэгжиж байдгийн нэг илэрхийлэл мэт санагдсан.
Хөтөлбөрийн сүүлийн өдөр Армени, Гүрж, Украин зэрэг орны төлөөлөгчидтэй уулзахад бүгд өөр өөр нөхцөлтэй мөртлөө маш төстэй сорилтуудын тухай ярьж байв. Тэд бие биеэсээ суралцаж, мэдээллээ хуваалцаж, хамтран ажилладаг.Хуурамч мэдээлэл, гаднын мэдээллийн хортой нөлөөлөл нь зөвхөн нэг улсын асуудал биш болжээ. Тиймээс түүний эсрэг тэмцэх туршлага, мэдлэг ч мөн хил хязгааргүй болж байна.
Буцах замд төрсөн бодол
Буцах онгоцонд суухад би Молдавын тухай биш, Монголын тухай бодож байлаа. Молдав Европын хамгийн баян улс биш. Зарим үзүүлэлтээрээ Монголоос илүү гарахгүй ч байж мэднэ.
Гэхдээ энэ хэд хоногийн турш нэг зүйл дахин дахин мэдрэгдсэн нь тэд өмнөө байгаа асуудлаа нуухгүй ярьж, түүнийгээ хэн нэгний буруу гэж тайлбарлахаас илүү шийдэх арга замын тухай ярьж байлаа.
Монгол хүний хувьд энэ бүхэн нэг талаар тайвшрал, нөгөө талаар түгшүүр төрүүлсэн. Бид өнөөдөр Молдав шиг сонгуулийн үйл явцад чиглэсэн ийм хэмжээний гаднын нөлөөллийн ажиллагаатай тулгараагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ бид энэ асуудлыг хангалттай судалж, таньж мэдсэн бил үү гэсэн асуулт надад үлдсэн.
Сонирхолтой нь биднийг Молдавын туршлагаас суралцахаар очиход тэд харин Монгол дахь Хятадын нөлөөллийн талаар ихээхэн сонирхож байлаа. Бидний хувьд өдөр тутмын зүйл тэдэнд шинэ сэдэв байв. Харин тэдний хувьд олон жилийн турш судалсан зүйл бидэнд шинэ асуулт болж үлдэв.
Наргиж хэлэхэд, өөр нэгэн улсын дотоод дахь том гүрний нөлөөллийн талаар суралцахаар очсон би өөрөө “Молдавын нөлөөнд” багагүй автчихсан бололтой. Гэхдээ энэ нь улс төрийн сонголтын тухай биш. Харин асуудлаа хүлээн зөвшөөрч, түүнээс зугтах биш нүүр тулж, хамтаараа шийдэл хайж буй нийгмийн тухай сэтгэгдэл юм.
Магадгүй хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэх зүйл биш, өмнөө тулгарсан сорилтоо бодитоор харж, нэрлэж, түүнтэй тэмцэхийн төлөө төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл нь нэг чиглэлд хөдөлж эхлэхийг хэлдэг байж болох юм.
Ингээд бодохоор Бүгд Найрамдах Молдав Улс хөгжлийн замдаа нэгэнт оржээ.
Энэхүү туршлагыг өөрийн биеэр үзэж, суралцах боломжоор хангасан Нээлттэй Нийгэм форумд чин сэтгэлийн талархал илэрхийлье.