Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөл оролцож цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдэх юм. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц.

НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар баталлаа.
Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны уриалгыг хослуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн эрхэм зорилгыг илэрхийлж байна.
Лого нь COP17 бага хурал эхлэхээс жилийн өмнө танилцуулсан тус лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалга юм.
Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар Монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлнэ. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан дүрсэлж, оройд нь гэрийн тулгуур болох тооно дүрслэгдсэн.
Тооно нь хүн ба байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж байна.
Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэж, алганд нь ногоон соёо нахиалж байгааа нь тэсвэртэй, шинэчлэгдэн сэргэж байгаа дэлхийн илэрхийлэл юм.
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн тул “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал” хөрс-хөдөө аж ахуйг сэргээх үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан газар, хөрс сэргээх ажлыг тэргүүлэх чиглэл болгосон.
COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, мөн газар хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай хямралуудыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэх юм.
