ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөрийн (IPDC) Монголын үндэсний хорооны энэ оны эхний хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Тус хороо нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын даргын 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/1 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулагдсан бөгөөд 2026-2028 онд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын Тэргүүн Б.Дуламхорлоо даргалж, төр, иргэний нийгэм, технологи болон хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс бүрдсэн 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаад байгаа юм.
Хурлаар хорооны шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж, ажиллах журам болон өмнөх үйл ажиллагааны товч мэдээлэлтэй танилцан, хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, тэргүүлэх зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ЮНЕСКО-гийн IPDC хөтөлбөрийн тухай
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр IPDC хөтөлбөр нь хөгжиж буй болон шилжилтийн орнуудын хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих, мэдээлэлд хүртээмжийг нэмэгдүүлэх, чөлөөт, олон ургальч хэвлэлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр бөгөөд олон улсын хамтын ажиллагааг энэ чиглэлд уялдуулдаг онцлогтой. Мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, ял шийтгэлгүй байдлыг бууруулах, сэтгүүл зүйн боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үнэн бодит мэдээлэл, итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм.
Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн тогтвортой байдал, хиймэл оюуны нөлөө, үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийг дэмжих экосистемийг бэхжүүлэх зэрэг стратегийн асуудлуудыг хэлэлцэв.
Холбоо барих
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны Нарийн бичгийн дарга
Б.Энхбилэг
И-мэйл: Enkhbileg@nestmongolia.org
Утас: 94151090
Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 20