Оролцогчдын сэтгэгдэл
Олон улсын парламентын өдөр “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье!” хөтөлбөрийн оролцогчид Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд батламж гардаж авсан юм
.
Уг хөтөлбөрийг санаачлагч, “Монголын Залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Манай хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтаа хийж байна. Энэ хүртэл амралтын өдрөө зориулж идэвхтэй суралцаж, бүтээлээ амжилттай хийсэнд оролцогчдодоо талархал илэрхийлье. Бид хөтөлбөрийнхөө иргэний нийгмийн хэсэг дээр ярилцаж байсан юм. Төр түшилцэх хувь заяа гэдэг. Ардчилсан улсад бол парламентаас гадна иргэний нийгэм, сэтгүүлзүй хоёр яах аргагүй мөн юм байна. Зөв газар нь дэмжиж түлхэж, буруу газар нь зогсоож оролцоог идэвхжүүлдэг хүмүүс бол бид өөрсдөө юм байна.
Заавал төрийн албан хаагч, улс төрч байх албагүй, ардчиллаа хамгаалахад оролцож байгаа хүмүүс төр түшилцэж байгаа гэсэн үг хэмээн ярилцсан. Манай оролцогчид 18-35 насныхан байгаа” гэлээ.
Оролцогч Г.Нямсүрэн “Сэтгүүлчээр арван жил ажиллаад иргэний нийгмийн салбарт хоёр жил болж байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж сэтгүүлчийн ур чадварын талаар шинэ мэдээлэл сонсож, хуулийн талаар сайн мэдээлэл авсандаа баяртай байна. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм бол нээлттэй засаглалын тулгуур багана. Богино хугацаанд агуулга, үр өгөөж өгсөн сургалт байлаа. Манай хөтөлбөрийн оролцогч дунд хуульчаар суралцах сонирхолтой хүмүүс бий болсон” гэв.

СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн оюутан Э.Наранханд “Парламент, улс төр надад хэтэрхий том хүнд, миний орж чадахгүй сэдэв юм шиг санагддаг байсан. Энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл хараад азаа үзэхээр шийдсэн юм. Хөтөлбөрт хамрагдаж хууль, сэтгүүлзүйн талаар гүнзгий мэдээлэл сонссондоо баяртай байна. Гайхамшигтай хүмүүстэй танилцаж хүрээллээ тэлсэн. Ирээдүйд парламентын сэтгүүлчээр ажиллахад түлхэц өгсөнд баярлалаа” хэмээн ярьж байлаа.
Спикерийн захиас

УИХ-ын дарга С.Бямбацогт хаалтын ёслолд оролцож, залуу сэтгүүлчдэд захиж хэлэх үг ч байлаа. “Парламентын ардчилал зөвхөн сонгуулиар хязгаарлагдахгүй. Ардчилал өдөр бүр хамгаалагдаж бэхжиж байх учиртай үнэт зүйл юм. Хамгаалах бэхжүүлэх хамгийн чухал баталгаа бол мэдээлэлтэй иргэдийн оролцоо. Иргэд мэдээлэлтэй байх үндэс нь чөлөөт хараат бус хариуцлагатай хэвлэл мэдээлэл билээ.
Тийм учраас сэтгүүлчид бол мэдээлэл дамжуулагчид бус иргэд парламентыг холбох гүүр болж байдаг. Та бүхэн олон нийтийн өмнөөс асуулт асуудаг. Та бүхэн шийдвэр гаргагч нараас хариуцлагатай байхыг шаарддаг. Иргэдэд төрийн үйл ажиллагааг илүү ойлгомжтой, сонирхолтой, хурц хэлбэрээр хүргэдэг. Энэ утгаараа сэтгүүлчид ардчиллын тулгуур багана юм.
Дэлхий даяараа парламентын ардчилал сорилттой тулгарч байна. Хуурамч мэдээлэл, туйлшрал, олон нийтийн үл итгэх байдал, цахим орчны элдэв нөлөөлөл парламентын нэр хүнд, ардчиллын чанарт нөлөөлөх болсон. Манай улсад ч парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага бий. Иймээс Монгол Улсын Их хурал ил тод, нээлттэй хариуцлагатай мэтгэлцдэг парламентын төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийж байгаа.
Яг одоо парламент УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын Хяналт шалгалтын тухай гээд өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, иргэддээ илүү нээлттэй, ил тод болох, оролцоог дэмжих, гишүүд маань сахилга бат, хариуцлага ёс зүйтэй байх асуудлуудыг хөндсөн хуулиудаа хэлэлцэж байна. Энэ бүхэн парламетын үйл ажиллагааг илүү ил тод болгох, иргэдийн оролцоог дэмжихэд чухал үүрэгтэй.
Нээлттэй парламент гэж юу вэ?
Бид нээлттэй ил тод, хамгийн гол нь иргэдээ оролцуулдаг байхыг хэлж байгаа юм. УИХ иргэдээ сонсъё. Хуулийн ямар хийдэл давхардал байна, бидний баталсан хууль иргэдийн амьдралыг зохицуулж чадаж байна уу үгүй юу.
Иргэдээ сонсож, ойлгоод асуудлыг засаж залруулахыг хичээдэг байж оролцоо хангагдана. Энэ үүднээс E-mongolia-д нээлттэй парламент цэс нээж байна.
Мөн УИХ-ын гишүүдийн ирц идэвхи оролцоог сар, өдөр, жилээр нээлттэй мэдээлдэг болж байгаа. Иргэдийн өргөдөл гомдол хүсэлтийг хүлээж авч байна. Энэ бүхэн нээлттэй парламент байх гол үндэс. Парламентын үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй хүрч, иргэдийн оролцоо санал бодолд тулгуурлан, хүлээлтэд хүрч ажиллаж чадвал нээлттэй оролцоотой байх бидний зорилго хангагдана.
Үргэлж эргэлзэж асуудаг байх, баримтыг шалгадаг, олон талын байр суурийг сонсдог хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйгээ чандлан сахидаг сэтгүүлч байгаарай хэмээн залуу сэтгүүлчдэд захив.
Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь зөвхөн УИХ, Тамгын газрын ажил бус иргэд парламентыг холбох гүүр болсон та бүхний оролцооноос бас хамаарна. Иргэдийн оролцоог хангахад та бүхэн бас түшиг тулгуур юм шүү гэж бас онцолсон.
Талархал илэрхийлэх хүмүүс мундахгүй
Хөтөлбөрийг зохион байгуулагчдын нэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд талархал илэрхийлэх хүн мундахгүй олон байв.
Энэ хөтөлбөрийг санаачлан хамтран хэрэгжүүлсэн Монголын “Залуучуудын эвсэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэмжиж тусалсан Азийн сангийн хамт олонд баярлалаа. Швейцарийн хөгжлийн агентлагийг дурдахгүй өнгөрч болохгүй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, дуу хоолойг хүргэж, эцсийн бүтээгдэхүүн болох хуульд та бүгдийн мөрөөдөл, үнэт зүйл шингэхэд энэ хоёр байгууллага их хувь нэмэр оруулсан.
УИХ-ын дарга С.Бямбацогт дэмжсэн. Ирээдүйн сэтгүүлчид, залууст Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын Хяналт шалтгалтын тухай хуулийг танин мэдүүлэх нь чухал юм байна шүү гэж энэ хүрээнд та бүхний сургалтын хөтөлбөрийг боловсруулсан юм шүү.
Нэг хууль онцлог байсан. УИХ бол төлөөлөх, хууль батлах, хяналт тавих гэсэн чиг үүрэгтэй. Хянан шалгах чиг үүрэг сул, учир дутагдалтай байсан. Иргэний нийгмийн залуус маань бидэнд иргэдэд хяналт шалгалт чухэл. Энэ хуулийг мэдэж байж иргэд хяналтаа тавина. Оролцоотой байна гэсэн юм. Гурван жилийн өмнөх анхны хөтөлбөрийнхөнд ч өнөөдрийн та бүхэнд ч Хяналт шалгалтын хууль хэрхэн яаж өөрчлөгдсөн ямар үр дүн авчирсан талаарсургалт орсон нь ийм учиртай” хэмээн онцолж байлаа.
УИХ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд

Хаалтын хөтөлбөрт төгсөгчдийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өрөөндөө хүлээж авч уулзна гэсэн байсан. Албан бус яриа өрнөсөн энэ хэсэгт Л.Өлзийсайхан найрсаг эзний ёсоор өрөөгөө танилцуулав.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын өрөөний хоймор хэсгийг хуучны том модон ширээ эзэлжээ.
Ерөнхий сайд асан Д.Содном гуай ажиллаж байсан ширээ гэнэ. Ширээний цаадах хананд Чингис хааны хөрөг, бас нөгөө хананд ажлын төлөвлөгөө элдэв бичиг цаасаар дүүрсэн самбар харагдав.
Түүний анх ордонд хөл тавьсан түүх С.Зориг агсантай холбоотой юм байна.
МУИС-ийн Хуулийн сургуулийн гуравдугаар курст байхдаа дөрвөн эрэгтэй оюутны хамт ордонд ажиллах урилга хүлээж авчээ. Таван шилдэг оюутан шалгаруулж, парламентад цалинтай дадлага хийлгэсэн юм. Тэдний нэг болж байлаа. Энэ саналыг ардчиллын алтан хараацай С.Зориг агсан тавьсан юм. Тэр үед С.Зориг агсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байв. Төгсөөд их сургуульдаа багшаар үлдсэн хэмээн хуучлав.
“Хуульчид бид өөрсдөө ч мэдэлгүй ёстой, үүрэгтэй гэсэн үг хэрэглээд байдаг. Шүүгч, прокурор хуульч эмэгтэйчүүдийн мэргэжлийн онцлог бий. Гэртээ байхдаа хүртэл өөрийн мэдэлгүй тушаагаад байдаг.Уг нь мэргэжлийн онцлогоо гэртээ гаргах нь зохисгүй л байгаа юм. Сэтгүүлч эмэгтэйчүүдийн хувьд ч гэртээ ажлаа яриад байхгүй биз. Мэргэжлийн онцлог байдаг байх аа хэмээн өрөөний эзэн яриа дэлгэв.
“Таны хичээлийн дараа хуульч болмоор байна” гэж зарим оролцогч хэлсэн. Манай энэ удаагийн суралцагчдын онцлог иргэний нийгэмд дуртай, хуульчаар сурах сонирхолтой болсон. Д.Тунгалаг, Т.Мөнх-Эрдэнэ Л.Өлзийсайхан гэсэн гурван краштай болсон хэмээн сургалтын зохион байгуулагч Т.Амарзаяа бас хуучилж байна лээ.
Хаалтын үеэр багуудын бүтээлтэй танилцсан. Хоёрыг нь дараах линкээр орж үзээрэй.
https://www.facebook.com/reel/1338253927749848
https://www.facebook.com/reel/1790493609146417