Монголын хэвлэл мэдээллийн салбарт уншигчийн AI туслах үйлчилгээг нэвтрүүлж, iToim.mn, Ubn.mn, Graph.mn, Pluma.media сайтад ашиглаж эхлээд байна.

Ask Voyager AI Assistant нь AI-н тусламжтай таны уншиж буй мэдээ, нийтлэл, контентын агуулгын талаар баталгаатай эх сурвалж бүхий баримт, нотолгоонд суурилсан илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл, өөр өнцгүүд, шинэ мэдлэгийг санал болгох юм.

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв (Nest Center for Journalism Innovation and Development)-ийн үүсгэн байгуулагч , Pluma төслийн санаачлагч Б.Дуламхорлоо энэ талаар “Хиймэл оюун ухааны хөгжил хэвлэл мэдээллийн салбарт ч идэвхтэй орж ирж байна. Үүний нэг том жишээ нь Ask Voyager AI Assistant юм. Энэ нь товчхон хэлбэл нийгэмд аливаа чухал асуудлын талаар илүү чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгодог. Аливаа мэдээ, нийтлэл уншиж байгаа уншигчдад хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн сэдвээр дэлгэрүүлэн судлах, холбоотой сэдвүүдийг асуулт хэлбэрээр санал болгосноор нэг уншигчийн тухайн мэдээллийг судлахад зарцуулах хугацааг дор хаяж гурав дахин хэмнэж чадна. Цаашлаад сонирхсон сэдвийнхээ хүрээнд цэгцтэй, гүнзгий мэдээлэл, мэдлэгтэй болох боломжоор хангаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, аливаа асуудлын талаар өнгөцхөн, анхан шатны мэдээлэл авж байгаа өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилж, нийгэмд чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх, олон талын байр суурь дээр тулгуурлан дүгнэлт өгөх, шийдвэр гаргах боломжийг бий болгосноороо иргэдийн мэдлэг, нийгмийн хэлэлцүүлэг, ялгаатай байр суурийг хүлээн зөвшөөрөх тал дээр маш том ахиц гаргах боломж нээгдэж байна” гэсэн юм.

Уншигчдад цахимаар мэдээлэл хүлээн авах шинэ соёл, илүү хариуцлагатай хэрэглээг түгээх зорилготой энэхүү үйлчилгээг Монголын Voyager AGI стартап компани хөгжүүлж, хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлсэн байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:

  1. Уншигчид: Сайтад нийтлэгдсэн контентыг унших явцдаа AI-аас баталгаатай эх сурвалжид тулгуурласан илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дүгнэлт, тоо баримт авах.
  2. Хэвлэл мэдээллийн редакц: Контентын үнэ цэнийг нэмэгдүүлж, уншигчийн оролцоог өсгөх.
  3. Иргэд, олон нийт: Баримтад суурилсан мэдээлэлд тулгуурлан нийгмийн асуудлыг илүү өргөн хүрээнд ойлгох боломжтой болох юм.

Voyager AGI компанийн Гүйцэтгэх захирал Ц.Чандмань-Эрдэнэ энэ талаар “Монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд AI шийдлийг ийнхүү нэвтрүүлснээр мэдээллийн ил тод байдал, уншигчдын оролцоог дараагийн түвшинд хүргэнэ гэж бид итгэж байна. Бидний шийдэл мэдээлэл хүлээн авах соёлыг өөрчлөөд зогсохгүй, мэдээллийн эрүүл ахуйг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах нэг чухал хөшүүрэг болж чадна гэж найдаж байна” гэж онцоллоо.

Ask Voyager AI Assistant нь цаашид олон нийтэд хүртээмжтэй “Public Credit” загвар болон төрийн нээлттэй өгөгдлийн аналитик “Voyager Transparency” үйлчилгээг нэвтрүүлж хэвлэл мэдээллийн салбарын бизнесийн тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудыг нээхээр зорьж байна.

Уншигч та энэхүү үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Pluma.media-д байршсан Pluma AI - туслахаас асуух боломжтой.