Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн оролцогч залуу сэтгүүлчдэд ярьсан эхний сэдэв нь “Ардчилсан парламент ба хэвлэл мэдээлэл” байв.
Нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналтаас ардчиллын чанар хамаарах тухай том зургаар нь авч үзжээ.
Тэрбээр парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бус Үндсэн хууль, парламент судлаачийн байр сууринаас санал бодлоо хуваалцаж буйгаа онцлов. Энэ эмэгтэй МУИС-ийн Хууль зүйн сургуульд 18 жил багшилжээ.
Монгол Улс зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилсан

Яриагаа эхлэхийн өмнө монголын ардчиллыг хэрхэн дүгнэж байгаад анхаарал хандуулъя.
Лондонд төвтэй судалгаа, шинжилгээний “Economist Intelligence Unit” (EIU) гэх байгууллагын “Ардчиллын индекс”-ээр 2024 онд дэлхийн дундаж оноо түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч ардчиллын институтцид итгэх итгэл буурч байгааг харуулав. Ардчиллын институтци гэдэгт парламент ч,хэвлэл мэдээлэл ч ордог шүү дээ.
Ийм нөхцөлд парламентын нээлттэй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө улам чухал болж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдах, хүч нөлөө сулрах тусам төрийн үйл ажиллагааны ил тод байдал буурч, олон нийтийн итгэл алдагддаг.
Энэ индексээр Монгол Улс 2024, 2025 онд 10 онооноос 6.53 оноо авсан байна. Гэхдээ индексийн зарим үзүүлэлт өсөж байгаа гэсэн дүгнэлт бий. Тодруулбал, цахим шилжилт, иргэдийн оролцооны асуудал дээр манай улс амжилттай яваа. Энэ өсөлтийг тогтвортой хадгалж, суурь оноог ахиулахад парламентын нээлттэй байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал зэрэг үзүүлэлт чухал нөлөөтэй.
Өөр нэг судалгаатай харьцуулж үзье. “Varieties of Democracy” институтын 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 200 гаруй улс орноос 75 дугаарт оржээ. 2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81 дүгээрт жагссан бол энэ жил зургаан байраар урагшилсан. Уг тайланд дурдсанаар Монгол Улс зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилж 40 дүгээр байранд жагссан нь хамгийн өндөр ахиц болжээ. Хэвлэл мэдээлэл, парламент гэсэн хоёр институтци хамтарч ажиллаж, нээлттэй ил тод байж чадвал энэ үзүүлэлт өснө гэж найдаж байна.
Биднийг завгүй байхад …
Парламентын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих, олон нийтийн дуу хоолой, төлөөллийг төрийн бодлогод тусгах байдаг шүү дээ.
Парламент зөвхөн хууль баталдаг байгууллага биш. Ард түмний төлөөлөл, улс төрийн зөвшилцөл, олон нийтийн хэлэлцүүлгийн индэр байдаг. Парламентын үүсэл, хөгжлийн түүх ч ийм байсан. Эртний Афины үеийн хурал ч ард түмэн нийтлэг асуудлаа зөвшилцөж, ярилцах, тохиролцох утгатай байв.
Парламентын мөн чанар гишүүдээс бүрддэгт оршино. Гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Яагаад гэвэл энэ гишүүдийг бид бүгдээрээ сонгосон шүү дээ. Дуучин, тамирчин, хуульч, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс гишүүн болж болно. Тэд биднийг төлөөлөхөөр сонгогдож байна гэдэг бид завгүй гэсэн үг. Энд ажлаа хийж, тэнд бас багшилдаг байж болно. Бид өөр өөрсдийн ажилтай учраас 126 гишүүнд бидний амьдралыг зохицуулдаг хэм хэмжээ буюу хууль батлаач гэсэн үүрэг өгч илгээж байгаа гэсэн үг. Нийгмийн олон төлөөллөөс бүрдэж байгаа учир парламентад зөвшилцөл чухал байдаг.
Түүнчлэн парламентын мөн чанар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү парламент өөрөө хэрэгжүүлэхэд оршдог. Баталсан хууль нь нэг талаас бидний харилцааг зохицуулж, нөгөө талаас хамгаалж байгаа эсэхэд хяналт тавина.
Гүйцэтгэх эрх мэдэл баталсан хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад бас хяналт тавьдаг. Тиймээс парламентыг улс төрийн зөвшилцөл, олон нийтийн хэлэлцүүлгийн индэр гэж ойлгож болно.
Тойргоо ярих уу, намаа гэх үү, нийт улсын ашиг сонхирлыг илэрхийлэх үү? Тэнцвэрийг олох нь гишүүний чадвар
Ямар шинжээр парламентыг ардчилсан гэж үздэг вэ?
Ардчилсан парламент мөн эсэх нь мандатаар нь илэрдэг. Улс төр, хууль зүйн шинжлэх ухаанд чөлөөт болон императив мандат гэсэн ойлголт байдаг. Голдуу ардчилсан бус улс орнууд императив мандат хэрэгжүүлдэг. Императив мандаттай тохиолдолд нэр дэвшүүлсэн нам, эсхүл сонгосон тойргийн эрх ашиг чухал. Бас гишүүнийг эгүүлэн татах процесс ч хялбар. Харин чөлөөт мандатын амин сүнс нь юунд байдаг вэ гэхээр парламентад намууд нэр дэвшүүлнэ. Бие дааж нэр дэвшиж болно. Эсвэл намууд хамтарч эвсэл байгуулж сонгуульд оролцож болдог. Аль нь ч байсан сонгогдож, парламентын гишүүн болсон цаг мөчөөсөө намын явцуу эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй. Улсын ашиг сонирхол, нийт ард түмний элч төлөөлөгч байна гэсэн чөлөөт мандатын зарчим үйлчилнэ.
1992 оноос өмнө Монгол Улс социалист эрх зүйн дэглэмтэй байсан. Тэр үед намаас нэр дэвшүүлсэн депутат намын эрх ашгийг л баримталдаг байв.
Эндээс товч дүгнэвэл, хэдийгээр намаас нэр дэвшүүлсэн ч зөвхөн тойргоор хязгаарлагдахгүй нийт иргэдийн эрх ашгийг илэрхийлж байвал ардчилсан шинжтэй гэсэн үг. Тойргоос сонгогдсон, намаас нэр дэвшүүлсэн, гэтэл гишүүний бүрэн эрх буюу мандатаа хэрэгжүүлэхэд нь нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө зарчим үйлчилдэг онцлогтой учраас тэнцвэрийг олох нь тухайн гишүүний ур чадварын асуудал гэж улс төрийн шинжлэх ухаанд үздэг.
Гишүүн бүр хууль тогтоох ажиллагаанд тэгш эрхтэй оролцох ёстой. Энэ бол бас нэг гол зарчим. Тэгш оролцох боломжийг парламент бий болгох учиртай. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар энэ бүхнийг зохицуулдаг.
Ардчилсан парламентын шинж цөөнхөд эрх өгч байна уу үгүй юу гэдгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, хуралдааны дэгээс олон асуудал хамаарна.
Энэ утгаар нь ардчилсан парламент гэдгийг хууль тогтоох байгууллага, түүний үйл ажиллагааны “чанарын хэмжүүр” гэж ойлгож болох нь ээ.
Ардчилсан парламентын шалгуур
Олон Улсын Парламентын Холбоо болон бусад олон улсын байгууллагууд “Ардчилсан парламент”-ын долоон үндсэн шалгуурыг боловсруулсан байдаг. Эдгээр нь онолын ойлголт гэхээс илүү парламентын үйл ажиллагааг хэмждэг шалгуур үзүүлэлтүүд юм.
Үр нөлөөтэй парламент: Энэ нь парламент үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц төсөвтэй, мэргэжлийн ажлын албатай, хараат бус судалгаа, шинжилгээгээр хангагдсан байхыг хэлнэ. Мөн хууль батлахдаа, хянан шалгах чиг үүргээ үр нөлөөтэй зохион байгуулах чадавхтай байх гэсэн агуулгатай. Ийм байж үр нөлөөтэй ажиллах боломжтой болно.
Хариуцлагатай парламент: Гишүүд нь сонгогчдын өмнө тайлагнана. Ёс зүйн кодекс (дүрэм) мөрдөх, ашиг сонирхлоо үнэн зөв мэдүүлэх зэрэг үйл ажиллагаагаар дамжиж хэрэгжинэ.
Нээлттэй парламент: Хуралдаан олон нийтэд нээлттэй, хуулийн төсөл болон холбогдох баримт бичигтэй урьдчилан танилцах боломжтой байх ёстой. Яагаад нээлттэй байх ёстой гэхээр ард түмний сонгосон төлөөллийн байгууллага шүү дээ.
Сонирхуулахад, хууль зүйн шинжлэх ухаанд хуулийг нээлт гэж үздэг. Яагаад гэхээр хүмүүс бид харилцаагаа ямар хэм хэмжээгээр зохицуулах вэ? Ёс зүйгээр юм уу, эсвэл хуулиар уу? гэх мэтээр бодсон.
Робинзон Крузо шиг ганцаараа эзгүй арал дээр амьдардаг байсан бол хууль хэрэггүй л дээ. Гэтэл арал дээр хүмүүс нэмэгдээд байвал хэн нь удирдах, хэн нь ажиллах, бусдын үр тариа, жимсийг дээрэмдэж болохгүй гэх мэтээр зохицуулалт хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, хүний мөн чанараас“хууль гэх ойлголт урган гарсан гэсэн үг.
Эгэх холбоотой парламент: Энэ үзүүлэлт олон нийтийн санаа бодол, шаардлага, өргөдөл гомдолд цаг тухайд нь хариу өгөх, иргэдийн дуу хоолойг бодлогод тусгах чадавхиар хэмжигдэнэ. Эргэх холбоог сайжруулахын тулд бид D-Parliament, D-Petition зэрэг системүүдийг бий болгосон.
Хүртээмжтэй парламент: Иргэд сонгосон гишүүдтэйгээ холбоотой байх тогтвортой сувагтай байж, хууль батлахаас өмнө олон нийтээс санал авах, зөвлөлдөх боломж бүрдсэн байх шаардлагатай. Парламентын үйл ажиллагаа иргэн бүрд хүрдэг байхыг ойлгоно.
Оролцоог хангадаг парламент: Иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, олон нийт хууль боловсруулах явцад оролцох, хамтран ажиллах боломжтой байх гэсэн агуулгатай. Оролцоог хангах чиглэлээр УИХ-ын Тамгын газар ажиллаж байгаа. Намрын чуулганаар чуулганыг дамжуулахдаа дохионы хэлмэрч ажиллуулна.
Төлөөллийг хангасан парламент: Чөлөөт, шударга сонгууль, эрэгтэй, эмэгтэй, цөөнхийн төлөөлөл хангагдсан, нийгмийн бүх бүлгийн дуу хоолой, төлөөллийг парламентад бий болгох учиртай. УИХ 126 гишүүнтэй болсон учир ийм.
Нээлттэй парламент
Нээлттэй парламент нь ил тод байдал, оролцоо, хариуцлага гэсэн гурван тулгууртай.
Ил тод байдал гэдэг нь парламент зөвхөн үйл ажиллагааныхаа мэдээллийг нийтлэхийг хэлэхгүй. Харин шийдвэр гаргах үйл явц иргэдэд ойлгомжтой, хянах боломжтой байх учиртай. Та бүгд мэдээ бичихдээ энэ хууль яаж батлагдсан юм, анх өргөн баригдахдаа ямар үзэл баримтлалтай байв, хэлэлцүүлгийн явцад үүнийгээ хадгалж чадсан уу? Яагаад 180-200 зарчмын зөрүүтэй санал гараад байгаа юм. Энэ олон зарчмын зөрүүтэй саналын дараа анхны үзэл баримтлал нь хадгалагдаж үлдсэн үү гэх мэтээр сонирхох байх л даа. Ийм нөхцөлийг бүрдүүлж чадаж байвал ил тод байдал хангагдаж байна гэж үзнэ.
Оролцоо гэдэг нь иргэд хууль тогтоох үйл явцад санал өгөөд зогсохгүй, нөлөөлөх боломжтой байхыг хэлнэ. УИХ, түүний Тамгын газар энэ чиглэлээр тодорхой ажил хийж байгаа. Оролцоог дэмжихийн тулд л өнөөдөр та бүхэнтэй бас хамтарч ажиллаж байгаа юм шүү. Дэгийн хуульд хэлэлцүүлгийн шатанд иргэдийг оролцуулах олон боломжуудыг нээсэн.
Хариуцлага гэдэг нь гаргасан шийдвэр бүр нь тайлбар, үндэслэлтэй байхын зэрэгцээ парламент, түүний гишүүн олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг байхыг илэрхийлнэ. Гишүүд ажлын тайлангаа танилцуулахаас эхлээд эгэх холбоотой байх бүхий л үйл ажиллагааг хамарсан өргөн хүрээтэй ойлголт.
Эдгээр гурван тулгуурын аль нэг нь сулрахад парламентын төдийгүй ардчиллын чанар урууддаг. Үүнд та бүгд хяналт тавьдаг.
Парламентын нээлттэй байдлын 5 үндсэн шалгуур
Нээлттэй байдал нь мэдээлэл нийтлэх төдийгөөр хязгаарлагдахгүй. Харин парламентын үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, хянах боломжтой байхыг хэлнэ. Үүнд үндсэн 5 шалгуур бий.
Нээлттэй чуулган: Ардчилсан парламентын суурь шинж хуралдаан нь олон нийтэд нээлттэй байх явдал. Нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааныг шууд дамжуулах нь иргэд төрийн бодлого, шийдвэр хэрхэн гарч байгааг бодитоор харах боломж олгодог.
Сонирхуулж хэлэхэд, Германы Бундестаг парламентат ёсны хөгжлийн загварын хувьд зөвшилцлийн загварт багтдаг. Байнгын хороодын хурал нь хаалттай явагддаг. Тэд үүнийгээ “ажилладаг парламент”-ын онцлог гэж тодорхойлдог. Байнгын хорооны хуралдаан хаалттай, чуулган нь нээлттэй байдаг гэсэн үг. Гэхдээ орчин үед Бундестаг ч байнгын хорооны хуралдаанаа хагас нээлттэй болгож байгаа нь ажиглагддаг. Харин нээлттэй байсан зарим парламент ажилладаг парламент болгохын тулд байнгын хорооны хуралдаанаа хагас хаалттай болгох нь ч байна.
Манай парламентын хувьд хаалттай хуралдаан бол ердийн практик биш, зөвхөн хуульд тусгайлан заасан нөхцөлд хэрэглэгдэх онцгой зохицуулалттай байдаг. Тухайлбал, төрийн нууц, үндэсний аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал хэлэлцэх зэрэг тохиолдолд хязгаарлалт хийх боломжтой. Гагцхүү хаалттай хуралдаан явуулах үндэслэл нь ил тод байх учиртай.
Сэтгүүлчийн нэвтрэх эрх: Парламентын үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд хүрэх үндсэн суваг нь хэвлэл мэдээлэл байдаг. Иймээс сэтгүүлчдийг парламентын ордонд чөлөөтэй нэвтрэх, мэдээлэл авах, ажиллах нөхцөлөөр хангах нь ардчиллын чухал шаардлага юм. Саадгүй нэвтрэх, ажиллах гэдгийн цаана сэтгүүлчдийн ажиллах буюу мөрдөх код гэж бий. Дагаж мөрдөх хэм хэмжээ, баримтлах зарчим, хил хязгаарын тухай асуудал. Хаврын чуулган эхлэхэд бид сэтгүүлчдийн өрөө болон чуулганы хуралдааны хоёр давхарт ажиллах нөхцөлийг хангах үүднээс сайжруулалт хийсэн.
Хуулийн төсөл болон тайланг нээлттэй нийтлэх: Өнөөдөр зөвхөн “хууль батлагдсан” тухай мэдээлэх нь хангалтгүй болсон. Иргэд тухайн хууль хэрхэн боловсруулагдсан, хэн ямар санал гаргасан, ямар байр суурь илэрхийлсэн талаар мэдэхийг хүсдэг болсон. Тиймээс хуулийн төсөл, хэлэлцүүлгийн материал, санал хураалтын үр дүн, Байнгын хорооны дүгнэлт зэрэг бүх мэдээллийг үе шаттайгаар нийтлэх нь нээлттэй парламентын гол шалгуур болдог.
Хүртээмжтэй вэб сайт: Цахим хуудастай байх, тэр нь хүртээмжтэй байх хоёр асар их ялгаатай. Парламентын нээлттэй байдал нь мэдээлэл байршуулах, нийтлэх асуудал биш гэж өмнө хэлсэн. Мэдээлэл иргэдэд бодитоор хүртээмжтэй байх ёстой. Дэлхий нийтийн чиг хандлага нь “user-friendly parliament” буюу “хэрэглэгч төвтэй парламент”-ын мэдээллийн систем рүү шилжиж байна.
Нээлттэй өгөгдөл: Орчин үеийн парламент зөвхөн PDF файл нийтэлдэг байхаа больж байна. Харин өгөгдлийг хялбар ашиглаж болохуйц форматаар нийтэлдэг болж байна. Манай УИХ ч удахгүй ийм байдал руу шилжиж орно.
Парламентын шинэтгэл үргэлжилж байна
Нээлттэй байдлын эдгээр таван үндсэн шалгуур Монголын парламентад хэрхэн хэрэгжиж байгаа талаар товчхон мэдээлэл өгье.
2019, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу УИХ 126 гишүүнтэй болсон. Нэмэлт, өөрчлөлтийг дагаад олон хууль шинэчлэгдэж байгаа. Парламентын шинэтгэл эрчимтэй үргэлжилж байна.
УИХ-аар хэлэлцэгдэж байгаа, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэтгэлийн зохицуулалтуудаас танилцуулъя.

УИХ-ын хуралдааны тов, дарааллыг нийтэд мэдээлдэг болно
Уг төслийн 38.1-д Улсын Их Хурал чуулганы хуралдаан, хэлэлцэх асуудлын дараалал болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд нээлттэй хүргэх үүргийг хуульчлахаар тусгасан. Ингэснээр иргэд парламентын үйл ажиллагааг цаг тухайд нь мэдэх, хянах боломж сайжирна.
Хуулийн төслийн агуулгыг хууль санаачлагч тайлбарлана
38.2-т хууль тогтоомжийн төслийн агуулга, зорилго, ач холбогдлыг хууль санаачлагч болон холбогдох ажлын хэсэг, Байнгын хороод иргэдэд тайлбарлах, мэдээлэх үүргийг тусгасан. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой болгох, ташаа ойлголтоос сэргийлэх ач холбогдолтой.
Иргэдийн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр мэдээлдэг болно
38.3-т иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр мэдээлэх зохицуулалт тусгасан. Парламентын хариуцлага, эргэх холбоог бэхжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоог зөвхөн санал авахаар хязгаарлах бус, түүний мөрөөр ямар арга хэмжээ авсныг тайлагнах хариуцлагын хэлбэрт шилжинэ.
Эдгээрээс гадна, УИХ-ын гишүүний чуулганы ирц, саналаа өгсөн байдал, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран боловсруулсан, ажлын хэсэгт ажилласан болон хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон талаарх мэдээллийг бодит цагийн горимоор нийтэд мэдээлэхээр төсөлд тусгасан. Энэ нь парламентын ил тод, хариуцлагатай байдлыг хангах нэг чухал алхам болно гэж үзэж байна. Эхнээсээ хэрэгжээд явж байгаа.
Хуулийг энгийн үгээр бичдэг болно
Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн ач холбогдол, үр нөлөөг иргэдэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэхийг онцгойлон хуулийн төсөлд тусгасан. Учир нь хууль зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулагддаггүй. Иргэд өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөхийг мэддэг байх нь ардчиллын, иргэдийн оролцооны үндсэн зарчим юм.
Иймд хууль тогтоомжийн агуулгыг товч бичгэн тайлбар, инфографик, зурагт мэдээлэл, богино хэмжээний дүрс бичлэг зэрэг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэн түгээх заалт бас орж байгаа.
Хууль санаачлагчид ийм чухал өөрчлөлтүүдийг Улсын Их Хурлын тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Та бүхэн D Parliament-д нийтлэгдсэн хуулийн төсөлтэй танилцаж, санал бодлоо илэрхийлэх боломжтой.
Мэдэх хангалтгүй оролцох чухал
Нээлттэй байдал өөрөө эцсийн зорилго биш шүү.
Иргэд бодитой оролцож, дуу хоолой нь шийдвэрт нөлөөлөх боломжтой байх нь жинхэнэ нээлттэй парламентын шинж юм.
Энд нийтийн сонсгол,цахим хэлэлцүүлэг,иргэдийн өргөдөл, гомдол, саналыг хүлээж авах, түүний дагуу хууль боловсруулах, эсхүл хяналт шалгалт явуулж, шийдвэрлэх тусгай систем, хууль хэрэгжсэний дараах үнэлгээ зэрэг чухал арга хэлбэрүүдийг ашиглаж болно.
Энэ үйл явцад хэвлэл мэдээллийн үүрэг маш чухал. Сэтгүүлчид иргэдийн санаа бодлыг парламентад дамжуулж, парламентын шийдвэрийг иргэдэд ойлгуулдаг “иргэн-парламентын харилцааны гүүр” болдог онцлогтой.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын чанарт шууд нөлөөтэй
Парламент болон хэвлэл мэдээлэл нь ардчиллын хамгийн чухал хоёр институт.
Парламент хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төлөөллийн дээд байгууллага бол хэвлэл мэдээлэл түүний үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, хянаж, тайлбарлаж байдаг.
Түүнчлэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын чанарт шууд нөлөөтэй.
Олон улсын байгууллагуудын судалгаанаас үзэхэд “засаглалын үйл ажиллагаа”, “иргэний эрх чөлөө” гэсэн үзүүлэлтүүд хэвлэлийн эрх чөлөөтэй нягт холбоотой байдаг. Тийм учраас хэвлэл мэдээллийн эрх чөлөөний орчин муудах тусам ардчиллын индекс буурах зүй тогтолтой.
Монгол Улсын хувьд 2025 онд Хэвлэлийн эрх чөлөөний индекс 7 байраар ахисан нь эерэг үзүүлэлт боловч сүүлийн 10 жилийн нийт дүр зураг савлагаатай хэвээр байна. Эндээс бид хараат бус сэтгүүл зүйн эрх зүйн орчныг бэхжүүлэх, боловсронгуй болгох шаардлагатайг харж болно.
Түүнчлэн, ЮНЕСКО болон V-Dem-ийн тайлангууд дэлхий даяар сэтгүүлчдийн дотоод цензур буюу эмээх нөлөө (chilling effect) өсөж байгааг анхааруулж байна.
Хууль тогтоох байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид аль аль нь үүнд анхаарах ёстой.
Хэвлэл мэдээллийн үүрэг
Ардчилсан нийгэмд, тэр дундаа ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд эрх мэдлийг хянах, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангахад онцгой чухал ач холбогдолтой. Энэ утгаар нь хэвлэл мэдээлэл бол “дөрөв дэх засаглал” гэж нэрлэдэг.
Ардчилсан парламентыг төлөвшүүлхэд хэвлэл мэдээлэл үндсэн таван үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
- Мэдээлэх;
- Хянах;
- Тайлбарлах;
- Эгэх холбоо үүсгэх;
- Иргэдийг мэдлэгжүүлэх (Парламентат ёсны талаарх боловсрол, мэдлэг)
Орчин үед парламентын мэдээлэл зөвхөн “Хэн юу хэлэв” гэдэг мэдээ байхаа больсон. Ийм хязгаараас аль хэдийнээ давж, хөгжлийн дараагийн түвшиндээ хүрсэн гэж болох байх. Харин тухайн хууль иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ, ямар эрсдэл, үр дагавартай вэ гэдгийг тайлбарлахыг илүү шаарддаг болсон гэж үздэг.
Парламент - хэвлэл мэдээллийн харилцааны зарчим
Парламент болон хэвлэл мэдээлэл нь хамтран ажилладаг ч тус тусдаа хараат бус институтууд юм.
Парламент үнэн зөв, анхдагч мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэг хүлээдэг. Харин хэвлэл мэдээлэл тэр мэдээллийг шалгаж, олон талаас нь баталгаажуулж, тайлбарлан хүргэдэг. Энэ бол парламент ба хэвлэл мэдээллийн харилцан ажиллагааны зарчим.
Олон улсад парламент болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд 5 чухал зарчим мөрдөгддөг гэж үздэг байна.
- Үнэн зөв байх зарчим,
- Нээлттэй байдлын зарчим,
- Хараат бус байдлын зарчим,
- Хариуцлагатай байдлын зарчим
- Харилцан хүндэтгэлтэй хандах зарчим гэсэн таван зарчим байдаг.
Энэ харилцаа мэргэжлийн байх тусам ардчиллын чанар сайжирдаг.
Төгсгөлд нь, манай Улсын Их Хурал парламентын нээлттэй байдлыг хангаж, үйл ажиллагаандаа дижитал шилжилтийг хийх зорилгоор бодлогын тодорхой арга хэмжээнүүд авч байгааг онцолъё.
Дижитал шилжилт бол парламентын нээлттэй байдлыг шинэ түвшинд гаргасан. Цаашдаа ч улам бүр хөгжинө.
Энэ бүгд хуулийн дагуу хийгддэг. Эрх зүйн орчин байхгүй бол Тамгын газар зарим талаар арга хэмжээ авч чадахгүй байх тал бий. Түрүүнд дурдсанчлан энэ удаа Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар шинэтгэлийн томоохон алхмууд хийгдэнэ. Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа илүү бодитой, тодорхой ярих боломж бүрдэнэ.