Зун бол хүн бүрийн хүсэн хүлээдэг улирал. Хаашаа аялахаа, хаана очиж амрахаа, хэнтэй уулзахаа, хэрхэн юу хийхээ гээд бүгдийг төлөвлөдөг. Тэр бүхнийг баяр, амралтын өдрүүдэд болон ажлын амралтаараа “эдэлдэг” онцлогтой. Хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, нийслэл хот “нуруугаа” түр ч боловч амраах мэт дүнсхийх нь ажилтай бидэнд хааяа уйтгартай мэт.

Цэцэгт ногоон гээд ая дэвссэн сэтгэл баясгасан дүрс, зургууд нүүр номыг “гоёж”, нутаг, усандаа очиж, гол, ус бараадан сэтгэлээ баясгасан баярын уур амьсгалууд гээд сайхан бүхэн тэнд оршиж байгаа нь илт.

Гэвч...Усанд эндлээ, усанд урслаа, усанд живлээ гэх мэдээллүүд сэтгэл сэртхийлгэж, сайхныг төсөөлсөн бүхнийг хоромхон зуурт үгүй хийх нь тун ч харамсалтай. Гэр бүлийн хүмүүс, бяцхан “зүрх” гээд нас, насны нийт 17 хүн усанд амиа “өргөж”, уй гашууг дагууллаа. Энэ тоо бол дөрөвхөн өдөрт л тохиолдсон мэдээлэл.



Юунаас болоод эндэж, баярыг уй гашуунаар сольж байгаа үндсэн 3 шалтгаан байгааг мэргэжлийн онцолж байна.

Үүнд:

#Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усруу орсон,

#Бага насны хүүхдийг ганцааранг нь үлдээж, орхисон,

#Зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд “тоглосон”

Үүнээс гадна тухайн газар, орныхоо онцлогийг судлаагүй, би гол, усанд сэлдэг гэж барддаг зан, усанд орчихвол архиа гаргачихна гэдэг хэний ч хаанаас гаргаад ирсэн нь мэдэгдэхгүй худал мэдээллүүд гээд хэнэггүй, хайхрамжгүй үйлдлүүд эрсдэл дагуулж байгааг бид харсаар, сонссоор бараг “танил” болох нь.

Тиймээс аялал, амралтаар гол, ус бараадаж, амарч, аялахдаа өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалах “дархлаатай” байя. Ингэхийн тулд хэдхэн үйлдлийг зуршил болгохыг уриалж байна.

#Голын ус хүчтэй урсгалтай тул сэлэхэд маш хэцүү. Тиймээс таньж, мэдэхгүй гол, ус руу бүү ор.

#Голын эргүүлэг нь маш сайн сэлдэг хүнийг ч гэсэн эргээс татаж холдуулах аюултай. Тиймээс би сэлдэг гэж бардахаа болцгооё.

#Голын ус тунгалаг биш тул дотор нь байгаа мөргөж болох хад, чулууг харах боломжгүй. Тиймээс ямар ч баримжаагүй гол, усанд орохоос татгалзъя.

#Голын ус хүйтэн тул хүний хөдөлгөөнийг сааруулж, судас агшиж биеийг хөшингө болгодог. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, ус руу бүү ор.

#Голын усанд живж байгаа хүнийг аврах гэж араас нь оролгүй урт мөчир, уяа хөвдөг зүйлс шидэж, өөрийн болоод бусдынхаа амь насыг хамгаалъя.анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэгтэй болцгооё.

#Голын ус намуухан, аюулгүй байна гэж бодоод бага насны хүүхдээ хараа хяналтгүй бүү үлдээ. Учир нь голын ус хүчтэй урсгалтай учир хормын хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөхийг санаарай.

#Бассейнд сэлэх, голын усанд сэлэх өөр. Тиймээс бардаж, онгирч болохгүй. Усанд ам гардаггүй гэдэг дээ.

#Хийлдэг гудас, завь, хөвөгч тоглоом голын усанд зориулагдаагүй. Тиймээс эдгээр хэрэгслийг бүү ашигла, бүү хэрэглэ “аминд” халтайг үргэлж сана.

Эцэст нь мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаад, тухайн аялж, амарч байгаа газрынхаа цаг агаарын мэдээллийг тухай бүрт хүлээн авч, эрсдэлийг тооцон, хүссэн, мөрөөдсөн аялалаа бүтээцгээе.