“Шидтэнүүдийн сургууль”,”Дөргөн хатан”, “Сүнстэй ярилцагч” номын зохиолч О.Өнөрцэцэгтэй ярилцлаа.
-Олон ном гаргаж байгаа харагддаг. Одоо хэдэн номтой болоод байна вэ?
-Одоо 14 дэх ном маань гарч байгаа. 2015 онд “Шидтэнүүдийн сургууль”-иа бичиж эхэлсэн. “Шидтэнүүдийн сургууль” найм дахь цуврал нь энэ өдрүүдэд хэвлэгдэж байна.
-Найман цуврал бичих сэдлийг юу танд өгөөд байна вэ?
-Үргэлжлүүлээд бичихгүй бол дуусаж өгөхгүй. Санаа нь бүрэн гарахгүй байсан юм. Орхичихвол дутуу алсан могой шиг болчих гээд. Тэгээд үргэлжлүүлж явсаар сая нэг төгсгөлөө хийлээ.
-Дээр нэг сайтаас хөөрхөн хүүгийн яриа уншиж байсан л даа. Худгаас ус авахаар явахдаа ч “Шидтэнүүдийн сургууль” -ийг уншиж явсан гэсэн.
-Үе үе номыг маань уншиж байгаа гээд мэдээлэл гарч ирэхээр нь би өөрөө ч “цочдог”. Түүний нэг жишээ нь худгаас ус авч явахдаа миний номыг уншаад, нөгөө гараараа усаа чирээд явж байсан хүү байгаа юм. Манай дүү энэ мэдээг хараад хэлэхээр нь л би мэдсэн. Тэр хүү их дурлаж уншаад, дараагийн цувралыг нь хүлээж байна гэж ярьсан байна лээ. Тэгээд энэ тухай бичсэн time.mn сайтын сэтгүүлчээс хаягийг нь аваад хүүд бусад цувралыг нь хүргэлтээр илгээсэн.
Эхлээд эгч нь уншсан юм билээ. Миний номыг дамжуулж уншдаг тохиолдлууд бас байсан л даа.
Гэр бүлээрээ олон улсаар аялдаг нэг монгол аялагч бас нэг удаа нүүр номд намайг таглаад “Манай хүүхдийн унших дуртай ном нь “Шидтэнүүдийн сургууль” гэсэн байхыг гэнэт нэг өглөө харж бас “шоконд” орсон (инээв). Тэр хүүхэд голдуу англиар уншдаг ч миний номыг монголоор уншсан юм билээ. Хүүхдийнхээ уншсан номуудыг зардаг гэсэн.
-Номын баяраар зохиолч О.Өнөрцэцэгийн асрыг зориод ээжийгээ дагуулаад ном авах гээд ирж байсан хүүхэдтэй ч таарч байсан. Үнэнч уншигч хүүхдүүд бас олон юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа.
-Миний уншигчид чимээгүй даруухан, зөгнөсөн мөрөөдсөн хүүхдүүд байдаг. Номын баяраар зарим хүүхэд зорьж ирнэ.

2019 оноос хойш би “Номын баяр”-т оролцож байгаа. Анх хөөрхөн жаахан хүүхдүүд ирж байснаа жил ирэх бүр томроод нэг мэдсэн том залуу болчихсон байдаг. Охид нь нүүр амаа буддаг болчихсон. Танигдахгүй шахам том болчихсон ирдэг.
Би өөрөө бүрэг хүн болохоор нүүр номдоо ч зураг нэг их оруулдаггүй. Хүүхдүүд ирээд “Хөөх ийм эгч байдаг юм уу” гэж гайхна. Зарим нь царайлаг залуухан хөөрхөн эгч байна гэж боддог шиг байгаа юм. (инээв)
-Зохиолч маань бас сэтгүүлчээр ажиллаж байсан. Сонин, сайтын ажлаас гараад номын мөр хөөсөн нь болж дээ гэж боддог уу?
-Тэгж бодогдох үе байдаг. Сэтгүүлчээр ажиллаж эхлэхдээ ч би аль хэдийн гуч гарч байсан. Эхлээд шууд бичихийг хүсдэг байсан ч сэтгүүлч болж байж номын ажил руу орохгүй бол болохгүй санагдаад. Сургуулийг нь төгсөх хэрэгтэй юм байна гэж бодоод өмнө нь сургууль төгссөн байсан болохоор Утга зохиолын дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр курст суусан юм. Тэгээд өөрөөсөө арав дүү хүүхдүүдтэй сурч, нэг юм зохиолч гэдэг мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ маш их баярладаг. Сэтгүүлчээр л ажиллахгүй бол шууд зохиол бичээд эхлэх боломжгүй. Тэгээд “Өдрийн сонин”-д орж байлаа. “Өдрийн сонин”-д маш их юм сурч, олон сайхан хүмүүстэй танилцсан. Б.Янжмаа эгчтэйгээ тэнд хамт ажиллаж байлаа.
Би бүрэг хүн болохоороо хүмүүс дунд бужигнах нэг их дуртай биш. Юмаа бичээд мухарт суух сонирхолтой. Гэртээ суугаад юмаа бичих гэхээр ажил хийж мөнгө олох хэрэгтэй байдаг. Тэгээд нэг, хоёр жил өөрийгөө эвдэх гэж их хичээсэн.
Гэхдээ зохиол бичсэн маань намайг харин “эвдсэн”. Сэтгүүлч байхаас илүү ганцаараа сууж зохиолоо бичихэд өөрийгөө илүү задалж чадсан.
Магадгүй энэ сүнсний маань туулах учиртай замнал байсан биз.
Зохиол дотроо инээж уйлж, баатруудтайгаа хамт үхэж амьдарч явахдаа өөрийгөө бас өөрчлөөд байдаг юм байна. Цаасан дээр л миний амьдрал буцалдаг.
-Өнөрөө маань амьдралын бужигнаанаас зайдуухан, өөр ертөнцөд амьдардаг юм шиг санагддаг шүү.
-Угаасаа өөр ертөнцөд амьдардаг гэж би боддог. Амьдралыг хажуугаас, ажиглагчийн байр сууринаас хардаг. Дунд нь хутгалдаад явахаар төөрчих гээд байдаг юм. Тэгээд л ажиглагч байр сууринаас хандахаас өөр аргагүй болдог юм билээ.
Сүнсний сэрэлтийн үед хүн заримдаа юу ч хийх зориггүй, хүсэлгүй болох үе гардаг юм байна л даа.
Мундаг явж байсан зарим хүнд ч нэг л өдөр ажил нь сонирхолгүй болоод, амьдрал утгагүй санагдаад, юу ч хиймээргүй болдог, сэтгэл гутралд ордог үе байдаг юм байна. Сүнс сэрэх гээд нийгмээс өөрийгөө тусгаарлах үе тохиодог. Тэр үедээ амьдралын боломжгүй бол амиа хорлочихдог тохиолдол ч гардаг юм билээ.
Ажил хийхийг хүсэхгүй байгаа юм чинь өөр яах ч билээ. Тийм үеийг даван туулахад ном надад их нөлөөлсөн.
Би бол гарахыг ч хүсэхгүй, амьдралын идэвхигүй болж байсан удаа бий. Эрүүл саруул залуу байсан ч ямар ч хүсэл мөрөөдөлгүй болчихсон байсан л даа. Ингээд суугаад байвал би ерөөсөө үхэх юм байна, гудамжинд гарах юм байна гэж бодогдсон.
Ядаж ном бичих гэж үзье гэж шийдсэн юм. Юунд дуртай байлаа гээд үндэс рүүгээ шагайдаг юм байна. Дунд сургуульд байхдаа бичих дуртай байв. Монгол хэл, уран зохиолын багш маань намайг их үнэлдэг. “Гоё шүлэг бичдэг” гээд яруу найргийн тэмцээнд оруулдаг байсан. Дунд сургууль төгсөөд утга зохиолын сургуульд орооч гэж зөвлөдөг байсан. Би тоондоо сайн байсан болохоор эдийн засагч болохыг хүсдэг байлаа.
Хожим сэтгэл гутралд ороод ирэхээрээ бичээд эхэлбэл өөрийгөө аварч магадгүй гэж бодогдсон юм. Тэр үедээ янз бүрийн юм их зүүдэлдэг. Зэргэлдээ ертөнцийн, цаг хугацаа, орон зайд баригдахгүй хөдөлж хувирч байдаг, бодит амьдралд байдаггүй юмс, сүнс их зүүдэлдэг. Түүнээсээ санаа авч зохиол бичиж эхэлсэн.
“Шидтэнүүдийн сургууль” гэж яагаад нэрлэсэн гэхээр далдад тийм сургууль байдаг гэж би зүүдэлсэн. Олон хүүхэд сурдаг, цайз шиг гоё байгууламжтай, сайхан газрыг харсан. Нөгөө талдаа шидтэнүүдийг хорьдог шоронтой. Үүнийг цаасан дээр буулгая гэхээр ихэнхийг нь мартсан учраас санаа аваад бичиж эхэлсэн дээ.
-”Шидтэнүүдийн сургууль” гэхээр Харри Поттероос санаа авсан байх гэж зарим хүн бодож магадгүй. Ингэхэд “Харри Поттер”-ийг уншиж сонирхов уу?
- Харри Поттер”-ийг уншиж үзье гэж бодсон ч ном нь жаахан нуршуу, зузаан санагдаад уншиж чадаагүй. Зарим хүн намайг “Монголын Харри Поттер бичсэн" гэж л байдаг. Эхэндээ “Тийм биш” гэдэг байснаа сүүлдээ маргахаа ч байсан. Номоо борлуулах л чухал шүү дээ.
-Эхний санаа бол зүүд зөнгөөс үүдэлтэй гэсэн үг үү?
-Сүнс маань ид шидийн ертөнцөөр аялдаг, астрал аялал хийдэг. Үзсэн харснаасаа санаа авч бичдэг. Ийм санаа зохиолын маань 30 хувьд нь ордог. Үлдсэнийг нь би түүнээсээ хөвөрдөөд биччихдэг.
-Сүнс ярихаар зарим хүн “юмтай” юм байна гэж хүлээж авч магадгүй. Саяхан кино сувгаас “Ордны сүнс” гээд олон ангитай солонгос кино үзсэн. Өс санасан сүнсийг замчлах гээд удган бөө нь үзэж тарж байдаг шүү. “Чам руу тэмүүлэх сэтгэл” гээд Хятад кинон дээр бас сүнсний хүчээ ашиглаж эрүүлждэг, дайтдаг, урт насалдаг жирийн хүмүүсээс өөр бурхны овгийнхон гарч байх юм. Данте Алигьерийн өнөө алдарт “Тэнгэрлэг туульс”-ыг уншсан чинь там диваажингаар аялсан найрагчийн тухай байх юм. Япон хэл үзэхэд “Японд алдартай сүнснүүд“-ийн зураг бэлгэнд ирэх жишээтэй. Сүнс маш даяаршсан сэдэв юм биш үү?
-Одоо Бумбын эрин ирж байна гээд байгаа шүү дээ. Хүмүүс өөрчлөгдөж байна. Шинэ үеийн хүүхдүүдийн сонирхол өөр, өөр түвшний сүнснүүд ирж байна. Хүнээс давсан чадвартай гол дүрүүдтэй анимэнүүд маш их дэлгэрч байна. Энэ бүхэн нэг ёсондоо далд ертөнцийг илэрхийлж байгаа юм. Бидний сүнсэнд ийм чадварууд байдаг шүү. Хүүхдүүд зөнгөөрөө үүнийг мэдээд байгаа юм.
Гэтэл аав, ээж нь энэ бүхнийг төсөөлөхгүй хүлээж авч чадахгүй байдаг. Цаашдаа хүмүүс сүнсээ судлах гэж улам хичээх болно. Сүнсгүй бол хүн зүгээр л нэг махан бие. Сүнс бол биднийг хөдөлгөгч мотор байхгүй юу.
-“Дуртай юмаа хийж байх үед сүнс чинь баярладаг” гэж сошиалаас пост харсан юм. Өвөл тууль хайлахыг сонсож суутал гэнэт огшиж баясах мэдрэмж төрсөн. Сүнс маань баярлаж байна даа гэж бодож байлаа.
-Сүнс баярлаж хөөрнө. Маш олон сүнслэг сургалтууд явдаг боллоо. Сүнсээ судлая гээд байна. Бидний дотор зөвхөн нэг сүнс байдаггүй. Хүнд долоон хүрд гэж байдаг байсан бол одоо 108 хүрдтэй боллоо. Гарын өндөгний хээг бүгдийг нь хүрд гэж үздэг. Хөлийн ул хүртлээ хүрдэн дунд байдаг. Бидний биед олон хас эргэлтүүд байдаг. Тэр болгон дээр нэг сүнс оршиж байдаг. Бидний дотор зорилгоо биелүүлэхээр ирсэн олон сүнс оршиж байдаг. Мах, яс, цусан сүнс, амин сүнс, үйлийн сүнс гэж бий. Махан сүнс махан биеийг өвдөж хавдуулахгүй байхыг хариуцдаг. Цусан сүнс ээжийн талаас ирдэг. Ясан сүнс ясыг хариуцаж байдаг. Амин сүнс амьд байхыг хариуцаж оршдог гэж үздэг юм байна.
Өвдөж хавдаад байвал өөрийн сүнстэй ярилцах хэрэгтэй гэнэ. Яагаад өвдчихөв юу нь болохоо байв гээд. Хүн төрөхөд аавын талын өвөг дээдсийн сүнснүүд ясан сүнсийг нь өгөөд, ээжийн талаас цусан сүнсийг нь өгөөд, амин сүнсийг нь дээд тэнгэрээс өгдөг гэх юм билээ.
Өвөг дээдсийн олон сүнс таныг зорилгоо биелүүлээч гэж сануулж байдаг. Гэтэл бид нийгмийн амьдралд хөл тавингуутаа төөрөлдөөд, сүнсний зорилгоо умартан, байр, машинтай болох ёстой юм байна. Загварлаг хувцаслаж байж хүн шиг харагдах юм байна гээд зорилгоосоо хазайгаад явчихаар бие нь өвдөж, янз бүрийн асуудал тохиолдож дохио сануулга өгч байдаг юм байна.
Тийм учраас л хүн хамгийн дуртай юмаа хийх учиртай гэж үздэг. Зураач, уран бүтээлчид сүнснийхээ зорилгын дагуу ажиллаж байдаг гэх юм билээ. Энэ амьдралдаа сүнсний зорилгоо олж мэдэх чухал юм байна.
-Та бас “Сүнстэй ярилцагч” гээд номтой. Сүнс судлаач гэж хэлж болох байх?
- Сүнслэг урсгалыг бий болгож байгаа зохиолчдын нэг гэж өөрийгөө хэлнэ. Шинэ эриний хүүхдүүдэд зориулж бичихийг зорилго болгодог.
-Сүүлийн үед сошиалд ч сүнсний энергиэ сайжруулах, цэвэрлэх гээд сүнсний боловсролын тухай их ярьдаг болжээ. Сүнсний эрин ирж байгаа гэж зарим хүн яриад байгаатай холбоотой юм болов уу?
-Тархины эрин үе дуусаад сүнсний эрин үе эхэлж байгаа гэж үздэг. Өнгөрсөн цаг хугацаанд шинжлэх ухаан хөгжиж тархинд их ач холбогдол өгдөг байлаа. Шинжлэх ухааны оргилд хүрлээ. Тархи нь сүнсээ дарангуйлж байсан. Гэтэл шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй олон зүйлсийг Буддын шашин тайлбарласан байдаг шүү дээ. Далд ухаан шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй мөртлөө гүнзгий хөгжчихөөд байгаа юм. Зүрх сэтгэл дээрээ төвлөрөх эрин үе ирж байна л гэсэн үг. Сүнсний эрин гэдэг маань тархиа жаахан хойш тавиад зүрх сэтгэлээ хөгжүүлье гэсэн хэрэг. Сүнс гэхээр сүг сүүдэртэй холбож болохгүй. Энэ бол зүгээр л биднийг амьдруулж байгаа тэр зүйл юм л даа.
-Олон хүн өөрийгөө, сүнсээ хүртэл таньж мэдэх гээд хичээгээд байгаа нь учиртай л юм байна?
-Сүнс гэдгийг судлахгүй бол болохгүй болоод байна л даа. Гадныхан судлаад кино, уран бүтээл хийгээд байна. Гэхдээ монголчууд сүнслэг ард түмэн шүү. Чингис хаан ч мөнх тэнгэрийн тухай ярьж байсан. Мөнх тэнгэртэй холбогдож байсан. Мөнх тэнгэр ивээг гэж одоо ч манайхан ярьдаг.
Мөнх тэнгэр гэдэг ойлголт далд ертөнцтэй холбоотой. Зөвхөн тархи нь удирддаг бус. Зүрхээрээ, сүнсээрээ удирддаг байсан. Тэр нь эргэж сэргэж байна.
13 дугаар зууны үеийн онгодууд улаачаар дамжуулан бууж судар бичүүлж эхэлсэн.
-Чингис хааны үеийн түүхийг өгүүлдэг Цагаан -Ова гээд алдартай онгод байдаг гэж хаа нэгтээ уншсан санагдаад байна?
-YouTube-д ”Зөв үү? Тав уу?” подкастаар ОвА онгод өөрийн түүхээ ярьдаг шүү дээ. Онгод өөрөө тэр подкастад оролцоод түүхээ ярьдаг.
-Бүр подкаст хүртэл хийдэг юм уу?
- Тийм ээ Хабул хаан, Чингис хаан тийм ийм байлаа. Би энэ дайнд ингэж оролцож явлаа гээд ярьдаг юм. Тэгэхээр энэ бүхэн далд ертөнц судалдаг хүмүүст бол ердийн үзэгдэл болсон.
-13 дугаар зууны үеийн түүх гэснээс өөрийн чинь “Дөргөн хатан” гээд номд Монголын нууц товчоонд товч дурдаад өнгөрдөг түүхийг задлаад маш тодорхой сонирхолтой өнцгөөр тайлбарласан байна лээ. Чингис хаан мориноос унаж өөд болсон нь Дөргөний явуулга байсан гэнэ. Өгөөдэй хааны уух юманд Фатима элдэв юм хольдог байсан гэдэг үнэн байх магадлалтай. Үнэхээр хаан бор дарсанд донтох нь өмнөөс нь эрх мэдлийг атгахыг хүсдэг Дөргөнд боломж олгосон байж ч мэднэ. Тэр тусмаа Дөргөний шадар туслах нь шулам гэж бараг л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Фатима байсан гэхээр үнэмшилтэй тайлбар байсан л даа?
- Тийм ээ. Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг уншиж, онгодуудын ярьсан түүхээс санаа авч, бичсэн юм. Монголын нууц товчоонд дурдсан үйл явдлуудыг дэлгэрүүлж тайлбарлаад бичсэн байдаг.
Би онгодын ертөнцөөс мэдээлэл авах их сонирхолтой. Үнэний хувьтай гэж хүндэтгэдэг, тэнд санаа авах юм их байдаг.
Дан түүх бол аргуун. Харин онгодын өгүүлсэн түүх бол их сонирхолтой, өдөр тутмын үйл явдлыг нь хүртэл өгүүлсэн байдаг. Тэгээд эндээс санаа авч “Дөргөн хатан”- аа бичсэн. Фатима болон Дөргөн хатны түүхийг их гоё дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм.
Дөргөн хатан одоогийнхоор бол их хор найруулж байсан. Цагаадай, Зүчийг ч алаадах гэж Фатимадаа хэлдэг байсан юм билээ. Харин Фатима нь Цагаадай, Зүч нарт хайртай. Цагаадай их гоё хаан байж. “Краш“ нь учраас алахаас татгалзсан байдаг. Зүчийн хувьд араб эмэгтэйчүүдэд сайн ханддаг байж. Эмэгтэйчүүдийн шүтээн байсан. Дайнд яваад ирэхээрээ бэлэг тараадаг байсан гэдэг. “Манай улсад ээлтэй хаан учраас би алахгүй” гэж Фатима аварсан юм билээ.
Бат хаан Дөргөнөөс болгоомжлоод хол байдаг. Дуудахад нь элдэв шалтаг хэлээд шадар хүнээ явуулчихдаг байж.
-Япончууд шулам Фатимагийн түүхээр хүүхэлдэйн кино хүртэл хийсэн байна лээ. Үнэхээр дэлхийн хүмүүст ч сонирхолтой түүх л дээ
-Бидэнд түүх нь бэлэн байгаа ч уран бүтээл, ном зохиол, кино хийж чадахгүй явж байхад чадалтайнууд нь энэ түүхийг хүмүүст хүргэж байна. Далд ертөнцийн гол дүрүүдийг судалсан онгодууд байна. Бууж ирээд түүхээ ярьж байна. Оюуны өмчийн асуудал бас бий.
-”Шидтэнүүдийн сургуул”-ийн сүүлийн дэвтэр бас онцгой санагдсан. Дунд сургуулийн онцгой чадвартай хүүхдүүдийн түүхээр эхэлсэн ч ертөнцийн эхлэл төгсгөлийг хүртэл хамарсан өргөн сэдэвтэй. Үнэндээ гайхаж алмайрахаар хэсгүүд ч байсан шүү. Энэ төгсгөлийг эхлэхдээ бодож байсан уу. Ер нь хэзээнээс төгсгөлийн тухай бодсон бэ?
-Зохиолчийн хувьд өсөж дэвжихийг хичээж явдаг л даа. Дандаа зүүднээсээ санаа авч, ойр зуурын юм бичээд байж болохгүй. Өргөн цар хүрээтэй бичихийг хичээдэг.
Далайцтай юм бичиж үлдээх сэн гээд хорвоо ертөнцийг ухаж онгичиж байна аа.
Өөрийнхөө хаа хүртэл бичиж чадахыг харж байгаа юм. Би биш миний сүнс бичиж байгаа гэж болно. Би өөрийнхөө үзэж туулсаныг бичье гэвэл амьдралаа л өгүүлнэ. Гэтэл сүнс бол агуу. Орчлонгийн үүслийг ч төгсгөлийг ч харж байдаг.
Сүнснийхээ хүчийг дайчлаад бичье гэж бодсон. Төвлөрсөн. Эхэндээ мэдээж ингэж төгсгөнө гэж төлөвлөж байгаагүй. Сүнслэг ертөнцийг үзэж судлаад яваа болохоор бичээд суухаар нүдний өмнө үйл явдал нь өрнөж байдаг. Түүнийг нь дагуулаад бичээд байхаар зохиол болчихдог. Гацаад ирэхээрээ сүнслэг багш, найз нөхдөөсөө тусламж авдаг. Зохиолын санаа ч бидний эргэн тойронд байж байдаг. Гагцхүү долгионоо тааруулж чадвал ямар ч зохиол бичигдэх боломжтой. Дэгээгээ шидээд ямар санаа ирэхийг хүлээж авдаг шиг байгаа юм аа. Тэгж л зохиолоо бичдэг болсон. Ерөөсөө төлөвлөхөө байсан шүү.
Зочин
3 hours ago