Өнөөдөр дэлхий дахин мэдээллийн хэт их урсгалд автаж, тэр дундаа зохион байгуулалттай хуурамч мэдээлэл (disinformation), пропоганда болон хиймэл оюун ухааны хяналтгүй хэрэглээтэй нүүр тулж байна. Энэхүү дижитал шилжилтийг ямар стратегиар даван туулж буйг судлахаар БНХГУ-ын Кёлн, Бонн, Берлин хотуудад байрлах хэвлэл мэдээлэл, баримт шалгах төв, ИНБ, төрийн байгууллагаар зочилж, мэргэжилтнүүдтэй нь уулзаж, туршлага солилцож, олж авсан туршлага, мэдлэгээ та бүхэнтэй хуваалцъя.
Тус ХБНГУ-ын Гадаад харилцааны яамнаас санаачилж, Гёте институтийн гүйцэтгэсэн "Visitor's Programme" хөтөлбөрт Япон, Тайван, Тайланд, Индонез, Филиппин, БНСУ-ын сэтгүүлч, баримт шалгагч нартай цуг 5 хоногийн турш ХБНГУ-ын DW, WDR, CORRECTIV, CeMAS, codetekt e.V, Deutschlandradio, Der Spiegel, Гадаад харилцааны яамаар зочлон, Ази болон Европын орнуудад хуурамч мэдээлэл хэрхэн түгдэг, түүний эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, баримт шалгах төвүүд нь хэрхэн хамтран ажиллаж, арга хэмжээ авдаг тухай сонсож, Монголдоо хэрэгжүүлж болох хэд, хэдэн санаа өвөрлөн ирсэн амжилттай аялал боллоо.
Дижитал эриний шилжилт
Хүүхэд залуус урт мэдээ, мэдээлэл уншихаа больж богино хэмжээний бичлэг л үздэг болсон.
Эхний зочилсон байгууллага маань Германы олон нийтийн медиа болох WDR (Westdeutscher Rundfunk) байлаа. Одоогийн хүүхэд, залуус уламжлалт мэдээ, мэдээлэл уншихаа больж богино хэмжээний (20-30 секундийн) бичлэгээр дамжуулан мэдээлэл авдаг болсныг онцолсон юм. Тэрээр Planet Wissen платформыг хөгжүүлж, сонирхолтой богино хэмжээний бичлэг, тоглоом, күйзээр дамжуулан хүүхэд, залууст мэдээллийн боловсрол олгож байна. Түүнчлэн баримт шалгах баг нь медиа форенсик (зураг, бичлэг шалгах), факт-чек гэж 2 хуваагдаж, редакцаа дэмжиж ажилладаг. Тэдний мөрддөг "4 нүдний зарчим" буюу аливаа мэдээллийг дор хаяж 2 баримт шалгагч нягталдаг тогтолцоо нь мэдээллийн чанарыг дээд цэгт нь барьдаг болохыг харуулж байна.
Баримт шалгалт хэвлэлийн мэдээллийн салбарт
Зөвхөн уламжлалт радио хэлбэрээр орон даяар мэдээлэл түгээдэг Duetschland Radio нь 2024 онд баримт шалгах хэлтэстэй болсон ч эрэн сурвалжлах, хуурамч мэдээллийг шалгах гэхээсээ илүүтэй дотоод нэвтрүүлэг, зохиолд дурдагдах тоо баримтыг нягталж ажилладаг аж.
Дэлхийн 130 гаруй оронд 30 орчим хэл дээр мэдээлэл түгээдэг DW-ийн (Deutche Welle) Индонез, Урду, Хятад хэл хариуцсан баримт шалгагч, мэргэжилтнүүдтэй уулзахад Азийн оронд ихэвчлэн эрүүл мэнд, эм эмчилгээтэй холбоотой хуурамч мэдээлэл байдаг гэв. Жишээ нь "Та халаасандаа сонгино хийж явбал зүрх судасны өвчин хэзээ ч тусахгүй" гэх мэдээллийг дурдсан нь нэг л танил сонсогдсон. Монголд ч мөн адил сонгино, саримс, жимс ногоогоор аливаа өвчин эмгэг, хавдрыг эдгээнэ гэх шинжлэх ухаанаар нотлогдоогүй мэдээлэл их байдаг билээ.
Der Spiegel сэтгүүлийн сэтгүүлч, эрхлэгчид компанийнхаа 50.5 хувийг эзэмшиж байгаа нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг харуулж байна. Тэрээр "Байгаагаар нь л мэдээл" (Sagen, was ist) гэсэн уриатай тус сэтгүүл ойрын үед газар авч буй Doppelganger-ийн тухай дурдаж байлаа. Манайд мөн адил iKon, Gogo.mn, PizzaHut, KFC-ийн вэбсайтыг дуурайлган хийсэн хуурамч холбоосоор хүмүүсийг залилж байгаа нь Doppelganger аль хэдийн ороод ирснийг илтгэнэ.
CeMAS ТББ-ын баримт шалгагчид ихэнх нь сэтгэл зүйч мэргэжилтэй байгаа нь их сонирхолтой санагдсан. Тэд хуурамч мэдээлэлтэй тэмцэхдээ технологиор гэхээс илүүтэй хүний сэтгэл зүй, сэтгэхүй дээр тулгуурлаж ажиллаж байна. Жишээ нь, хүмүүс яагаад хуйвалдааны онолд итгээд байна, яагаад "сонгууль булхайтай болсон", "сэтгүүл зүй худалдагдсан" гэх зэрэг нарративт шууд үнэмшдэг вэ зэргийг сэтгэл зүйн талаас нь судалдаг аж.
Иргэдийн оролцоо
Хуурамч мэдээллийн эсрэг "Wikipedia"
Корректив баримт шалгах төвийн хөгжүүлсэн "Faktenforum" платформ нь баримт шалгалтын "Wikipedia" мэт ажилладаг гэнэ. Яадаг вэ гэхээр тус платформд элссэн гишүүд мэдээллээ оруулж, Коррективийн баг тэдэнд эх сурвалж олох, хуурамч мэдээллийн шинжүүдийг танихад зааж, зөвлөн, хамтран баримт шалгалтын тайлан гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл, сайн дурын иргэд мэргэжлийн багтай хамтран хуурамч мэдээллийг баримтаар шалгадаг коммюнити юм. Одоогийн байдлаар 2600 гаруй сайн дурын иргэд тус платформд нэгдэж, мэргэжлийн багтай хамтран хуурамч мэдээллийг илрүүлж, шалгаж байна
Төрийн зохицуулалт
Бид үнэний хаан биш. Бидэнд "Үнэний яам" хэрэггүй.
Хамгийн сүүлд зочилсон байгууллага маань ХБНГУ-ын Гадаад харилцааны яам байлаа. Тэрээр саяхнаас хуурамч мэдээлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулан ажиллаж байгаа бөгөөд "Хүмүүс худал ярьж, хуурамч мэдээлэл түгээж болно, энэ бол тэдний эрх. Гагцхүү тэр нь хууль бус (бусдыг гүтгэсэн, үндэстэн дамнасан кибер халдлага, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн) байж болохгүй" гэж хэлсэн нь Германы төр хуурамч мэдээлэлтэй тэмцэхдээ ямар зааг, хязгаартай оролцох ёстой вэ гэдгийг тодорхой харуулж байна.
Үүнд мөн Европын Холбооны DSA (Digital Services Act) буюу Дижитал үйлчилгээний хууль болон Цахилгаан холбоо, шуудан, төмөр замын холбооны агентлаг гол үүрэг гүйцэтгэдэг. Тэд сошиал медиа платформуудын алгоритм, хууль бус сурталчилгааг хянахдаа “Нийгэмд хууль бус байдаг бүх зүйл онлайн орчинд ч мөн хууль бус байх ёстой” гэсэн ганцхан алтан зарчмыг баримталдаг юм байна.
Дүгнэвэл ...
Баримт шалгагч хүний хувьд хуурамч мэдээллийг шалгаж, үнэн зөвийг нь хүмүүст хүргэвэл хуурамч мэдээлэл буурна гэж боддог байв. Гэвч Германы медиа экосистемийг судалсны дараа энэ нь зөвхөн сэтгүүлч, баримт шалгагчдын хийх ажил биш юм байна гэдгийг ойлгосон юм. Төр нь платформуудад дүрэм тогтоож (DSA), иргэний нийгэм нь сэтгэл зүйн суурийг нь судалж (CeMAS), олон нийт нь өөрсдөө баримт шалгалтад оролцдог (Faktenforum) бүх нийтийн хамтын ажил юм байна. Бид ч мөн Монголдоо төр нь баримт шалгах төв байгуулна гэхийн оронд платформуудын алгоритмыг судалж, хуурамч хаягуудад хяналт тавьж, иргэдийнхээ мэдээллийн боловсролд илүү ихээр хөрөнгө оруулах цаг нь болжээ.
Талархал
Энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон Nest Center болон Монголын баримт шалгах төвийн удирдлагууд, хамт олондоо талархсанаа илэрхийлье. Мөн хөтөлбөрийг зохион байгуулсан ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам, Гёте институт-д баярлалаа.