Өнгөрөгч мягмар гарагт буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-оос ОХУ болон Беларусь Улсын тамирчдыг ирэх 2026-2027 оны улирлаас эхлэн тэшүүрийн бүх төрлийн олон улсын тэмцээнд төвийг сахисан статустай оролцуулахаар шийдвэрлэжээ.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Орос Украины дайнтай холбоотойгоор ОХУ, Беларусийн тамирчдыг тус холбооноос зохиогдох Гран При цуврал, тив, дэлхийн аваргын тэмцээнүүд болон бусад төрлийн арга хэмжээнд оролцуулахгүй байх шийдвэрийг 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр гаргаж байжээ.

Ийнхүү дөрвөн жил дөрвөн сарын дараа хоёр улсын тамирчдад тавьсан хоригийг хэсэгчлэн өөрчилснөөр уран гулгалт болон гүйлтийн тэшүүр, шорт трек зэрэг бусад төрлийн тэшүүрийн спортын тамирчид олон улсын тэмцээнд төвийг сахисан статустай тамирчнаар(AIN) оролцох эрхтэй болж байна. Оросын тамирчид олон улсын тэмцээнд эргэн оролцох болсон нь уран гулгалтын спортын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувьд ирэх улирлын тэмцээнүүдийг илүү их шимтэн үзэх шалтгаан болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр тамирчид тэмцээнд оролцохын тулд тэмцээний квот болон чансааны оноо зэргээс гадна дараах шаардлагыг хангах ёстой:

  1. ОХУ болон Беларусь Улсын нэрийн өмнөөс бус төвийг сахисан тамирчны статустай оролцох
  2. Өөрийн улсыг илэрхийлэх аливаа тэмдэг болон улсын туг далбаа ашиглахгүй
  3. Төрийн дуулал эгшиглүүлэхгүй
  4. Үндэсний шигшээ багийн хувцас өмсөхгүй
  5. Улс төрийн аливаа мэдэгдэл хийхгүй зэрэг дүрмийг баримтлах ёстой ажээ.

Дээрх шаардлагыг биелүүлж буй тэмцээнд оролцох хүсэлт гаргасан тамирчин тус бүрийг Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-с үнэлгээ өгч, хэлэлцсэнээр тэмцээнд оролцох эрхийг баталгаажуулах ажээ. Харин Орос Украины дайнд оролцсон, В.Путиний бодлогыг дэмжиж буйгаа нээлттэй илэрхийлсэн, улсынхаа зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлын байгууллагад алба хааж байгаа тамирчид тэмцээнд оролцох боломжгүй юм.

Уран гулгалтын хувьд Гран При цуврал тэмцээнүүдийн тов, оролцох тамирчдын жагсаалт аль хэдийн гарсан тул Орос Беларусийн тамирчид тус жагсаалтад багтаагүй. Гэсэн хэдий ч боломж нээлттэй бөгөөд:

  1. Милан Кортина 2026 олимпын наадмын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон ОХУ-ын тамирчин Петр Гуменник, Аделия Петросян нарын хувьд дэлхийн чансааны оноотой болсон тул цуврал тэмцээнүүдээс нэрээ татсан аль нэг тамирчны оронд сонгогдох магадлалтай.
  2. Мөн Олон улсын тэшүүрийн холбооны эрх олгох (ISU Challenger) тэмцээнд Орос, Беларусиас тус бүр гурван хүртэл тамирчин оролцох эрхтэй бөгөөд түрүүлсэн тамирчин Гран При цуврал тэмцээний нөөц жагсаалтын хамгийн эхэнд бичигддэг тул тус тэмцээнд эдгээр улсын тамирчид оролцох боломж нээлттэй гэсэн үг.

Харин хоёр улсад Европын аварга, Дэлхийн аваргын үндсэн тэмцээнүүдээс төрөл тус бүрд нэг л квот олгох ажээ.

Sofya Sandurskaya / TASS

Хэрвээ дайны асуудал эцэслэгдвэл өөрийн улсын нэрийн дор туг далбаа, төрийн дуулалаа ашиглах боломж ч ойрхон байна. Ийнхүү бүтэн нэг олимпын циклийн турш олимпоос бусад олон улсын тэмцээнийг өнжөөд байсан Орос, Беларусийн тамирчид уран гулгалтын ертөнцөд эргэн ирж, тив дэлхийн тавцанд байр сууриа дахин олж авах үүд хаалга нээгдлээ.