У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг үдэж өгдөг өдөр ч УИХ-ын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүд “номын дуу” сонсож байв. Тэд энэ удаа “Японы хууль зүйн техник”-ийн талаар сонслоо. Хууль зүйн техник нь эрх зүйн баримт бичгийг боловсруулах, дүрэм журмын талаарх мэдлэг юм.
УИХ-ын гишүүн дуучин, жүжигчин, малчин ч байж болно. Харин тэдний ард мэргэжлийн баг ажилладаг. Чанартай хууль “үйлдвэрлэх”-ийн тулд тэд гадаадын хуулиудыг ч судалдаг юм билээ.
УИХ-ын Тамгын газрын референт А.Амармэнд энэхүү танилцуулгаа Ямамото Цүнэюкигийн “Практик хууль зүйн техник” номоос бэлдсэн гэнэ.
Тэрбээр Токиогийн их сургуульд суралцаж байхдаа уг номыг ашиглаж байжээ. Номын зохиолч Ямамото Цүнэюки нь Японы Засгийн газрын Хууль зүйн товчоонд олон жил ажиллаж, тус товчоог тэргүүлж байсан хууль бүтээх ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн юм. Тэрбээр мөн Японы Дээд шүүхийн шүүгчээр ажилласан туршлагатай.
Японы хууль зүйн практикт тогтсон зүйлсийг уг номонд танилцуулжээ.
Эхлээд Япон улсын талаар товч танилцуулъя.
Япон улс төрийн байгуулалтын хувьд Үндсэн хуульт хаант засаглал, парламентын засаглалтай. Парламент нь хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим нь 465 гишүүнтэй. Зөвлөхүүдийн танхим 248 гишүүнтэй. Эрх зүйн бүлийн хувьд Ром, Германы эрх зүйн бүлд хамаардаг. (Монгол Улстай адилхан) Гэхдээ сүүлд Англи Саксоны эрх зүйгээс нэлээд авсан. Холимог маягтай. Эрх зүйн эх сурвалж нь Үндсэн хууль, хууль, Засгийн газрын тогтоол, яамдын сайдын дүрэм журам гэх мэтээс бүрддэг.
Японд жил бүр 80-90 хууль батлагддаг юм байна. Үүний 80-90 хувь нь өөрчлөлт. Манайхаар бол хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулдаг. 10-20 нь шинэ хууль байдаг гэсэн статистик бий.
Парламентын хоёр танхим нь “За” гэж байж хууль хүчин төгөлдөр болох ёстой. Хоёр танхимаар батлагдчихвал сүүлд батлагдсан танхимын тэргүүн Засгийн газартаа хүргүүлнэ. Засгийн газар нь бас тогтоол гаргаад, уг хуулийг нийтлэх шийдвэр гаргана. Тухайн хуулийг хэрэгжүүлэх гол сайд болон Ерөнхий сайд гарын үсэг зурж, Эзэн хаандаа өргөн барина. Өргөн барьсанаас хойш 30 хоногийн дотор Эзэн хаан гарын үсэг зурж тамга дардаг.
Тухайн жилд батлагдсан дарааллаар нь хуулийн дугаар олгодог. Дугаар нь нэртэй хамт хуулийг ишлэхэд дурдагддаг. Үүний дараа Засгийн газрын албан ёсны хэвлэл буюу манайхаар бол” Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгднэ.
Хэвлэгдсэнээс хойш 20 хоногийн дотор хүчин төгөлдөр болдог.

Хуульдаа албан ёсны нэрээс гадна нийтээр дуудах нэр өгдөг
Хуулийн нэр чухал. Хуулийн агуулгыг товч илэрхийлэх нэр сонгох ёстой гэж үздэг. Хэн хэрэглэх, мэргэжлийн салбарт хамаарах эсэхээс улбаалан оновчтой, богино нэр байх учиртай.
Үүнээс гадна нийтээр дууддаг нэр гэж бас байдаг. Манайхан ч Нийтийн албаны ашиг сонирхлын зөрчлийн хууль гэж байвал “Ашиг сонирхлын хууль” гэх мэтээр товчилж хэвшсэн шүү дээ.
Үүн шиг “Хуулийн нэр” болон “дууддаг нэр” гэдэг ойлголт Японы хуулийн практикт байдаг.
Хуулийн бүлэг, дэд бүлэг, анги, дэд анги зэрэгт хуваасан бол заавал гарчиг өгдөг. Жижиг хуульд бол гарчиг өгдөггүй.
Үндсэн зохицуулалт нь зүйл, хэсэг, заалтад хуваагдана.
Нэмэлт зохицуулалт нь хүчин төгөлдөр болох хугацаа, шилжилтийн зохицуулалт, бусад хуульд оруулах өөрчлөлт, дагаж мөрдөхтэй холбоотой асуудал манай хуулиудад бүтэц нь адил байдаг.
Японы хуучны хуулиудад зүйл заалтаараа дугаарлаад, 1-дүгээр зүйл, 2- дугаар зүйл гэх мэтээр явдаг байжээ. Сүүлийн үед нэмэлт заалтаасаа тусад нь зүйл, хэсэг, заалтыг дугаарлах болсон.
Нэмэлт заалт оруулахад зөвхөн нэмэлт зохицуулалтын дугаар өөрчлөгдөх гэх мэтээр техникийн хувьд хялбарчлах зориулалттай.
Үндсэн зохицуулалт дотроо бусад зүйл гэж байдаг.
Бодит зардлыг хамгийн багаар тооцож хураамж төлбөр авахаар заадаг
Нөхцөл заасан заалт бий. Зөвшөөрөл, эрх олгоход нөхцөл, хугацаа тогтоодог. Хураамж төлбөр авахаар бол бодит зардлыг хамгийн багаар тооцож авахаар заадаг. Энэ бол тогтсон хандлага.
Хариуцлага буюу шийтгэл ногдуулах заалт хамгийн сүүлд бичигднэ.
Хамгийн эхэлж бодох зүйл нь тухайн хариуцлагын заалт заавал орох шаардлагатай юу. Захиргааны хяналт тавих арга хэрэгслээр хэрэгжүүлэх боломжтой юу гэдэг асуултад заавал хариулах ёстой.
Тодорхойгүй байж болохгүй
Ийм тохиолдолд ийм шийтгэл онооно гээд маш тодорхой байх ёстой.
Тухайлбал “…-д заасан зохицуулалтыг зөрчиж, тайлан мэдээлэл гаргаагүй, эсхүл материал ирүүлээгүй, хуурамч материал ирүүлсэн, саад учруулсан, зайлсхийсэн этгээд…” гэх мэтээр маш тодорхой бичсэн байх ёстой.
Үйлдэл, шийтгэл тэнцвэртэй байх учиртай. Тухайн үйлдэлд тохирсон шийтгэл оноох. Мөн бусад хуульд заасан хариуцлагын заалттай тэнцвэртэй байх ёстой. Адил гэмт хэрэгт нэг хуульд хүнд шийтгэл ногдуулж, өөр хуульд хөнгөн шийтгэж болохгүй.
Давхар хариуцлагын зохицуулалтууд орж ирнэ. Хуулийн этгээдийн өмнөөс зөрчил гаргасан бол тухайн зөрчил гаргасан этгээд болон хуулийн этгээд буюу иргэнд холбогдох зүйлд заасан торгох ял ногдуулна.
Японд цалин хөлс нэмэх тохиолдолд хуулийн хугацааг урагшлуулах нь бий
Үндсэн бүтцээс гадна нэмэлт зохицуулалт байдаг.
Хүчин төгөлдөр болох хугацааг заадаг. Ихэнхдээ энэ хууль нийтлэгдсэнээс хойш зургаан сараас хэтрэхгүй хугацаанд Засгийн газрын тогтоолоор тогтоосон өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заадаг. Манайд бол бараг батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж нийтлэг заадаг.
Японд иргэнд давуу байдал олгох тохиолдолд хуулийн хугацааг урагшлуулах тохиолдол байдаг. Тухайлбал цалин хөлс нэмэх тохиолдолд хуулийн хугацааг урагшлуулдаг.
Хууль хүчингүй болгох заалтууд бас ордог. Тухайн хуулийг тэдэн жилийн дараа хүчингүй болгох, холбогдох бусад заалтыг хүчингүй болгох заалт оруулдаг.
Импортын хязгаарлалт тогтоох бол хууль батлагдахаас өмнө гэрээ байгуулсан хүмүүст нөхөн төлбөр олгодог
Шилжилтийн зохицуулалт хийж өгдөг.
Иргэдэд өмнө нь тогтсон эрх, байр суурийг хүндэтгэх ёстойг энэ номонд маш олон удаа анхааруулж бичсэн байгаа. Үе шаттайгаар нэвтрүүлэх чухал гэнэ.
Тухайлбал импортын хязгаарлалт тогтоох бол хууль батлагдахаас өмнө гэрээ байгуулсан хүмүүст нөхөн төлбөр олгох юм уу, өмнөх гэрээнд хамаарахгүй гэх мэтээр иргэдийг хохироохгүй байх талаас нь анхаардаг. Тусгай зөвшөөрлийн хувьд ч мөн адил. Тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлээд явж байсан хүмүүс тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан бол нэг жилийн хугацаанд тухайн бизнесээ эрхэлж болно гэх мэтээр зөвшөөрдөг байна.
Харин үүрэг хариуцлагад нухацтай ханддаг.
Иргэнд үүрэг ногдуулсан заалтыг өөрчлөх хүчингүй болгох бол тогтвортой үргэлжлэхэд анхаардаг. Өмнөх хуулийн үед хууль зөрчсөн үйлдлийг өмнөх хуулиар шийтгэдэг. Тухайн бүлэг нь хүчингүй болсон ч ийм зарчмаар шийддэг юм билээ. Манайд бол шийтгэлийг хөнгөрүүлсэн бол аль болох хөнгөрүүлсэн заалтыг барьж шийддэг бол Японы хуульд эсрэгээрээ байдаг.
Үнэлгээ хийхээ ч мартаж болохгүй.
Засгийн газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг харгалзан үзэж шаардлагатай гэж үзвэл судлагаа хийж, түүний үр дүнд үндэслэн шаардлагатай арга хэмжээ авдаг.
Хууль дотор хүснэгт “цохиж” явна
Жилд өргөн баригддаг хуулийн 80-90 хувь нь өөрчлөлт оруулах тухай хууль байдаг аж.
Япончууд хуульд өөрчлөлт оруулахдаа дөрвөн зарчим барих хэрэгтэй гэж үздэг.
Оновчтой товч өөрчлөлт хийх, өөрчлөх үг үсэг заалт, цэг таслалыг зөв эшлэх, зүйл бүрээр өөрчлөх, өөрчлөх нэмэх хасах аргыг зөв сонгох чухал гэнэ.
Манайд хуульд шууд өөрчлөлт орж ирэхээр юуг яаж өөрчилсөн нь тодорхойгүй байдаг. Японд шинэ, хуучин заалтыг заавал харьцуулсан хүснэгтээр харуулдаг.
Хууль дотор хүснэгт болж ордог.