Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэриийн дагуу 1989 оноос хойш 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд энэхүү өдрийн зорилго оршдог.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье" уриаг дэвшүүлээд байна.

Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч байгаа хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирлын хэмжээ жилд дунджаар 2 их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байна.

Тухайлбал, хөгжлийн тусламжийн ердөө 2 хувь, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувь нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулагдаж байна.

Хөгжиж байгаа орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулсан нэг ам.доллар нь гамшгийн дараах хохирлыг арилгах арга хэмжээнд зарцуулах 4 ам.доллартай тэнцэж байна.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өсөн нэмэгдэж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд эрсдэлийг бууруулах санхүүжилтийг нэмэгдүүлье” хэмээн улс орнуудыг уриаллаа.

Монгол Улсын хувьд Гамшгаас хамгаалах хууль тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталснаар “Алсын хараа-2050”, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх ”Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг, Парисын хэлэлцээр зэрэг олон улсын бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэх аливаа гамшгийн үеийн удирдлага зохицуулалт, салбар дундын нэгдсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалт сайжирч, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэний үүрэг хариуцлага нэмэгдэж, алба хаагчдын эрхзүйн байдал дээшлэх нөхцөл бүрдсэн юм.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийхээр заасан бол 51.2-т Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулахаар тусгаад байна.


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-д гамшгийн эрсдэлиийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг харилцан уялдаатай хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгийн эрсдэл, эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг чухалчилсан.

Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг нь оролцогч талуудын нөөц, бололцоо, үйл ажиллагааг гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглүүлэх, тэдгээрийн харилцан ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангахад чиглэгдэж байна.

Япон улсад 2015 онд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлын үеэр НҮБ-ын гишүүн 187 улс орон Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх ”Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг батлан гаргасан юм.