УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч, судлаач Г.Эрдэнэбат хуулийн төсөл эх баригч зөвлөхүүдэд “Дизайн сэтгэлгээ” сэдвээр ярьсаныг хүргэе.
Дизайн сэтгэлгээг манайхан зарим нь загварчлах сэтгэлгээ гэдэг. Ер нь монгол хэлээр хөрвүүлэхэд бага зэрэг асуудалтай.
Сэтгэлгээний олон загварын тухай хэдүүлээ нэг ойлголт авъя. Critical thinking гэдгийг монголчууд шүүмжлэлт сэтгэлгээ гээд байдаг. Агуулга нь нягтлах гэсэн үг л дээ. Санхүүгийн бүртгэл тооцоо хийдэг хүнтэй адил ня-бо гэлтэй биш. Уг нь юмыг шүүмжлэх ойлголт биш. Ямарваа зүйлийг шууд итгэж хүлээж авахын оронд баримт сэлтийг нь шалгаж нягтлах тухай ойлголт.
Үүнийг шүүмжлэлт сэтгэлгээ гээд байгаа юм.
Энэ сэтгэлгээ асуудал шийдэх арга барил, хандлага бий болгодог. Олон янзын сэтгэлгээ хүнд янз бүрийн чадварууд өгдөг.
Аливаад хандах хандлага нь асуудлыг шийдэх арга замыг тодорхойлж байдаг. Үүнээс болоод үр дагавар нь өөр өөр болдог. Зарим хүн асуудлыг гоё шийдсэн байхад зарим нь хэцүү шийддэг.
Хоёр хүн уулзаад маргахад зарим нь сайхан харилцаа үүсгээд явдаг. Асуудалд яаж хандахаас олон юм шалтгаалдаг.
Юунд яаж хандах нь яаж бодохтой холбоотой.
Хүн төрөлхтөн аливаа зүйлийг бодож сэтгэх аргыг сурч судалсан. Тархи толгойгоо ажиллуулах аргыг сурдаг юм байна. Энэ аргыг эзэмшвэл ид шидийн мэт бүтээж, өөр байж болдог юм байна гэдгийг нээсэн. Сэтгэлгээ хөгжүүлэх нь хүний суурь чадвар гэж тооцогддог.
Элон Маск гээд Америкийн айхавтар тэрбумтан бий.
Тэр абстракт буюу хийсвэр сэтгэлгээний ачаар дэлхийн хамгийн баян хүн болчихоод байгаа юм.
Өмнө нь пуужингууд сансарт хөөрөөд агаарт хаягдаж, хүмүүс нь шүхрээр буудаг байсан.
Тэр нь учир дутагдалтай. Хаа нэг газарт очоод буцаад ирье гэхээр пуужин байхгүй. Маш их өртөг зардалтай. Тэгэхэд Элон Маск бүтэшгүй юм шаардсан. Нэг удаа ашигладаг пуужингаа дахиж хөөрдөг болгохоор ноцолдсоор байгаад олон дахин хөөрдөг пуужин хийчихсэн. Одоо хүн төрөлхтнийг Ангараг гариг дээр буулгана гээд яриад байна.
Бас нэг аймаар баян хүн бий. Тэр дизайн сэтгэлгээний тусламжтайгаар баяжсан Стив Жобс гэж хүн юм. Зургийн аппарат, хөгжим тоглуулагч, утас энэ бүгдийг нэг л төхөөрөмжид багтаахыг хүссэн. Тэгээд өнөөдөр түгээмэл хэрэглэдэг iPhone зохиосон.
“Хүн халаасандаа олон төхөөрөмж авч явах утгагүй. Хүмүүс бүгдийг багтаасан ганц юм л барьж явах хүсэлтэй байна” гээд хамт ажилладаг хүмүүстэйгээ баахан муудалцаж сайдалцаж байгаад анхны iPhone зохиосон нь одоогийнхыг бодвол болхи ч хүмүүс утсаараа хөгжим сонсож, зураг авах боломжтой болсон. Бүх хэрэгцээ утсанд багтсан.
Гайхамшиг бүтээгчдийг өвөрмөц сэтгэлгээтэй гэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд сэтгэлгээний аль нэг арга барилыг эзэмшсэн байдаг.
Хүн төрөлхтөнд маш их амжилт авчирсан хоёр сэтгэлгээ бий. Нэг нь хийсвэрлэх сэтгэлгээ. Нөгөө нь бидний өнөөдөр ярьж байгаа дизайн сэтгэлгээ юм.
Дизайн сэтгэлгээ гэж юуг хэлээд байгаа юм бэ?
Хүний хэрэгцээнд тулгуурлан асуудлыг тодорхойлж, шийдэл гаргадаг сэтгэлгээний загвар юм.

Энд хуульчид голдуу сууж байна. Хуульчид асуудалд яаж ханддаг гэхээр хүн төрөлхтний бас нэг хүчирхэг сэтгэлгээ болох системийн сэтгэлгээгээр хардаг. Монголын нийгэмд аливаа асуудлыг шийдэхийн тулд ямар байгууллага, зохицуулалт, хэм хэмжээ хэрэгтэйг том зургаар нь бүхэл бүтэн тогтолцоог харж боддог. Системийн сэтгэлгээгээр хүн бол тогтолцооны нэг эд анги, деталь гэж хардаг учраас бидний хийсэн хууль хүмүүст таалагддаггүй.
Гэмт хэрэг гарна. Тэр хэргийг цагдаа шалгана. Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирэх ёстой. “Гомдлоо цагдаагийн байгууллагад гаргана” гэж бичнэ гэх мэтээр явчихдаг. Гомдлыг тухайн нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг цагдаа шалгана. Тийм учраас “Харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гомдол гаргана” гэж бичнэ.
Системийн талаас харвал бидний бичиж байгаа хууль тухайн хүнийг нааш нь цааш нь гүйлгэх байдлаар бичигддэг.
Гэтэл хулгайд эд зүйлээ алдсан хүний хувьд бухимдахаар юм болдог. “Хулгайд юмаа алдчихлаа” гээд цагдаагийн газарт очихоор “Уучлаарай, наадах чинь манай дүүргийн нутаг дэвсгэр биш байна, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс рүү яв” гэдэг. Цагдаад хандсан хүн би аль хэлтэст нь харъяалагддаг нутаг дэвсгэрт амьдарч байгаагаа яаж мэдэх юм бэ гээд уурлана. Прокурорт хандаж гомдол мэдүүлэх гэхээр “Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гомдлоо ахлах мөрдөн байцаагчид нь гарга л даа” гэдэг.
Энэ бидний системийн сэтгэлгээгээр бүтсэн хууль.
Бизнес хийдэг хүмүүс яадаг гэхээр би хэнд зориулж хийх вэ гэдгээ боддог.
Бараа бүтээгдэхүүнээ хүнд улам л тааламжтай болгохын тулд сайжруулж байдаг. Хэрэглэгчээ судлаад бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ.
Дизайн сэтгэлгээ буюу хэрэглэгч төвтэй сэтгэлгээ бизнес дээр маш амжилттай хэрэгждэг. Сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүний төлөө хэрэглэгч хэдийг ч төлөхөд бэлэн байдаг.
Сүүлийн үед улс орнууд хуулийг дизайн сэтгэлгээгээр хийх ёстой гэж үзэх болсон
Хууль бас нийгэмд үйлчилдэг. Монголын нийгмийн аливаа асуудлыг шийдэхийн тулд хууль гаргаж байгаа гэж бодоод хийгээд байсан. Нөгөө хуулийг нь хүмүүс дагадаггүй ээ. Ингэж болохгүй гэхээр зөрчдөг. Яагаад хогоо тэнд хая гээд байхад хаа сайгүй хаяад байгаа юм бэ.
Яагаад цагдаад хандаад асуудлаа шийдүүл гээд байхад лам руу очоод байгаа юм бол?
Бид хуулиа хэнд зориулж хийхээ бодоогүй байж. Аливаа хуулийг хүнд зориулж байгаа учраас яавал хүмүүс хуулийг мэддэг, дагаж мөрддөг болох вэ гэдгийг анхаардаг болж эхэлсэн. Үүнийг бид хүн төвтэй хууль бүтээх арга барил, дизайн сэтгэлгээ гэж нэрлээд байгаа юм.
Ямар нэг асуудлыг шийдэх зохицуулалтын хэм хэмжээ гэхээсээ илүү хүнд зориулагдсан бүтээл шүү. Хүний хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдгээс эхлээд асуудлыг шийдье.
Гэмт хэргийн талаар гомдол гаргах гэж байгаа бол иргэн аль ч цагдаагийн байгууллагад хандаж болно.
Гомдол гаргахаар үйлчилгээ үзүүлж байгаа цагдаа нар нь хүлээж аваад энэ манайд хамааралтай, энэ өөр дүүргийнх байна гээд бие бие рүүгээ шилжүүлээд учраа олох арга барил руу шилжсэн.
Хохирсон хүний асуудлыг шийдэх гэж байж ийм үйлдэл хийх ёстой гээд тухайн хүнд даалгах хэрэггүй юм байна.
Тийм учраас хууль хийхдээ “Ямар хүний асуудлыг шийдэх гэж байгаа билээ” гэж асуулт тавиад хуулиа бүтээдэг байя.
Цагдаа, шүүх, прокурор, шүүхийнхнээр хууль хийлгэхээ болъё гэж манайхан бүгдээрээ ярьж байгаа шүү дээ. Цагдаагийнхан орж ирээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль хийхээр өөртөө амар хууль хийчихдэг. Тэгэхээр бид хууль хийхдээ хүмүүсээс асууя. Иргэний нийгмийнхнийг оролцуулъя. Хүмүүс юу хүсч байгааг судлая гээд байгаа нь энэ.
Өмнө нь мянга мянган жил хууль хийхдээ хуульчдын хэлээр хийж ирсэн.
Хууль зүйн бүх сонгодог философийн бүтээлүүд латин хэл дээр гардаг байсан.
Эхний хуулиуд латинаар байсан юм билээ. Хуульчид нь “Наана чинь ингэж бичсэн байна” гээд хүмүүст уншиж өгдөг байж. Тэр үед хүмүүс хуулиа дагадаг байсангүй ээ.
Тэгээд мөрдөх ёстой хууль чинь энэ шүү гээд өөр өөрийнх нь хэл дээр бичиж өгөөд сүүлдээ дундаж иргэн уншаад ойлгохоор энгийн хэлээр бичдэг болсон.
Дэлхийн улсуудын хууль яг л гал тогооны хэрэгсэл ажиллуулах заавар шиг энгийн хэлээр бичигдэх болсон.
Бараг манайхаас өөр мундаг хууль зүйн нарийн нэр томъёотой хууль байхгүй болж байгаа. Цагдаа энэ тэр нь уншаад мөрддөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тодорхой хэсгийг хууль зүйн нарийн нэр томъёо техникээр бичиж болно. Хүмүүс уншаад мөрдөх учиртай хуулийг бүр энгийн хэлээр бичдэг болсон.
Хууль ойлгомжтой болохоор хүмүүс мөрддөг юм байна.
Үүнийг дизайн сэтгэлгээ гээд байгаа юм.
Хууль нь хүндээ ойлгомжтой байх ёстой. Хүнд зориулагдсан байх учиртай. Дараа нь хүмүүс хуулийг ашиглаж асуудлаа шийдвэрлэхэд нь хүртээмжтэй хуулийн дэд бүтэц үүсгэх болсон.
Бусад улсууд шүүхээ хүндээ ойртуулаад “Иргэд хаана байна тэнд нь очьё” гээд англичууд гэхэд нүүдлийн шүүх ажиллуулаад , энд асуудал бөөгнөрөөд эхэлбэл тийшээ шүүхээ явуулаад хэргийг нь шийдэх болсон.
Тиймээс бид дизайн сэтгэлгээг баримталж яавал хууль зүйн үйлчилгээ хүмүүст хүртээмжтэй байхыг бодох хэрэгтэй болов.
Хамгийн хэцүү нь нөгөө хуулиа бараа бүтээгдэхүүн шиг байнга сайжруулж, шинэчилж байх шаардлагатай.
Нэг хууль гаргаад хуучны сайхан үгээр “Зуд нэг жилийнх, журам мянган жилийнх” гээд сууж таарахгүй.
Нийгмийн хувьсал өөрчлөлтийг дагаад инноваци нэвтрүүлж хууль зүйн үйлчилгээгээ уян хатан болгохгүй бол хүмүүст таалагдахгүй.
Хүн төвтэй сэтгэнэ гэж яахыг хэлж байгаа юм бэ?
Тухайн асуудлыг өөрийнхөө өнцгөөс бус бусдын нүдээр харахыг хэлдэг. “Олон талаас нь хар” гэхээр өөрөө энд тэндээс нь харахыг олон талаас нь харах гэж бодоод байдаг.
Нэг хүн хэзээ ч аливаа зүйлийг олон талаас нь хардаггүй.
Нас хүйс, амьдралын туршлага, боловсрол, эрх ашиг, ажил мэргэжил нь өөр хүмүүс тухайн зүйлийг хараад өөр өөрийнхөө байр суурийг тодорхойлохыг олон талаас нь харах гэж байгаа юм.
Бусдын оронд өөрийгөө тавина гэдэг тухайн хүнээс юу хүсэж байгааг нь асуухыг хэлж байгаа юм шүү.
Би жирийн иргэн гэж бодъё гэсэн ч 32 жилийн эрүүгийн салбарын туршлагатай Эрдэнэбат л боддог байхгүй юу.
Яаж гомдол мэдээллийг хурдан шуурхай авах вэ гэхэд Сүхбаатарын цагдаа тэнд байгаа гээд л бодно.
Тэгэхээр би хууль зүйн ямар ч туршлагагүй Нарантуул дээр наймаа хийдэг иргэний нүдээр асудлыг харж чадахгүй. Хүний оронд өөрийгөө тавина гэдэг санал асуулга явуулаад, судалгаа хийгээд, байр суурийг нь сонсоод, “Тэр талаас ингэж харагдаж байгаа юм байна” гэж ойлгохыг л хэлдэг.
Ингэж бусдын байр суурийг ойлгож авах нь (Empathy) буюу хүн төвтэй сэтгэлгээний суурь юм.
Үүний дараа бид асуудлыг тодорхойлж авах ёстой. Хуульч бид томоор хардаг зовлонтой улс. Дээр хэлсэнчлэн тогтолцооны сэтгэлгээгээр асуудлыг хардаг учраас “Хүн худалдах гэдэг нийгмийн тулгамдсан асуудал. Энд охид эмэгтэйчүүд хохирч байгаа” гээд ярьдаг. Гэхдээ тухайн хүний тулгамдсан асуудлыг хардаггүй.
Тийм учраас “Энэ хүмүүсийн хувьд ийм асуудал байна” гэдгийг тодорхойлж байж хүн төвтэй сэтгэлгээ эхэлдэг. Үүний дараа бусдад ашигтай шийдлийг бодож олох, жижиг алхмаар эхэлж туршин үр дүнг харах, хэрэглэгчтэйгээ хамт үр дүнгээ үнэлж хамтарч ажиллах замаар дизайн сэтгэлгээ буюу хүн төвтэй шийдэл , бодлого тодорхойлох ажил явна.
Хүн төвтэй сэтгэлгээгээр хандаж эхлэхэд асуудал өөрөөр харагддаг.
Гэхдээ системийн сэтгэлгээгээ хаяад хуулийг дандаа хүн төвтэй сэтгээд хий гээгүй шүү.
Асуудлыг нь хүн төвтэй аргаар тодорхойлсныхоо дараа Монголын нийгмийн тогтолцоог ажиллуулах гэж байгаа учраас одоо цагдаа, прокурор нь юу хийх билээ, Хөрөнгийн бүртгэлийн газар нь яах билээ гээд системийн сэтгэлгээ зайлшгүй хэрэгтэй.
Хувь хүн, иргэний асуудлыг шийдвэрлэхдээ асуудлыг тодорхойлохоос авхуулаад хүн төвтэй арга барилаас эхлэх ёстой гэж дэлхийн дадлага туршлагатай улсууд хэлээд байгаа юм.
Асуудлыг шийдэхийн тулд хэрэглэгчээ судалдаг. Асуудал болгон дээр тодорхой хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энд хэний эрх ашиг хөндөгдөх вэ, тэдэнд яаж нөлөөлөх вэ гэдгийг тооцох учиртай.
Ашигт малтмалын хууль хийж эхэлсэн цагаас орон нутгийн иргэдэд яаж нөлөөлөхийг тооцоогүй учраас өнөөдөр энд тэндгүй уул уурхайг эсэргүүцсэн тэмцэгч нартай болсон.
Орон нутгийн иргэдийн хувьд нөхөн сэргээлт гэж ямар байхыг анхнаасаа сонирхохгүйгээр хууль хийсэн учраас бөөн хэрүүл. Компанийх нь өнцгөөс харахаар нөхөн сэргээлт хийчихээд байдаг. Орон нутгийн иргэд нь болохоор “Юу ч хийгээгүй” гэдэг.
Дизайн сэтгэлгээний арга техникийн онцлог нь ямар нэг асуудлыг системийн түвшинд нь цогцоор нь өөрчлөх бус тодорхой асуудал болгоныг шийдсэн шийдлүүдийн цогц гэдэг байдлаар харах ёстой гэж үздэг.
Хуулиар нийгмийн харилцааг зохицуулахад гаргадаг хамгийн том алдаа бол дизайн сэтгэлгээний жижиг алхмуудыг тооцохгүй, нэг далайлтаар бүх асуудлыг шийдэх гэж зүтгэх хандлагатай байдаг. Аливаа асуудал жижиг алхмуудын нийлбэр байдаг.
1000 км нэг алхмаас эхэлдэг.
Одоо би нэг өөдрөг зүйл хэлье.
Мэргэжлийн нүдээр харвал хамгийн үл бүтэх хууль Тамхины хууль ш дээ.
Олон нийтийн газар тамхи татвал хэн яах юм. Тамхины хяналтын хуулийг хэрэгжих механизм буюу системийн сэтгэлгээгээр харвал бүтэхгүй. Хоолны газар тамхи татвал хэн торгох юм. Зоогийн газрынхан торгох эрх байхгүй. Эрх бүхий байцаагч торгоно шүү дээ. Ресторанд цагдаа зогсож байх юм уу?
Гэсэн ч хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль гээд байгаа юм.
Энэ хуульд нэг ид шид бий. Яагаад гэвэл хүмүүст таалагддаг. Хүмүүс тамхины утаатай орчинд байхыг хүсдэггүй учраас “Тамхины хууль гарсан ш дээ, чи одоо болиоч ээ” гээд байхаар арван цагдаагаас долоон доор. Тэнд байгаа бүх хүн харааж зүхээд байвал бушуухан тамхиа унтраахаас өөр аргагүй.
Олон нийтийн газарт тамхи татдаг зүрхтэй аавын хүү байхгүй.
Энэ хууль найдвартай хэрэгжнэ.
Хүн төвтэй сэтгэлгээ гэдэг хэрэг нь бүтвэл ийм амжилттай явдаг.
Бид энэ арга барилаар хууль бүтээх ёстой.
Би та нарт манай хууль тогтоох зааварчилгааг үзүүлье.
“Хуулийн төсөл боловсруулахын тулд эхлээд хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах ёстой”, тиймээ.
Хуулийн хэрэгцээ шаардлагыг тандан судлахдаа “Тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд аж ахуйн нэгж байгууллага, бусад этгээдийг тодорхойлох, тухайн асуудал үүссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох” гээд манай энэ аргачлал уул нь хүн төвтэй сэтгэлгээний арга барилаар бүтээгдсэн.
Бид хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлдэг. Хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хүний эрхийг зөрчиж байна уу, энэ хууль зорилгодоо хүрсэн үү?
Энэ хуулийг иргэд хүлээн зөвшөөрч байна уу. Үр дагаврыг нь хэрхэн хүлээж авч байгааг тодорхойлно гээд заачихсан.
Өөрөөр хэлбэл хууль бүтээх, дараа нь хуулийнхаа хэрэгжилтийг үнэлэх бүх түвшинд хүн төвтэй арга барилаар хандаарай гэдэг заавар журамтай.
Хамгийн эхэнд хэлсэнчлэн хүн асуудалд яаж хандахаас хамаараад түүнийг яаж шийдвэрлэх, ямар үр дагавар гарах нь өөр өөр байдаг.
“Хүн төвтэй ажиллаарай” гээд заавар, удирдамж байхад бид заримдаа хүн төвтэй ажиллахгүй байж чаддаг.
Цаашдаа бид хууль бүтээх ажилдаа дизайн сэтгэлгээний арга барил хэрэглэж заншвал иргэдийн амьдралд нийцүүлсэн, ойлгомжтой, хэрэгжих боломжтой хууль батлах юм. “Хүний хэрэгцээнд нийцсэн хууль баталвал хүмүүс түүнийг аяндаа дагаж мөрддөг” гэдгийг хэрэгжүүлэх боломжтой юм.
Дизайн сэтгэлгээ гэдэг хүний амьдралд тулгамдаж байгаа асуудлыг ойлгож, шийдвэрлэх хувилбаруудыг тодорхойлоод түүнийгээ иргэний сонголтод үндэслэж, хэсэгчилсэн байдлаар алхам алхмаар шийдвэрлэж хэрэгжилтийг нь тогмол үнэлэн, байнгын эргэх холбоотойгоор шинэчлэн хөгжүүлэх сэтгэлгээний арга, хандлага юм.
Манайд D-Parliament гээд вэб сайт байдаг. Тэнд хуулийн төсөл тавьдаг.
Иргэдийн саналыг хүлээж авдаг. Хэлэлцүүлэг явуулдаг. Яагаад Өргөдлийн байнгын хороо ажилладаг. Хүмүүс санал өгөхөөр хууль болгоно гээд хуульчилсан, олон нийтийн хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулаад, Хууль тогтоомжийн хуулиар тэр хуулийг хэлэлцэхээр заасан билээ.
Өнөөдөр яагаад бид иргэдээс санал авъя. Ажлын хэсгээ иргэний нийгмийн оролцоотой байгуулъя гээд байгаа юм бэ. Манай Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад ийм шаардлага тавиад байгаа юм бэ. Энэ бүхэн ерөөсөө л дизайн сэтгэлгээ шүү дээ.