“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамгаалах нь хуулийн зорилго байж болох ч хэрэгжүүлэх арга хэмжээ нь тэдний жагсаал, цуглаанд оролцох эрхийг хязгаарлах байж таарахгүй” хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сануулав.

Хүний эрхийг хязгаарлах арга хэмжээ болон түүний зорилго хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Хэрэв “А” хязгаарлалт хийвэл “Б” эерэг үр дүн гарах магадлалтай байх шаардлагатай. Гэтэл бодит байдал дээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зорилго хийгээд, үндсэн эрхийг хязгаарлахаар авсан арга хэмжээ нь логик уялдаагүй болж таарав.

Түүгээр ч зогсохгүй, иргэдийн анхааралд байдаг уг хуулийн бас бус заалтууд Цэцэд “бүдэрсэн” нь хүний эрхийн шалгуур хангаагүйтэй холбоотой.

“Хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлах боломжтой. Харин хязгаарлалт нь үндэслэлтэй байх ёстой” гэж илтгэгч онцолсон юм.

Хүний эрхийг хязгаарлахад зарчим, шалгуур тавигддаг.

Энэхүү шалгууруудын талаар хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүдэд ярихдаа хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан цагаа гамгүй зарцуулав. Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд “Үндсэн эрхийн хязгаарлалт ба тохирсон байх зарчим” сэдвээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга лекц уншсан юм. Өмнө нь тэрбээр энэ сэдвээр “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дээр ч ярьсан. Чанартай хууль бүтээх яриа хөөрөө ийнхүү үргэлжилж буй.

Уг сургалтыг Цэцийн гишүүн байсан Л.Өлзийсайхан хийх болсон нь ч учиртай. Тэрбээр энэ сэдвээр Цэцэд байхдаа суралцаж, Швейцарын Бернийн их сургуульд Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимд зочин судлаачаар ажилласан туршлагатай.

Тохирсон байх зарчим шинэ сэдэв ч эртний угшилтай. Аристотель, Аквины Томас нарын сэтгэгчдийн шударга ёсны үзэл сургаалд суурилжээ. Харин орчин үед эрх зүйн суурь зарчмуудын нэг болж хөгжиж буй.

Тухайлбал, Германд 19-20 дугаар зуунд цагдаагийн үйл ажиллагаанд энэ зарчмыг ашиглаж эхэлснээс хойш ийм нэр томъёо хууль зүйн шинжлэх ухаанд нэвтэрчээ.

Хүн баривчлах, цагдах, торгох шийтгэл ч “Тохирсон байх ёстой” гэдэг шаардлага эндээс үүссэн.

Германы Үндсэн хуулийн шүүх тохирсон байх зарчмыг үндсэн эрхийн хязгаарлалтад тавих шалгуур болгосон. Европын хүний эрхийн шүүх хэрэглэдэг. Европын дийлэнх улс орон буюу 30 гаруй улс, Азиас Солонгос зэрэг улс орнууд энэ зарчмыг хэрэглэдэг ажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ч энэ зарчмыг хэрэглэж үндэслэлээ тодорхойлж, шийдвэрээ гаргаж буй.

Парламент ямар учраас тухайн хуулийг баталж байгаа вэ гэдгээ ил тод хэлж байх ёстой. Ийм зайлшгүй шаардлага, үндэслэл байгаа учраас иргэн Таны үндсэн эрхийг ингэж хязгаарлаж байна гээд тайлбарлах хэрэгтэй болдог.

Бүдгэрсэн зорилго, хэт ерөнхий хязгаарлалт, ноцтой шийтгэл нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх эрсдэлтэй. Энэ эрсдлээс хамгаалахын тулд тохирсон байх зарчмыг хэрэглэх шаардлага үүсдэг хэмээн Л.Өлзийсайхан тайлбарласан юм.

“Төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг ЗӨВТГӨХ ёстой.

Хууль тогтоомжийн тухай хуульд ч хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхдээ уг зарчимд нийцсэн эсэхийг үнэлнэ гэж хуульчилсан байна.

Хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэхдээ тохирсон байх зарчмын дараах дөрвөн үндсэн шалгуурыг хэрэглэж болно. Үүнд:

  1. Хууль ёсны зорилготой байх;
  2. Уялдаатай байх;
  3. Зайлшгүй байх;
  4. Тэнцвэртэй байх хэмээн заажээ.

Тохирсон байх зарчмыг хэрхэн хэрэглэх талаар илтгэгчийн тайлбарласан нарийн ширийн зүйлсийг тоочилгүйгээр тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг тойрсон “босго даваагүй” жишээг онцолъё.

Хууль ёсны зорилготой байх

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтэд:

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан...” гэсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал цуглаанд сайн дураараа нэгдэх, оролцох эрхийг хязгаарлахаар байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Хууль ёсны зорилготой эсэх гэсэн шалгуураар энэ заалт “бүдэрсэн” гэсэн үг. Үндсэн хуульд заасны дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох заалтууд бий. Энд заасан “дайн сурталчлах, эмх замбараагүй байдал бий болгох” гэх мэт зорилгод мөнөөх хөгжлийн бэрхшээлийн улмаас жагсаал, цуглаанд оролцохыг хязгаарласан заалт нийцэхгүй юм.

Хязгаарлалт нь Үндсэн хууль, эсхүл олон улсын гэрээгээр зөвшөөрөгдсөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн “бодит зорилго” агуулсан байх ёстой. “Нийтийн сайн сайхны төлөө” гэх мэт хийсвэр уриа лоозон байж болохгүй.

Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасан үндсэн эрхийг хязгаарлаж болох үндэслэлд хамаарахгүй бол хууль ёсны зорилготой гэж үзэхгүй.

Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулах нь жагсаал цуглаан зохион байгуулж байгаа этгээдийг буруутай гэж үзээд хариуцлага ногдуулахад хүргэж байна вэ.

Хууль ёсны зорилго үүнд байна уу хэмээн илтгэгч асуугаад өөрөө түүндээ ийнхүү хариулав.

Хууль тогтоогч уг нь сайн санааны үүднээс өвлийн хүйтэнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулаад яах юм бэ гэж бодсон байж магадгүй. Гэтэл иргэд энэ заалт нь “ялгаварлан гадуурхсан” гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгэхээр зорилго ямар байх нь чухал байгаа биз гэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн хориглох заалт нь бүхэлдээ ийм.

“Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Уг заалтаар жагсаал цуглаанд оролцох эрхийг “хэт өргөн хүрээ”-гээр хязгаарласан тул үндсэн эрхийн хязгаарлалтыг зайлшгүй гэж үзэх боломжгүй юм.

Тэгэхээр бид томъёололоо маш их бодох учиртай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч эрхийнхээ төлөө тэмцэх эрхтэй. Тийм учраас хууль ёсны зорилго гэдгийг анхаарах учиртай.

Сонгосон хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц уялдаатай байх ёстой.

Энэ шалгуурт яагаад “унадаг” вэ гэхээр:

Хуульд заасан тунхгийн шинжтэй арга хэмжээ үр дүнгүй гэж үзнэ. Дотоод зөрчилтэй зохицуулалт байж болохгүй. Биелэх боломжгүй шаардлага тавьж болохгүй.

Дотоод зөрчилтэй заалт гэдэг дээр “Хууль зүйн техник” номын зохиогч нэгэн жишээ татсан.

Зоогийн газрын үүдэн дэх самбарт ийнхүү бичсэн байж. “Та бүхнийг манайд морилон ирж сайхан хоол зооглохыг урьж байна. Та орсон бол заавал хоол идэх ёстой шүү” гэсэн байж. Уриад эрх олгож байгаа мөртлөө заавал хоол идэх ёстой гэж үүрэг болгож. Хуулийн заалтууд ийм зөрчилтэй байж болохгүй.


“Иргэн жагсаал зохион байгуулах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэсэн заалт байя гэж бодъё. Бодитой биелэх боломжгүй учраас жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах зорилгод нийцэхгүй. Ямар далдыг хардаг хүн биш дээ сарын дараа жагсаал хийнэ гээд зөвшөөрөл авахаар явж байх уу?

Уялдаатай байх гэсэн шалгуураар авч үзвэл, дээрх хуулийн заалт мөн л “бүдэрч” байгаа юм. Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж жагсаал, цуглаан хийх эрхтэй. Аливаа жагсаал, цуглаанд нэгдэх, оролцох эрхтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар жагсаалд оролцох эрхийг хязгаарласан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглох зохицуулалтад шууд чиглэхгүй. Зорилготойгоо уялдахгүй байгаа юм.

Зайлшгүй байх шалгуурыг маш их бодох учиртай.

Хууль ёсны зорилгодоо хүрэх боломжтой хувилбарууд дундаас үндсэн эрхэд хамгийн бага халдсан аргыг сонгох шаардлагатай.

Заавал хуулиар зохицуулах ёстой юм уу гэж бид асуудаг. Гэр бүлийн хуулийн талаар Германы эрдэмтэд юу хэлдэг гэхээр “Гэр бүлийн харилцааны талаар маш олон хэм хэмжээ байдаг. Заримдаа хүний мөн чанарын, хайрын, сэтгэлийн, ёс зүйн, ёс суртахууны амьд харилцааөрнөдөг. Гэтэл тэр бүхнийг яагаад хуулиар зохицуулах гэж. Хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага бий юу гэдэг”.

Хэрэв ижил үр дүнтэй боловч илүү бага хязгаарлах хувилбар байвал сонгосон арга хэмжээг зайлшгүй биш гэж үзнэ.

Үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй биш, болно. Гэхдээ тэр нь хууль ёсны зорилготой байх ёстой. Уялдаатай байх учиртай.

Төр зөвхөн зайлшгүй тохиолдолд л үндсэн эрхийг хязгаарлана. Илүү хөнгөн аргаар зорилгод хүрэх боломжтой байхад хүнд аргыг хэрэглэх нь Үндсэн хууль зөрчнө гэж үздэг.

Үүнээс багаар хязгаарлаад ижил үр дүнд хүрч болох уу гэж бид хууль бичихийн өмнө бодож байх ёстой.

Энэ шалгуурыг хангахын тулд хувилбаруудыг судална. Боломжит хувилбаруудаа жагсааж үзнэ. Үр нөлөөг нь харьцуулна. Үндсэн эрхэд учруулах хор уршгийг тооцох ёстой. Эцэст нь, хууль санаачлагч хувилбаруудыг судалсан гэдгээ нотлох үүрэгтэй. Хууль тогтоогч яагаад үндсэн эрхийг хязгаарласан гэдгээ тайлбарлах үүрэгтэй гэж үздэг. Эрүүгийн ял шийтгэл бол төрийн хамгийн хүнд албадлага.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн хориглох зохицуулалт зайлшгүй эсэхийг шалгаж үзье.

Уг зохицуулалтаар жагсаал, цуглаанд оролцох эрхийг хэт өргөн хүрээгээр хязгаарласан байна. Тиймээс уг хязгаарлалтыг зайлшгүй гэж үзэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүчээр авчирч жагсаал, цуглаанд оролцуулсан бол хариуцлага тооцож болно. Түүнээс зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр архидан согтуурсан хүнтэй адилтгаж, эрхийг нь хязгаарлаж болохгүй шүү дээ.


Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг


Одоо уг заалт тэнцвэртэй байх шаардлага хангасан эсэхийг шалгая.

Хууль ёсны байх шаардлагыг хангаснаар хүрэх үр дүн нь хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангах ёстой.

Хувь хүнд ирэх дарамт, нийгэмд үзүүлэх нөлөө хоёрыг жинлэнэ гэсэн үг. Хэдийгээр авах арга хэмжээ нь тохиромжтой, шаардлагатай байсан ч хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал уг хязгаарлалт Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг.

Хязгаарлалт хэр удаан үргэлжлэх вэ, хэдэн хүнийг хамрах вэ, хэр их нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас тооцно. Магадгүй хязгаарлалт нь chilling effect буюу эмээх нөлөө үүсгэж болно.

Шууд хохирлоос гадна хүмүүс айдас болгоомжлолоос болоод эрхээ эдлэхээс татгалзаж болзошгүй.

Жишээ нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарлаад хариуцлага ногдуулбал “Ингээд хэлчихвэл буруудчих юм болов уу”, “Намайг баривчлаад аваад явчих вий” гэж эмээгээд үг хэлэх, шаардлага тавихаас болгоомжлох нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Тийм учраас тэнцвэртэй байгаа эсэхийг зайлшгүй шалгах учиртай.

Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг... нийгмийн... байдлаар ... нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн жагсаал, цуглаанд оролцсоны төлөө зохион байгуулагчид нь хариуцлага тооцох заалт оруулчихсан байна.

Энэ зохицуулалт нь хүнийг жагсаал, цуглаанд оролцох эрхийг нийгмийн байдлаар нь хязгаарласан төдийгүй, иргэдийн жагсаал цуглаанд оролцох, “тэгш эрхтэй байх” үндсэн эрхийн, тэгш эрхийн цөмийг хөндсөн байна. Эрхийн цөмийг хөндсөн нь тэнцвэртэй байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэл болно.

Сайхан зорилготой ч иргэнийхээ эрхийг хөндөх аюул хуулиар ирж болно

Эрхийн цөмийг хөндөх нь хамгийн ноцтой зөрчил.

За ингээд хэдүүлээ дөрвөн үндсэн шалгуураар шалгалаа. Нэг жишээн дээр дөрвүүлэнг нь шалгаж үзлээ. Гэхдээ заримдаа нэмэлт шалгуур орж ирдэг.

Хууль ялгаварлан гадуурхахгүй байх ёстой

Хууль, эсхүл бодлогоор тодорхой бүлэгт илт ялгамжтай хандахыг шууд ялгаварлан гадуурхах гэж үзнэ. Харин төвийг сахисан мэт боловч эмэгтэйчүүд, үндэстний цөөнх гэх мэт тодорхой бүлэгт тохирсон бус хүнд ачаа үүрүүлэх нь шууд бус ялгаварлан гадуурхсан хэлбэр болно. Ялгаварлал үүсгэж болзошгүй бол төр илүү хүчтэй зөвтгөх үндэслэл гаргах ёстой. Тэгш байдлыг хангасан өөр хувилбар байвал түүнийг заавал авч үзнэ.

Хуулийн төсөл боловсруулагчийн үүрэг: Хуулийн төсөл боловсруулахдаа нийгмийн эмзэг бүлэгт хэрхэн тусахыг тооцоолох нь тохирсон байх зарчмын салшгүй хэсэг юм гэлээ.

Илтгэгч Л.Өлзийсайхан “Бодож үзээрэй”, “Шалгаж үзээрэй”, “Бусад хувилбаруудыг судлаарай” гэсэн үгсийг олонтаа хэлсэн. Хуулийн төсөл боловсруулахад бодох, тооцох чухал юм билээ.

Америкийн алдартай хуулийн төсөл боловсруулагчаас нийт ажил үүргээ 100 хувь гэж үзвэл, хэдэн хувийг ямар ажилд зарцуулдаг вэ гэж асуухад 10 хувийг бичгийн ажилд, бусдыг нь бодож эргэцүүлэхэд зарцуулдаг гэж хариулсан гэнэ шүү.

Эцэст нь дурдахад, жишээнд дурдагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль өдгөө Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль хэмээх “шинэ дээлтэй” болж, шинэчлэгдэх явцыг d.parliament.mn-ээс харах боломжтой.