Л.Өлзийсайхан: Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох ч хангалттай үндэслэл, нотолгоогоор зөвтгөгдсөн байх учиртай
Иргэд ч мэдэх ёстой зүйл
Хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлах боломжтой гэнэ. Харин хязгаарлалт нь үндэслэлтэй байх ёстой.
Хүний эрхийг хязгаарлахад тодорхой зарчим, шалгуур тавигддаг байна. Хуулийн төсөл боловсруулагчдын хувьд ч шинэхэн уг агуулгыг иргэд мэдэж авбал хууль тогтоогчдод илүү хэрсүү шаардлагууд тавих боломжтой юм билээ. Иргэд хяналттай, хүчтэй байхын тулд хуулийн төсөл боловсруулагч нартай адил түвшинд “номын дуу” сонсоод авахад илүүдэхгүй хэмээн бодогдов. Ийнхүү УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы лекцийг тоймлон хүргэе.
Хуулийн чанарыг сайжруулах бодлогын хүрээнд УИХ-ын Тамгын газраас мэргэшсэн, чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн төсөл боловсруулагчдыг бэлдэхээр “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг уламжлал болгон явуулж буй.
Цагаан сарын өмнө (2026.02.10-13) явагдсан гурав дахь удаагийн сургалт хүний эрхийн асуудлыг хөндсөн бөгөөд “Үндсэн эрхийн хязгаарлалт: тохирсон байх зарчим” сэдвээр Л.Өлзийсайхан хичээл заасан юм. Хууль зүйн ухааны доктор, профессор тэрбээр хуулийн төсөл боловсруулагч нарт хүний эрхэд суурилсан хандлагаар хуулийн төсөл бичих “жор” хэлж өгнө лээ.
Үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд Үндсэн хуульд нийцсэн байх ёстой
-Өнөөдрийн сэдэв маань “Үндсэн эрхийн хязгаарлалт: тохирсон байх зарчим”. Энэ шинэ хичээл. Хуулийн практикт тохирсон байх зарчим, тэнцвэртэй байх зарчим гэж ярьдаг боловч бүтэн агуулгаар нь орж байгаагүй хэмээн Л.Өлзийсайхан доктор хичээлээ эхлэв. Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхүүдийг үндсэн эрх гэж ойлгох боломжтой бөгөөд үндсэн эрх бүр туйлын эрх биш байдаг. Туйлын эрх гэдэг нь аливаа хэлбэрээр хязгаарлаж үл болох үндсэн эрхүүдийг хэлж байгаа юм. Харин бид туйлын биш буюу хязгаарлалтад өртөж болох үндсэн эрхийн талаар ярина.
Монгол Улсын Үндсэн хуульд амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх зэрэг туйлын эрхийг баталгаажуулсан. Эдгээрээс бусад туйлын бус эрхүүд нь хязгаарлалтад өртөж болно гэж үзэж болох нь ээ.
Гэхдээ энэхүү хязгаарлалт нь эрх зүйн хангалттай үндэслэл, нотолгоогоор “зөвтгөгдсөн” байх учиртай.
Энд “хуулийн” үндэслэл яриагүй шүү. Эрх зүйн үндэслэлтэй байх тухай ярьж байна. Эрх зүй, хууль хоёрын хооронд ихээхэн ялгаа байдгийг бид мэднэ.
Тохирсон байх зарчим гэж үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлийг тогтоодог олон аргуудаас илүү үр дүнтэй нэг аргыг л хэлээд байгаа юм. Үүнээс өөр аргууд бий. Хууль зүйн шинжлэх ухаан ийм аргуудыг эрж, хайж олох бүрэн боломжтой. Гэхдээ одоогоор дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж байгаа нь “Тохирсон байх зарчим” юм.
Үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд тохирсон байх зарчмыг хэрэглэх нь яагаад чухал юм бэ гэдэг асуулт гарна. Үүнд гурван хариулт бий.
Зорилго нь зөв ч арга нь буруу байж болохгүй
Чанартай хууль гэдэг зөвхөн зорилго нь сайн байхыг хэлэхгүй. “Та бүхний сайн сайхны төлөө энэ хуулийг баталлаа” гэснээр тухайн хууль сайн болчихгүй. Товчоор бол, зорилго нь аргаа зөвтгөхгүй. Тухайн хуулийг хэрэгжүүлэх арга, журам, процесс баталгаатай байхыг шаардана. Урт хугацаанд тогтвортой үйлчлэх ирээдүйтэй, амьдралд тулгарч буй асуудал, харилцааг зохицуулж чаддаг хуулийг “чанартай хууль” гэж хэлж болно.
Тэгвэл үндсэн эрхийг хязгаарласан чанартай хууль бүтээх үндэс нь “Тохирсон байх” зарчимд нийцүүлэхэд оршино. Дахин хэлэхэд, энэ зарчим зөвхөн үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд яригдана шүү.
Өөрөөр хэлбэл, Та бүхний боловсруулсан хүний үндсэн эрхийг хязгаарлаж буй хууль “хангалттай үндэслэлтэй” эсэхийг ил тод тунгаан хэлэлцэх, ухаалаг үндэслэлүүдээр өөрийн боловсруулсан хуулийн төслөө “зөвтгөх үйл явц” гэсэн үг. Ийм учраас тохирсон байх зарчмыг “Зөвтгөлийн арга зүй” гэдэг.
“Төрийн эрх мэдэл ухаалаг үндэслэлээр дамжиж хэрэгжинэ” гэсэн шинэ хандлага бий болсон
Парламент ямар учраас тухайн хуулийг баталж байгаа вэ гэдгээ ил тод хэлж байх ёстой. Ийм зайлшгүй шаардлага, үндэслэл байгаа учраас иргэний үндсэн эрхийг ингэж хязгаарлаж байна гээд тайлбарлах хэрэгтэй болдог.
Орчин үед ардчилсан улс орнуудын төрийн эрх мэдэл уламжлалт маягаар хэрэгжих боломжгүй болсон.
Төрийн удирдлагын салбарт “Төрийн эрх мэдэл ухаалаг үндэслэлээр дамжиж хэрэгжинэ” гэсэншинэ хандлага бий болсон. Хуулиар, хүчээр, албадлагаар гэсэн уламжлалт ойлголтоос салах цаг ирсэн.
Бүдгэрсэн зорилго, хэт ерөнхий хязгаарлалт, ноцтой шийтгэл нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх эрсдэлтэй
Хууль тогтоогч өөрийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, нотлох үүрэгтэй. Энэ нь тухайн хуулийн улмаас бий болох үр дагавар, үр ашгийг ил тод харуулж, хүний эрх, нийтийн ашиг сонирхлын хооронд тэнцвэрийг хангахад тусална. Үүнийг хуулийн төсөл боловсруулагчид л хийдэг. Учир нь, та нар чинь бодит амьдралын асуудлыг эрх зүйн хэм хэмжээ болгон хувиргаж байгаа шидтэнүүд шүү дээ.
Бүдгэрсэн зорилго, хэт ерөнхий хязгаарлалт, ноцтой шийтгэл нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх эрсдэлтэй байдаг. Энэ эрсдлээс хамгаалахын тулд тохирсон байх зарчмыг ашиглаж байна. Аливаа юм хэмжээндээ байх нь зохистой. Зохицуулалт нь тодорхой. Хил хязгаартай байх ёстой.
Ийм чухал шаардлагаар Хууль тогтоомжийн тухай хуульд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөд хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд: тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тохирсон байх зарчмыг хангасан эсэх талаар нэмж тусгана гэж заасан байна. Энэхүү шинэ зохицуулалтын агуулга, түүний цаана орших онол, зарчим, үзэл баримтлалыг өнөөдөр Та бүхэнд тайлбарлаж байна. Өмнөх хичээл дээр тухайн хуулийн заалтын цаана байгаа онол, зарчмыг нэвт уншдаг болцгооё гэсэн дээ.
Нэгэнт Хууль тогтоомжийн тухай хуульд ийм нэмэлт, өөрчлөлт орсон учраас бид үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд энэ зарчмыг хэрхэн хангасан талаар зайлшгүй тусгана гэсэн үг. Үүний зэрэгцээ байгууллагадаа дүрэм, журам, захиргааны акт боловсруулахдаа ч энэ зарчмыг ашиглах боломжтой шүү.
Одоо тохирсон байх зарчмыг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг товч тайлбарлахыг хичээе.
Төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг зөвтгөх ёстой
Тохирсон байх зарчмыг олон янзаар тодорхойлсон байдаг. Хамгийн энгийнээр тодорхой бүтэц, шалгууртай зөвтгөлийн арга гэж ойлгож болно. Төр яагаад таны эрхэд халдах болсноо тодорхой үндэслэл нотолгоогоор зөвтгөж буй үйлдэл юм.
Эрүүгийн ял шийтгэл ногдуулах нь захиргааны арга хэмжээнээс илүү өндөр босго шаардана. Эрүүгийн хариуцлага ногдуулах гарцаагүй үндэслэлийг тогтоох ёстой. Олон талын судалгаа дүн шинжилгээ, эх сурвалжид суурилж нотолгоо, үндэслэлийг бүрдүүлнэ.
Өнөөдөр бодит байдал дээр хууль боловсруулахад хэлбэрийн талыг л голлох хандлагатай яваа. Энэ буруу практикийг засах ёстой. Хэлбэр гэдэг агуулга биш. Тийм ч учраас өмнөх хичээл дээр би хүний үнэр, хуулийн амин сүнс, эрх зүйн мөн чанар гэж ярьсан. Агуулга руугаа ор гэсэн л санаа.
Агуулгад анхаарвал хууль чанартай болно. Хуулийн төсөл боловсруулагчид хуулийн төслийнхөө чанарыг сайжруулаад эхлэхэд хууль тогтоогчдын арга барил дагаад өөрчлөгдөнө.
Тохирсон байх зарчим цоо шинэ зүйл биш юм. Эртнээс үүсэлтэй. Аристотель, Аквины, Томас нарын сэтгэгчдийн шударга ёсны үзэл сургаалд суурилсан байдаг. Харин орчин үед бол энэ зарчим эрх зүйн суурь зарчмуудын нэг болж хөгжиж байна.
Тухайлбал, Германд 19-20 дугаар зуунд цагдаагийн үйл ажиллагаанд энэ зарчмыг ашиглаж эхэлснээс хойш энэ зарчим хууль зүйн шинжлэх ухаанд орж ирсэн. Цагдаа хязгааргүй эрх мэдэлтэй биш гэж үзсэн байх нь.
Хүн баривчлах, торгох, цагдахад тохирсон байх ёстой гэдэг шаардлага эндээс үүссэн.
Үүний дараа Германы Үндсэн хуулийн шүүх үндсэн эрхийн хязгаарлалтад тавих шалгуур болгосон байдаг. Мөн Европын Хүний эрхийн шүүх өнөөг хүртэл хэрэглэж байгаа. Европын дийлэнх улс орон буюу 30 гаруй улс, Азиас Солонгос зэрэг улс орнууд энэ зарчмыг хэрэглэдэг. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн цэц ч энэ зарчмыг хэрэглэж үндэслэлээ тодорхойлж, шийдвэрээ гаргаж байгаа.
Гэхдээ энэ зөвхөн шүүх хэрэглэдэг зарчим биш. Тийм учраас Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхдээ уг зарчимд нийцсэн эсэхийг үнэлнэ гэж хуульчилсан байна.
Хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэхдээ энэ зарчмын дөрвөн үндсэн шалгуурыг хэрэглэж болно. Үүнд:
- Хууль ёсны зорилготой байх;
- Уялдаатай байх;
- Зайлшгүй байх;
- Тэнцвэртэй байх.
Гэхдээ эдгээрээс бусад шалгуурууд ч байх боломжтой.
Зорилго нь хийсвэр уриа лоозон байж болохгүй
Хууль ёсны зорилготой байх нь хамгийн эхний шалгуур. Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хууль эсвэл олон улсын гэрээгээр зөвшөөрөгдсөн нийгмийн ашиг сонирхолд нийцсэн, бодит зорилго агуулсан байх ёстой байдаг. Зорилго нь хийсвэр уриа лоозон байж болохгүй.
Хуулийн төсөл боловсруулагчдаа!
Тунхагийн шинжтэй хэм хэмжээ хийхгүй, гоё ганган чимин үгс хэрэглэхгүй, бодитой байх ёстой гэсэн үг шүү.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нийтлэг зорилгууд байдаг. Ялангуяа, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, НҮБ-ын Хүний эрхийн хороодын тайлбарыг сайн судалж байгаарай. Тэнд тодорхой зааж өгсөн байдаг. Жишээлбэл,
- Үндэсний аюулгүй байдал;
- Нийгмийн хэв журам;
- Хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун;
- Бусдын эрх, нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор үндсэн эрхийг хязгаарлаж болно гэж үздэг.
Хуулийн төсөл дэх үндсэн эрхийг хязгаарлаж буй заалт чинь ийм бодит зорилготой байвал хууль ёсны зорилготой нийцэж байна гэж үзнэ. Гэхдээ ерөнхий томьёолол хангалтгүй. Тодруулбал, "Нийгмийн сайн сайхны төлөө”, "Хүүхдийн эрүүл мэндэд учрах хохирлыг бууруулах" зэрэг зорилготой бол маш хийсвэр байгаа биз. Ийм зорилгоор бидний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлачихвал яах вэ. Бодож үзэх хэрэгтэй.
Мөн зорилго нь хэмжигдэхүйц, нотлогдохуйц байхыг шаардана. Хэрвээ ялгаварлан гадуурхах сэдэлтэй, хэт ерөнхий, тодорхойгүй зорилготой бол хууль ёсны зорилготой гэж үзэхгүй. Зорилго нь хууль ёсны биш бол дараагийн шат буюу уялдаатай байх, зайлшгүй байх, тэнцвэртэй байх зэрэг шалгуураар шалгах шаардлагагүй, энэ заалт хууль ёсны зорилго хангагдаагүй байна гээд шууд Үндсэн хууль зөрчих эрсдэлтэй гэж үзэх боломжтой.
Ингэж магадгүй, болзошгүй гэсэн хоосон таамаглал байж болохгүй
Хоёр дахь шалгуур буюу уялдаатай байх гэж юу болохыг цааш нь үзье. Энэ их чухал. Сонгосон хязгаарлалтын арга хэмжээ нь хууль ёсны зорилгод хүрэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц, уялдаатай байх ёстой.
Энэ нь юуг хэлж байна гэхээр арга хэмжээ болон зорилго хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой гэсэн үг. Бодит хувь нэмэр байх шаардлагатай. Зөвхөн онолын хувьд биш бодит амьдралд зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулах ёстой.
Биелэгдэх боломжгүй тунхгийн шинжтэй хязгаарлалтын арга хэмжээ байх ёсгүй. Ингэж магадгүй, болзошгүй гэсэн хоосон таамаглал байж болохгүй. Баримт, судалгаа, шинжээчийн дүгнэлт, олон улсын туршлагад үндэслэсэн байхыг шаардна.
Зайлшгүй тохиолдолд л үндсэн эрхийг хязгаарлана
Шалгуур 3 нь зайлшгүй байх. Хууль ёсны зорилгод хүрэх боломжтой хувилбарууд дундаас үндсэн эрхэд хамгийн бага халдсан аргыг сонгохыг хэлнэ. Хэрэв ижил үр дүнтэй боловч илүү бага хязгаарлах хувилбар байгаа бол сонгосон арга хэмжээг ”зайлшгүй биш" гэж үзнэ.
Гол санаа нь үндсэн эрхэд хамгийн бага халдах. Зайлшгүй тохиолдолд л үндсэн эрхийг хязгаарлана. Гэхдээ хуулиар хязгаарлана. Илүү хөнгөн аргаар зорилгод хүрэх боломжтой бол хүнд аргыг хэрэглэх нь Үндсэн хууль зөрчинө гэж үздэг.
Тиймээс үүнээс багаар хязгаарлаад ижил үр дүнд хүрч болох уу гэдэг асуултыг дандаа өөртөө тавьж байгаарай. Бусад улсын хууль тогтоомжийг ч харахад гэмгүй. Үр нөлөөг нь харьцуулж, Үндсэн эрхэд учруулах хор уршгийг тооцно. Хуулийн төсөл боловсруулагч боломжит хувилбаруудыг судалсан гэдгээ нотлох үүрэгтэй.
Хүрэх үр дүн нь хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хооронд тэнцвэр байх ёстой
Тэнвэртэй байх нь сүүлийн дөрөв дэх шалгуур. Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн нь хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангах ёстой. Үндсэн эрхийн хязгаарлалт уу, нийтийн ашиг сонирхол уу, хувь хүнд ирэх дарамтыг нийгэмд үзүүлэх үр нөлөөтэй нь жинлэж үзэх шаардлагатай болдог. Та бүхний бичиж байгаа заалт, дүрэм журам ч тэр, байгууллагын шийдвэрийг ч жингийн туухай дээр жинлэж үзэх учиртай.
Хэдийгээр арга хэмжээ нь тохиромжтой, шаардлагатай байсан ч, хэрэв хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал уг хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө. Хязгаарлалт ямар хүрээг хамрах, хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй.
Хичээлийн төсгөлд энэ зарчмыг хуулийн төсөл боловсруулахад хэрхэн хэрэглэх вэ гэдэгт анхаарал хандуулъя.
Америкийн алдартай хуулийн төсөл боловсруулагчаас нийт ажил үүргээ 100 хувь гэж үзвэл, хэдэн хувийг ямар ажилд зарцуулдаг вэ гэж асуухад 10 хувийг бичгийн ажилд, бусдыг нь бодож эргэцүүлэхэд гэсэн байдаг.
Тийм учраас юу юугүй хуулийн заалт бичихээсээ илүүтэй судалгаа дүн шинжилгээ, бодож эргэцүүлэхэд хангалттай цаг зарцуулаарай. Үүний тулд:
Нэгд, хуулийн төслийн үндэслэлийг сайн боловсруулах хэрэгтэй. Хууль ёсны зорилгыг тодорхойлж, яагаад одоогийн хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг үндэслэлтэйгээр тайлбарлах шаардлагатай. Ингэхдээ системийн болон дизайн сэтгэлгээний аргыг ашиглаж болно. Асуудлыг ямагт том зургаар харж байгаарай.
Хоёрт, нөлөөлийн үнэлгээг заавал хийнэ. Тодруулбал, үндсэн эрхийн хязгаарлалтаас үүсэх "зардал" болон түүний хэрэгжилтээс олох ”үр ашгийг” харьцуулж, бодитой үнэлнэ. Улсын Их Хурлын Тамгын газар ч хуулийн төслийн бүрдүүлбэр, ялангуяа агуулгыг хянаж үзэхдээ үүнийг анхаарах болно.
Гуравт, хувилбаруудыг тооцоолох. Ижил үр дүнд хүрч болох өөр хувилбаруудыг харьцуулж, яагаад энэхүү арга хэмжээ зайлшгүй болохыг нотлох шаардлагатай. Та бүхний боловсруулсан хуулийн төсөл, бүрдүүлбэрээс ийм мэдээлэл хайна.
Дөрөвт, сөрөг нөлөөг бууруулах, хамгаалах арга зам буюу хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоог хуулийн төсөлд тусгахад анхаарах ёстой шүү. Хууль түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэгжилтийг хянах процесс зэрэг иж бүрдэлтэй байх хэрэгтэй.
Аль ч улс орнуудын хуулийн төсөл боловсруулагчдад тулгардаг бэрхшээл нийтлэг байдаг.
Ажил олгогч буюу хуулийн төсөл захиалж байгаа албан тушаалтнууд “яаралтай, гялс, хурдал” гэдэг. Ийм нөхцөлд алдаа гаргах эрсдэл ихтэй. Иймд Та бүхэн бас өөрсдийнхөө нөхцөл, боломжийг тайлбарлаж хэлж байгаарай.
Ингээд хичээлийг дүгнэвэл,
Тохирсон байх зарчим бол энгийн нэг мэдрэмж биш, харин 4 үе шаттай, бүтэц дараалал бүхий нотолгоо, үндэслэгээ боловсруулах процесс юм.
Тийм учраас хамгийн эхний шийдэл рүү бүү үсэр. "Ижил үр дүнтэй, үндсэн эрхэд бага халдах арга байна уу?” гэж үргэлж асууж, хувилбаруудыг харьцуулахыг зөвлөе.
Мөн хязгаарлалт хэдий чинээ хүнд байна (эрүүгийн ял шийтгэл, бүхэлд нь хориглох), түүнийг нотлох шалгуур төдий чинээ өндөр байх ёстой.
Сайн боловсруулагдсан, нотолгоо, үндэслэлтэй танилцуулга, судалгаа, мэдээлэл нь хууль батлагдсаны дараа тухайн хуулийг Үндсэн хуулийн цэцэд хамгаалах, хэрэгжих хамгийн сайн баталгаа болно.
“Бид үнэхээр хариуцлагатай, чухал ажил хийдэг юм байна. Бас хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч, баталгаажуулагч гэдгээ байнга санаж ажиллаарай” хэмээн доктор Л.Өлзийсайхан лекцээ жаргаасан билээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах тухай Л.Өлзийсайханы лекцийг танилцуулсан албан ёсны, мэдээлэл өгөх, бүтээлч өнгө аястай. Уншигчдад хууль тогтоомжийн талаар мэдлэг өгч, эрхээ хамгаалахыг уриална. "Чанартай хууль", "хүний эрхийг хамгаалах" зэрэг эерэг үгс гол үзүүлэлт болно. Хууль, хүний эрх, засаглалын чиглэлтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Б.Янжмаа
Mar 20, 2026
“Төрийн мэдээлэл” бүтээгчдийн яриа
Яг 100 жилийн өмнөх энэ өдөр буюу 1926 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газрын албаны сэтгүүл " хэвлэгдэж байжээ.
Б.Янжмаа
Mar 12, 2026
Бидний амьдрал дахь парламентын боловсрол...
Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.
Б.Янжмаа
Mar 5, 2026
Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой
Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.
Pluma -с санал болгосон
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
bayaraa tsend
Oct 6, 2025
Т.Алтансүх: Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал
Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.
bayaraa tsend
Jul 23, 2025
Урам бол итгэл, найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлийн оргилд хүргэх “бамбар”
Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.
-Өнөөдрийн сэдэв маань “Үндсэн эрхийн хязгаарлалт: тохирсон байх зарчим”. Энэ шинэ хичээл. Хуулийн практикт тохирсон байх зарчим, тэнцвэртэй байх зарчим гэж ярьдаг боловч бүтэн агуулгаар нь орж байгаагүй хэмээн Л.Өлзийсайхан доктор хичээлээ эхлэв. Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхүүдийг үндсэн эрх гэж ойлгох боломжтой бөгөөд үндсэн эрх бүр туйлын эрх биш байдаг. Туйлын эрх гэдэг нь аливаа хэлбэрээр хязгаарлаж үл болох үндсэн эрхүүдийг хэлж байгаа юм. Харин бид туйлын биш буюу хязгаарлалтад өртөж болох үндсэн эрхийн талаар ярина.
“Төрийн эрх мэдэл ухаалаг үндэслэлээр дамжиж хэрэгжинэ” гэсэн шинэ хандлага бий болсон