Монгол Улсад бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж байгаа нь өнгөц харахад хөгжил дэвшил мэт боловч хөдөлмөрийн аюулгүй байдал дахь хүний эрхийн асуудал руу өнгийвөл алганы нөгөө тал мэт өөр дүр зураг харагдаж байна.

БАРИМТ I: 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр хөдөлмөр зуучлалын газар болох нэр бүхий төвөөр ажилд зуучлуулсан 15 настай, эрэгтэй хүүхэд барилгын даацын хана нураах ажил хийж байх үедээ нураалтад дарагдаж амь насаа алдав. Амиа алдсан хүү хөдөлмөр зуучлалын төв буюу иргэдийн хэлж заншсанаар “самушил (사무실)” төвийн зуучлалаар ажилд оржээ.

Өдрийн ажилд зуучилдаг тус төвүүдийн үндсэн шалгуур нь 18-аас дээш буюу насанд хүрсэн байх. Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын ерөнхий шаардлага тавьж мөрддөггүй, хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулсны уршгаар харуусаад барахгүй “сургамж” үлдээсэн юм.

Энэхүү үйл явдлын талаар нэр бүхий төвийн салбар хариуцсан менежер хэлсэн тайлбартаа “Амь хохирогч өмнө ах нартайгаа ирж ажилд зуучлуулдаг байсан. 4-5 удаа ажилд гарч байсан. Тэр бүрдээ бичиг баримтаа шалгуулалгүйгээр ажилдаа гардаг. Ажил олгогч буюу захиалагч компанийн зүгээс барилгын хог цэвэрлүүлнэ гэж хэлсэн ч барилгын даацын хана нураалгасан. Үүний улмаас ажил горилогч амь хохирсонд харамсалтай байна” гэжээ.

Харин амь хохирогчийн эгч “..тус хөдөлмөр зуучлалын төвийн зүгээс өмнө нь ийм тохиолдол олон болж байсан. Тухайн хохирсон ажилтнууд бүгд насанд хүрээгүй байдаг. Бид хуулийн дагуу явна гэдэг хариуг бидэнд хэлсэн” тухай мэдээлсэн. Амь хохирогчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Монгол Улсад 13-15 насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ хийхийг зөвшөөрсөн ажлын жагсаалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд баталдаг. Үүнд, барилгын ажил нэрлэгдээгүй буюу 13-15 настай хүүхдийг барилгын ажил хийлгэх нь хориотой, хууль бус үйл ажиллагаа юм. Ажил олгогч, ажилд зуучлагч аль аль нь хууль дүрмээ баримтлаагүй, зөрчсөн” болохыг мэдээллээ.

Тухайн үйл явдалтай холбогдуулан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр зуучлалын төвийн төлөөллөөс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой асуудлаар тодруулахад “Манай байгууллага иргэн болон байгууллагыг зуучилдаг. Хөдөлмөр зуучлах төвөөр дамжсан ажилчдын аюулгүй байдлыг ажлын байраар хангаж буй компани гэрээний дагуу хангаж ажиллуулдаг. Мөн ажилчдаа ажил олгогчийн хариуцлагын даатгалд бүртгүүлсэн байдаг” тухай хариулсан юм.

Зураг1. Монгол Улс дахь хөдөлмөр зуучлалын төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн тоймлон тооцов.


Осол гарахад хэн хариуцлага хүлээдэг вэ?

Дээрх тохиолдолтой адил барилга дээр ажиллаж байсан хүн унаж бэртсэн, цаашлаад амь насаа алдсан тохиолдол бүрийн цаана асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, хэн ямар хуулийн хариуцлага хүлээсэн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил байдаггүй.

Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг анх Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байсан бол 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хууль батлагдаж, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тодорхой чиглэлтэй болсон. Тус хууль батлагдсанаас хойш гурван удаа томоохон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай 155 дугаар конвенцтой холбогдох хууль тогтоомжоо нийцүүлэх үүрэг хүлээсэн. Хууль, тогтоомжоос эхлээд зөвлөмж, гарын авлагад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг нарийн тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, асуудал цагаан дээр хараар бичсэн баримт бичгээс илүү үүнд хяналт, шаардлага тавих, хариуцлага тооцох тогтолцоо руу чиглэж байна.

Зураг2. Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв.

Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд байршсан тогтоолоос харвал Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлддэг.

БАРИМТ II: 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол:

Шүүгдэгч ********* нь “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих” үүргийг биелүүлээгүйн улмаас, шүүгдэгч ********* нь “*********” ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах” үүргээ биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-д бетон арматурчин ********* нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мод зүсэгч цахилгаан хөрөөн дээр ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж эрүүл мэндэд “баруун бугуйн трапец ясны хугарал, баруун сарвуу, бугуй, шууны эдийн дутагдал бүхий хууларсан шарх, шуу, сарвууны мэдрэл, шөрмөс, судасны тасрал” бүхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг 45 хувь тогтонгид алдагдуулах хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхээс шүүгдэгч ********* нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *********гийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг нэг жилээр хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин шүүгдэгч *********ын талбайн инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, таван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мөн тус хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зохицуулалт бий.

Бизнесийн хариуцлага ажлын байрнаас эхэлнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмыг мөрдөөгүйгээс ажилтны амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд оногдуулах хариуцлага учирсан хохирлыг бүрэн нөхөж чадахгүй. Тиймээс осол гарсны дараа биш түүнээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих нь илүү чухал юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Батцогтын хэлснээр шинэ төсөлд барилгын өндрийн ХАБ-ын ажил тодорхой, нарийн зохицуулалт шаардлагатай байгаа аж. Хөдөлмөрийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгад нийцүүлэн хуулийн нэрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль” гэж өөрчлөхөөр тусгасан.

Манай улсын нийт хүн амын 39 хувь нь ажиллах хүч бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 41 хувь 521 мянган хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэх эрсдэлтэй салбарт ажиллаж байна.

Ийм нөхцөлд НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ын II тулгуур баганад хүний эрхийг хүндэтгэх талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон 14 зарчмыг тусгасан. Аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хүний эрхийн зөрчил гаргахаас зайлсхийж, өөрийн үйл ажиллагаанаас учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх, арилгах үүрэг хүлээх тухай “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөөнд (2023-2027) онцолсон. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах талаар аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилтыг

  1. Эдийн засаг, хөгжлийн яам
  2. Хууль зүй, дотоод хэргийн яам
  3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  5. Барилга, хот байгуулалтын яам
  6. Зам, тээврийн хөгжлийн яам
  7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  9. Эрчим хүчний яам
  10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  11. Жижиг, дунд үйлдвэрийн газар тус тус хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Товчхондоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж, хяналт тавих нь салбар бүрийн үүрэг, хариуцлага юм.

Зураг3. Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв.


Г.Бямбалхагва