Х.Хазира Сагсай сумын цэцэрлэгт тогооч хийхийн зэрэгцээ халал ааруул, шар тос, айраг боловсруулж худалдаалдаг хөдөлмөрч бүсгүй. Түүнийг өглөөний 8-17 цаг хүртэл үндсэн ажлаа хийж байх үеэр нөхөр нь үлдсэн ажлаа дааж аван ааруул, цагаан идээгээ боловсруулдаг. Харин хүүхдүүд нь хичээл, сургууль амрах үеэрээ тусалдаг гээд өрхийн үйлдвэрлэлийн сайн жишээг тодоор харуулж байна. Аймаг, сумандаа хэдийн танигдаж, олон захиалагчтай болсон төдийгүй Казакстан улсаас албан ажил болон аялал жуулчлалын шугамаар ирж байгаа хүмүүс түүний бүтээгдэхүүний тогтмол худалдан авдаг. Тиймээс цаашид казак ааруулыг олон улсад таниулж, экспортод гаргахаар зорьж байгаа тухай Хазира ярьж байлаа.
Хазира өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, хөдөлмөр, цаг хугацаагаа хөнгөвчлөхөөр тоног төхөөрөмж худалдан авчээ. Гэвч сумын төвийн цахилгаан эрчим хүчний хүчдэл, тог хүрэлцээгүйгээс зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чаддаггүй байна. Хэрэв цахилгааны хүчин чадлыг шийдвэрлэвэл, цаашид бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоосоо тоног төхөөрөмжөө улам өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжвэл цаашлаад нутгийн ард иргэд ажлын байртай болж, сум, орон нутаг хөгжих бодит хөшүүрэг болох юм.