Variety сэтгүүлийн мэдээлснээр, Obsession инди хоррор кино 750 мянган доллароор бүтсэн бөгөөд өдгөө 403 сая долларын ашиг олоод буй. Найруулагч нь 26 настай YouTube контент бүтээгч Көрри Баркер, 1.5 сая дагагчтай, “that’s a bad idea” скетч комеди сувгийн хамтран үүсгэн байгуулагч. Obsession киноны эрхийг 2025 оны Торонтогийн кино фестивал дээр Focus Features 14 саяар худалдан авсан нь киноны амжилтын эхлэл болжээ.

Тэгэхээр маш бага зардлаар бүтсэн, нэг ч холливүүдийн “а” зэрэглэлийн жүжигчингүй, тус кино амжилтаараа цойлсны шалтгаан юу вэ? Мэдээж Rotten Tomato дээр 94% үнэлгээ авахаас өгсүүлээд, шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн ч, Tik Tok зэрэг сошиал сувгууд дээрх Жен Зи давамгайлсан, энгийн үзэгчдийн сэтгэгдлүүд чамгүй их хувь нэмэр оруулсан бололтой. Хамгийн түгээмэл хэлбэр нь “хэн нь жинхэнэ дайсан бэ” гэх сэтгэгдлүүд.

Үйл явдлын хувьд гол дүрүүд болох Биэр, Никки хоёр Сарагийн аавын хөгжмийн зэмсгийн дэлгүүрт Иан болон Сара нарын хамтаар ажилладаг. Биэр Никкид сайн бөгөөд Никки харин түүнийг эрэгтэй дүү шигээ л нүдээр хардаг. Нэг орой бөөнөөрөө бааранд цуглахад Биэр Никкид сэтгэлээ илчлэх гэж оролдох ч бүтэлгүйтэх бөгөөд түүнд өгч чадаагүй бэлгээ өөрөө задалж киноны өрнөлийг эхлүүлнэ. Тэрээр “нэг хүсэл биелүүлэгч бургас” гэх тоглоомд “Никки энэ дэлхий дээрх бүхнээс илүү намайг хайрлаасай” гэх хүслийг шивнэдэг. Мэдээж ховсдуулсан Никки хосын харилцааг манипуляц, хяналт, ичгүүр сонжуураар удирдах бөгөөд цаад удирдаад байгаа хүч нь “чөтгөрийн” болохыг Хансел Грэтелийн домгийг хэрхэн ой гутам, гаж муухайгаар хөрвүүлэн хүүрнэхээс харагдана. Харин Биэрийн хувьд “уй гашуугийн таван үе” гэдэг шиг л бодит байдал дээр өөрөө Никкиг тийм болгочихсоноо үгүйсгэж, дүрдээ итгэсээр байдлыг улам ч дордуулдаг.

Мэдээж Биэрийг “жинхэнэ дайсан” хэмээн буруутгасан сэтгэгдлүүд дийлэнх нь бөгөөд жинхэнэ Никкиг биедээ хоромхон зуур ирэн, “намайг алаач” хэмээн гуйгаад байхад л сэтгэцийн асуудалтай эмэгтэйтэй хортой харилцаанд байгаа мэтээр хохирогчийн дүрд тоглосоор байдаг нь яах аргагүй зэвүүн. Гэхдээ үүнийг “үзэгчид жинхэнэ дайсныг тодруулсан” гэхээсээ, найруулагч өөрөө Биэрийг барьж өгсөн гэвэл ононо. Никкиг хар хүчний эрхшээлд байгааг голдуу сүүдрээр илэрхийлэх бөгөөд Биэрийн бодит байдлыг харах чадамж дулимгийг Никкигийн тал хагас, бүдэг бадаг дүрслэлүүдээр илтгэнэ. Бараг эхний сценээс эхлээд л Биэрийн романтик аязууд шууд л дундаасаа таслагдаж, дараагийн сцен рүү шилжих нь хүртэл түүгээр хайр найргүй даажигнах шиг санагдана.

Гэхдээ найруулагч яагаад Биэрийг тэгтэл буланд шахаж, үзэгчдэд барьж өгсөн юм бол? Биэр бидний үзэж дассан, дэлгэцийн эрчүүдээс тэс ондоо. Романтик, хүлцэнгүй, тэнэг. Найз Ианаасаа эмэгтэй хүнтэй хэрхэн ойртохоо нэгд нэгэнгүй асууж байгаа нь, өнөөх нь зөвлөж байгаа нь ч тэр, ерөөс л тэнэг дорой. Тэрээр “Яагаад намайг хайрлаж чадахгүй байгаа юм бэ?” гэж асуухдаа үнэхээр л чин сэтгэлээсээ тэгж асуудаг. Магад Никкиг үргэлж сонсож, сэтгэл санааг нь өргөдөг нэгэн болох нь жинхэнэ Никкиг харуулсан, эхний хэсэгт илэрхий гарах бөгөөд эсрэгээрээ Никки Биэртэй найз гэх нэрийдлээр сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ хангаж байх шиг харагдана. Гэтэл эцсийн дүндээ Биэр үхээд ч сохор зоосны үнэгүй юмсанж. Угтаа өнөөх л романтик хайрыг хүссэн, тэнэг дорой л залуу шүү дээ. Магад найруулагч биднээс энэ л асуултыг асуухыг хүссэн юм болов уу? Ямартаа ч Obsession-ыг болзооноос бусад үед үзэхийг зөвлөе.