Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний сарын голч цалин дунджаар 1.5 сая төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, 2014 оны эхний улиралд нэг иргэнд ногдох голч цалин сард 558 мянган төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр улиралд энэ дүн 2 сая 245 мянга болж нэмэгджээ.

Энэ үзүүлэлтээс харахад цалин орлогын хэмжээ арван жилийн хугацаанд 4 дахин өссөн байна. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралаас үүдэлтэйгээр бидний гар дээр авдаг мөнгөн дүн харагдаж байгаа шигээ өсөлтийг үзүүлж чадахгүйд хүрч, төгрөг үнэгүйджээ.

Арван жилийн хугацаанд юу өөрчлөгдөв?

Энд нэг жишээгээр илүү тодорхой тайлбарлая. 2014 онд голч цалин 665,400 төгрөг байхад нэг ам.долларын ханш 1818 төгрөгтэй тэнцэж байсан. Долларын ханшаар хөрвүүлэн тооцвол тухайн үед 665 мянган төгрөгийн цалинтай иргэн сард 336 мянган төгрөг авдаг байсан гэсэн үг.

2025 оны нэгдүгээр улиралд долларын ханш 3572 төгрөг байна. Дурдаж буй хугацааны статистик үзүүлэлтээр 2,2 сая төгрөгийн цалинтай иргэний орлогыг долларын ханшид хөрвүүлэн тооцвол тухайн иргэн сард дунджаар 630 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг.

Төгрөгөөр харвал сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллагсдын сарын голч цалин 1,5 сая төгрөгөөр өссөн дүнтэй байгаа ч энэ хугацаанд долларын ханш төгрөгийн эсрэг 1,770 төгрөгөөр чангарсныг хөрвүүлэн тооцвол голч цалин ердөө 437,800 төгрөгөөр өссөн байна. Голч цалингийн өсөлтийн нэг сая төгрөг нь ханшийн зөрүүнд идүүлж хөөс болжээ.

Цалин орлогын өсөлт нь бодит байдал дээр худалдан авалт, амьдралын чанарт нөлөөлж чадахгүй, хоосон тоо төдий зүйл болчихоод байна.

Тодруулбал, 2014 оны тавдугаар сард 1800 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2025 оны тавдугаар сард 3573 төгрөгтэй тэнцэж 2 дахин өссөн байна.

Сүүлийн арван жилд нэрлэсэн цалин 169 хувиар, хэрэглээний үнийн индексээр засварласан бодит цалин 31 хувиар, доллароор илэрхийлэгдэх цалин 17 хувиар өсжээ.

Цалин орлогын дүн хэмжээ сүүлийн 10 жилд өсөлтийн зам дээр чадах чинээгээрээ хурдалсан ч хичнээн хичээгээд ам.долларын ханшийн өсөлтийг гүйцэж чадсангүй. Үр дүнд нь та бидний авдаг цалин цаас болоод байна.

Нэвтрүүлгийг үзэх линк:

ТОЙМ ТОО “ХАНШИЙН ӨСӨЛТӨД ИДҮҮЛСЭН ЦАЛИН ОРЛОГО” энд дарна уу.