Компани хэр амжилттай вэ гэдгийг хүнээ хэрхэн хүндэтгэж байна вэ, байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгээр нь үнэлдэг шинэ хандлага тогтжээ.

Товчхондоо, бизнес том уу, жижиг үү, олон улсынх уу, үндэснийх үү, орон нутгийнх уу гэдгээс үл хамаарч ямар ч бизнесийн байгууллагын хувьд “Эхлээд хүнээ...” гэсэн зарчим хамгийн суурь шалгуур болж.

Ажилтныхаа эрхийг хүндэтгэх, хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгальд ээлтэй байх зэрэг нь өнөөдрийн бизнесүүдийн зайлшгүй баримтлах үнэт зүйл болжээ.


ОРОН НУТГИЙН БОДИТ ЖИШЭЭ ЗАВХАН АЙМАГТ

Дээрх ойлголт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж болохыг Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй “Мөнхөд мандаг” компанийн туршлага харуулж байна.

Олон жилийн турш орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тус компани бизнесийг зөвхөн үйлдвэрлэл биш, харин амь амьжиргаа, амьдралтай холбоотой үйл ажиллагаа” гэж харж иржээ.

Тухайлбал, “Мөнхөд мандаг” компани өнөөдрийн байдлаар 15-20 хүнийг байнгын ажлын байраар хангаж, ажилтнуудынхаа амьжиргааг дэмжиж, амины орон сууц, хашаа, байшин авч өгөх зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд тусалж, өрх толгойлсон эхчүүд, ахмад ажилтнуудаа байнга дэмждэг байна. Ажлын байр гэдэг нь ажилтнуудад тогтвортой орлого болохоос гадна амьдралынх нь баталгаа байх ёстой гэж компани үзэж, энэ мэтчилэн ажилтнуудынхаа амьжиргааг дэмжих, эмзэг бүлгийн иргэдийг ажилтай болгох, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгосон байна.

Үүний зэрэгцээ байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглахад анхаарч, түүхий эдийг зохистой ашиглах, хаягдлыг бууруулахад анхаарлаа хандуулсаар иржээ.

Тус компани өнөөдөр байгалийн цэвэр түүхий эдэд түшиглэсэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тодруулбал, Завхан нутгийн нэрс, чацаргана, үхрийн нүд, аньс зэрэг зэрлэг жимс болон сүү, цагаан идээгээ уламжлалт болон орчин үеийн технологитой хослуулсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг аж. Ингэхдээ, жимсний мод, бутны иш, үндсийг гэмтээхгүй түүхээс эхлээд байгальд хор хохирол учруулахгүй байх, үйлдвэрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааны стандарт дүрэм, журмыг мөрдөж, ажлын байрны орчин, нөхцөлдөө анхаардаг нь хүнээ бодсон, байгальд сөрөг нөлөөгүй үйл хэрэг юм.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Мөнхөд мандаг” компанийн баримталдаг энэхүү зарчим буюу хүний эрхийг хэрхэн хүндэтгэж, байгаль орчинд ямар нөлөө үзүүлж, нийгэмдээ ямар үнэ цэн бүтээж байгаагаар нь үнэлдэг энэ ойлголтыг олон улсад BHR+E буюу “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчин” хэмээн нэрлэдэг байна.

ХҮНИЙ ЭРХ БОДИТ ШИЙДВЭРҮҮДЭД

Энэхүү туршлагаас харахад хүний эрхийг хүндэтгэнэ гэдэг нь онолын төдий бөгөөд биднээс хол байдаг, хэн нэгэн эрх мэдэлтэй хүний хийдэг зүйл ч биш, харин өдөр тутмын шийдвэр бүрд илэрдэг маш энгийн, маш чухал хэрэгсэл болох нь харагдаж байна. Хэнийг ажилд авах, ажилтнаа хэрхэн дэмжих, орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтрах, байгаль орчноо яаж хамгаалах вэ?” гэдэг бүх сонголт хүний эрхийн агуулгатай аж.

Энэ утгаараа “Мөнхөд мандаг” компанийн туршлага нь бизнесүүд хүний эрхийг хүндэтгэхдээ зөвхөн баримт бичигт тусгах бус, үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж болохыг харуулж байна.

ХЭМЖЭЭ БИШ ХАНДЛАГА

Завхан нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлийн энэ жишээ нь “Хариуцлагатай бизнес заавал том байх албагүй. Харин хүнээ дээдэлдэг, байгальд ээлтэй ханддаг байх нь илүү чухал” гэдгийн илэрхийлэл юм.

Ийнхүү бизнесийн жинхэнэ үнэ цэн нь хэмжээ, ашиг бус, харин хүн болон байгальд үзүүлж буй нөлөөгөөр хэмжигдэх болсон энэ цаг үед “Эхлээд хүнээ...” гэсэн суурь зарчмыг орон нутгийн нэгэн компани практикт хэрхэн хэрэгжүүлж байгааг бид харж байна. Цаашид ч орон нутгийн энэ мэт сайн туршлагуудыг дэлгэрүүлж, улс даяараа хариуцлагатай бизнесүүдийг алдаршуулах нь зүйтэй.

Нийтлэл бичсэн: Б.Mягмарсүрэн