Өнөөдөр 5G технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд аюул биш, харин бид эдгээрийг хэрхэн ухаалгаар, хариуцлагатай ашиглаж сурах нь хамгийн чухал юм.

Дэлгэрэнгүй тайлбарыг доорх бичлэгээр хүргэж байна.


“Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг”

Тэгвэл би танд цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээллийн жишээнээс хуваалцъя.

  1. “TESLA ухаалаг утасны салбарт тэсрэлт хийснээ албан ёсоор зарлалаа” гэсэн хуурамч мэдээллийг 2022 оноос хойш жил бүр түгээж, өндөр хандалт авдаг.

Тэгвэл Элон Маск “Тесла утас бүтээхгүй” гэдгээ олон удаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 2024 оны 10 дугаар сарын 18-нд АНУ-ын Пеннсилвани мужид болсон ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажлын үеэр утас бүтээх тухай сэдэвт “Маш их ажил болно. Утас бүтээх тухай санааг бодохоор үхмээр санагдаж байна. Хэрвээ бид утас хийх шаардлагатай бол хийнэ гэхдээ бид утас бүтээх сонирхолгүй байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

  1. “5G нь COVID-19 вирусыг тараадаг, “5G хүний дархлааг сулруулж өвчин үүсгэдэг” зэрэг худал мэдээллийг 5G технологи олон улсад нэвтэрснээс хойш цахим орчинд ихээр түгээсэн.

Харин 5G технологи нь 4G технологиос 10–100 дахин хурдан хурдтайгаас гадна олон тооны төхөөрөмжийг нэгэн зэрэг өндөр тогтвортой холбох чадвараараа онцлог юм. Энэ нь уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хотын шийдлүүдэд шинэ боломжийг олгож байгаа.

Харин одоо бид хиймэл оюун ухаанаас айх биш, зөв ашиглаж сурах нь энэ цаг үеийн хамгийн чухал чадвар болж байна. 1950-аад онд телевиз өргөн хэрэглээнд нэвтэрч эхлэхэд олон хүн “нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ, ёс суртахууны доройтолд орно” хэмээн айдаст автаж байсан нь өнөөдрийн хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой айдастай тун адилхан.

Тухайн үед ч шинэ технологи нь аюул биш, харин түүнийг хэрхэн ашиглах нь жинхэнэ эрсдэл байсныг цаг хугацаа харуулсан. Үүнтэй адил өнөөдөр хиймэл оюун ухааны шинэ технологи аюул биш, харин бид өөрсдөө түүнийг ухаалгаар ашиглаж сурах эсэх нь хамгийн чухал асуудал юм.