“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна

Батцэцэг
Jun 19, 2025
5 мин уншина
Sancrox Political Advisory зөвлөх үйлчилгээний компани нь вэбсайтдаа “Дэлхий даяарх ардчиллууд дахь улс төрийн нам, байгууллага, удирдагчдыг амжилттай кампанит ажил явуулж, сонгуульд ялалт байгуулахад дэмжих” зорилготой хэмээн тодорхойлсон ба 2019 онд Их Британийн Консерватив намын ялалт, Австралийн Либерал намын ялалтад дэмжлэг үзүүлсэн нь амжилт болохыг мөн тэмдэглэжээ.
Sancrox Political Advisory компанийн вэбсайт дахь танилцуулга, Эх сурвалж: Sancrox Political Advisory
- Энэхүү компани нь стратеги боловсруулах, олон нийтийн санаа бодол судлах, сонгогчдын сегмент тодорхойлох, кампанит ажил төлөвлөх гэх мэт сонгууль, улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани болохоо танилцуулсан байна.
Мэдээлэл түгээх төлбөртэй платформ ашигласан байна
Харин тус компаниас PRNEWSWIRE вэбсайтаар дамжуулан зургаадугаар сарын 1-нд хамтарсан Засгийн газрын талаарх судалгаа мэдээллийг түгээсэн байна. Мэдээлэлд тэмдэглэснээр энэхүү судалгаанд 1,140 хүн оролцсон гэсэн ба Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалтын үйл явц, парламентын систем болон Ерөнхийлөгчийн засаглалын талаарх асуултуудыг оролцогчдоос асуусан байна. Судалгааны үр дүнд дурдсанаар “нийт оролцогчдын 63 хувь нь “Ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлого, санаачилгаа хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзсэн” гэсэн ба нийт оролцогчдын 87 хувь нь Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалтыг нээлттэй явуулах ёстой гэж үзсэн зэргийг онцолсон байна.
Энэхүү судалгааны үр дүн буюу “хамтарсан Засгийн газрыг дэмжиж буй” тухай дотоодын хэвлэл мэдээллийн байгууллага, сайтууд мөн түгээсэн (зарим жишээг дурдвал энд, энд, энд). Гэхдээ энэ нь нээлттэй арга зүй, мэдээллээ зарласан судалгааны үр дүн биш, харин улс төрийн зөвлөх үйлчилгээний компанийн судалгаа гэх мэдээллийг нь орхигдуулсан байна.
Судалгааны мэдээлэл анх төлбөртэй хэвлэлийн мэдээ түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг PRNEWSWIRE вэбсайтад нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл Sancrox Political Advisory тус вэбсайтын үйлчилгээг ашигласан байхаар байна.

Пиар контент менежментийн системийн платформ болох Prezly “PR NEWSWIRE” сайт үнийн саналаа нууцалдаг болохыг онцолсон, Эх сурвалж: prezly.com
- PRNEWSWIRE сайтад зөвлөх үйлчилгээний Sancrox Political Advisory компани нь зөвхөн Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлын талаар, тэр дундаа хамтарсан Засгийн газрын талаарх судалгааны мэдээлэл л нийтлүүлснийг тус сайт дахь архиваас (архивлагдсан хувилбар) харж болохоор байна.
Гаднын хэвлэлүүд “редакцын бус мэдээ” болохыг дурдаж түгээжээ
Зургаадугаар сарын 1-нд PRNEWSWIRE-т судалгааны үр дүнгийн мэдээллийг анх түгээж, бусад орны вэбсайтууд PRNEWSWIRE-ийг эх сурвалж хэмээн дурдаж, ижил хэлбэрээр түгээсэн байна.
Гарчиг | Байгууллага | Холбоос | Төлбөртэй эсвэл редакцын бус болохыг дурдсан эсэх |
Sancrox Political Advisory: Voters rally around Oyun-Erdene ahead of vote of no confidence | KTLA | https://ktla.com/business/press-releases/cision/20250601LN00436/sancrox-political-advisory-voters-rally-around-oyun-erdene-ahead-of-vote-of-no-confidence | Дурдсан |
Strong Support for Governing Coalition | Yonhap | https://en.yna.co.kr/view/RPR20250521000200353 | Дурдсан |
Sancrox Political Advisory: Voters rally around Oyun-Erdene ahead of vote of no confidence | PRNEWSWIRE | https://www.prnewswire.com/news-releases/sancrox-political-advisory-voters-rally-around-oyun-erdene-ahead-of-vote-of-no-confidence-302470139.html | Дурдсан |
Sprijin masiv pentru Premierul Oyun-Erdene înainte de votul de neîncredere; Votul ar putea consolida agenda economică a guvernului | Pescurt | https://pescurt.ro/stiri-politica/sprijin-masiv-pentru-premierul-oyun-erdene-inainte-de-votul-de-neincredere-votul-ar-putea-consolida-agenda-economica-a-guvernului | Дурдсан |
Судалгааны мэдээллийг түгээсэн гаднын вэбсайтуудын жагсаалт
- Ингэхдээ түгээсэн вэбсайтууд “РЕДАКЦЫН БУС МЭДЭЭ” гэдгийг тэмдэглэн, Sancrox Political Advisory-аас ирүүлсэн мэдээлэл (provided by Sancrox Political Advisory) болохыг дурдсан байна.
Манипуляцын шинж тэмдгүүдийн илрэл
- Цаг хугацааны давхцал:
Тавдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан ба түүнийг орлогоо нотолж, авлигын хэрэгт холбогдсон эсэхээ шалгуулахыг шаардсан мэдээлэл түгснээс хойших анхны Засгийн газрын хуралдаан болсон юм.
Яг энэ өдрийг угтаж PRNEWSWIRE-аас “хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байгаа” (Strong Support for Governing Coalition Ahead of Key MPP Congress Vote) гэх үр дүнг харуулсан судалгааны мэдээллийг 05 дугаар сарын 21-ний 02:52 цагт анх оруулж, мөн л хэд хэдэн гаднын вэбсайтад нийтлүүлж байсан (энд, энд, энд бас энд) юм. Энэ нь МАН-ын Бага хурлаас хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахыг дэмжсэн шийдвэр гарсны дараа түгээсэн мэдээлэл юм.
Улс төрийн чухал үйл явдлууд буюу Засгийн газрын хуралдаан, хуулийн төсөл өргөн барих цаашлаад түүний Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх УИХ-ын чуулганы өмнөх өдөр “хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэж харуулсан судалгааг түгээсэн нь мэдээллийн манипуляцын нэг илрэл байх боломжтой юм. Өмнө нь дурдсанчлан Sancrox Political Advisory компанийн үндсэн үйлчилгээнүүдийн нэг нь стратеги тодорхойлох, улстөрч, улс төрийн кампанит ажилд ямар мессеж түгээх нь зохистой талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдгийг харгалзвал дээрх судалгааны үр дүнг “олон нийтийн дунд хамтарсан Засгийн газрын дэмжлэг хүчтэй байгаа” гэх ойлголт үүсгэх зорилготой байж болзошгүй юм.
2. Асуултууд хөтөлсөн:
Манипуляцын өөр нэгэн илрэл нь судалгааны асуултуудыг хөтөлсөн буюу “эерэг” хариулт хүлээн авахаар зохиодог талаар Их Британийн баримт шалгах байгууллага FullFact-ийн “Төөрөгдүүлсэн санал асуулгын шинж чанаруудыг хэрхэн илрүүлэх вэ” нийтлэлд дурдсан байдаг. Тэгвэл дурдсан судалгаанд энэхүү шинж чанар илэрч байна. Жишээлбэл, “Дараах хувилбаруудын алийг нь илүүд үзэх вэ” гэсэн асуултын хариултад:
- “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн газар”,
- “Ерөнхийлөгчөөс томилдог Ерөнхий сайдын байгуулах МАН-ын Засгийн газар” гэх үндсэн хоёр хувилбарыг
- “аль нь ч биш”,
- “мэдэхгүй” гэсэн сонголттойгоор өгжээ.
Энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрыг Ерөнхийлөгчөөс томилох тухай заалт байхгүй тул үлдсэн нэг хувилбарыг сонгох нөхцөл үүсгэх боломжтой юм.
3. Судалгааны арга зүй хаалттай
Судалгааны мэдээлэлд арга зүй болон оролцогчдын нас, хүйс, оршин суугаа хаяг зэргийг нээлттэй мэдээлээгүй, зөвхөн оролцогчдын намын харьяалал эсвэл тодорхой намд санал өгсөн сонгогчид хоёрын аль нь болохыг тодорхойлсон нь ойлгомжгүй ангилалд хуваасан байна. Тодруулбал судалгааны графикт судалгаанд оролцогчдыг танилцуулахдаа “МАН Voters”, “АН Voters”, “HUN Voters” хэмээн англи, монгол хэл хольж тэмдэглэсэн нь Их Британид үйл ажиллагаа явуулдаг зөвлөх компани энэ мэт үг үсгийн алдааг анзааралгүй яарч нийтэлсний илрэл байж болох юм.
Судалгааны график танилцуулгад англи, монгол хэл хольсон байгаа нь, Эх сурвалж: PRNEWSWIRE
Төөрөгдүүлсэн санал асуулгуудын гол шинж нь судалгааны захиалагч болон зорилгыг нээлттэй мэдээлдэггүй, арга зүй, түүврийг хэрхэн авсан аргачлалаа тайлагнадаггүй.
- Бид тус компанийн вэбсайтад дурдсан имэйл хаяг руу судалгааг ямар этгээд, байгууллага захиалсан болон судалгааны арга зүй, оролцогчдын мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж холбогдсон боловч одоогоор хариу аваагүй байна (тус компаниас хариу ирсэн даруйд бид мэдээллийг шинэчлэх болно).
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.

Батцэцэг
2 followers

Батцэцэг
Jun 25, 2025
“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй
Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой


Батцэцэг
Jun 24, 2025
Шахмал түлш нийлүүлэх 226.2 тэрбум төгрөгийн тендерт гадаадын байгууллага оролцох эрхтэй
Энэ жил Хятадаас хагас кокс буюу хөх нүүрс авч нийслэлийн гэр хорооллыг хангана


Батцэцэг
Jun 22, 2025
Post-Fact буюу “үнэний дараах” нийгэмд зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийг подкастаараа хүргэж байна
Хэрвээ та Монголын баримт шалгах төвийг дагадаг, түгээж буй мэдээллийг маань тогтмол уншдаг бол Post-Fact подкастыг хэдийн үзсэн байж магадгүй.

Pluma -с санал болгосон


Аминаа
Jun 24, 2025
Чөлөөт сэтгүүлч болоход туслах зургаан зөвлөмж
Олон улсын сэтгүүлчдийн сүлжээний (International Journalists’ Network) вебсайтад нийтлэгдсэн чөлөөт сэтгүүлч болоход туслах дараах зөвлөмжийг орчуулан хүргэж байна.


Батцэцэг
Jun 24, 2025
Шахмал түлш нийлүүлэх 226.2 тэрбум төгрөгийн тендерт гадаадын байгууллага оролцох эрхтэй
Энэ жил Хятадаас хагас кокс буюу хөх нүүрс авч нийслэлийн гэр хорооллыг хангана

Р.Оюунцэцэг
Jun 25, 2025
$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.


Амаржаргал
Jul 23, 2025
Энэтхэгээр аялсан нь
Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм.