Хижээл насны хоёр эрэгтэй. Нас ойролцоо, намба адил. Үл ялих шалтгаанаар маргалдсанаас өнөөдөр шүүхийн өмнө дуудагджээ. Хэн хэн рүүгээ харахыг ч хүсэхгүй байгаа нь илт. Нэг нь “яллагдагч” нөгөө нь “хохирогч” гэсэн ширээний ард цомцойн сууна. Хуруу, гараа оролдоно. Хумсаа хазна. Тэдний байр байдал нь бөмбөг булаацалдаад ээждээ загнуулсан багачууд адил.

Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа булаалдаж маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.

Эцэст нь, өнөөдөр хохирогчийн ширээний ард суугаа эрэгтэйн нүдний ухархайн дотор хана гэмтэж мэс засалд оржээ. Мэс заслаас хойших таван сарын дараах байдлаар түүний зүүн нүдний хараа 0.95 хувиар буурсан, нүд байнга анивчиж, хөндлөн торлогууд үүссэн. Доргилтоос шалтгаалсан байж болзошгүй шилэнцэрийн хөвөлт үүссэн гэх онош тогтоогджээ.

Хохирогч асуудлыг эр бяраар шийдчих гээд байдаг хэнээс ч, юунаас ч айдаггүй гүндүүгүй монгол эр бололтой. Өнөөх нь харин бууж өгөх дургүй хортой, шартай цөс ихтэй монгол. Тэр хүний нүд гэмтээсэндээ гэмшсэн нь үгүй. Ер нь гэмтээгээ ч үгүй гэх бодол тээж суусан бололтой “Энэ өөрөө асуудлыг эхлүүлчхээд намайг зодсон гээд байгаа юм” гээд үргэлжлүүлэн гомдоллох гэсэнд шүүгч “Энд гэм буруугийн асуудлыг ярихгүй” хэмээснээр буцаад суув.

Яллагдагчийн өмгөөлөгч маргааныг хохирогч өөрөө эхэлсэн, мөн тус дэлгүүрийн эзнийг хариуцагчаар татах ёстой хэмээн үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлт илэрхийлэв. Хохирогчийн өмгөөлөгч ч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт илэрхийлсэн.

Хуралдаан завсарлаж, шүүгч шийдвэрээ гаргалаа. Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууслаа.

Эвээр асуудлаа шийдэж болох байтал нударга зөрүүлж нэгнээ гэмтээгээд өнөөдөр шүүхийн өмнө “Энэ өөрөө эхэлсэн” гээд сууж байгаа энэ хоёр уг нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо үлгэр дуурайл болохуйц насныхан.

Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэг...Нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй амьдраасай. Санаатай, санаандгүй алив алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омогтоо багтаж ядахдаа алдах вий гэхээс энэхүү шүүх танхимын тэмдэглэлийн зорилго оршив.

Үргэлжлэл бий...