Хэн нэгэн юу туулж, юунд зорьж байгааг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй. Нэгэн эхээс мэндэлсэн ч тэс өөр үзэл бодол, мөрөөдөл, зорилгыг тээж, өөр, өөрсдийн замналаар амьдралын түүхээ бүтээдэг. Нөгөө талаар олон жил ажилласан, амьдарсан байлаа гээд “супер” нэгэн ч биш байж болдгийг туршлага харуулсаар л байна. Эсрэгээрээ залуу байлаа гээд “муу” хүн байдаггүйг ч олон жишээнүүд гэрчлэх мэт.

Түгжрэл дундаа түүртэж, түмэн асуудал дунд эргэлдсээр өдөр, хоногууд хөвөрнө... Асуудлууд нь дуусахгүй үргэлжилсээр алаг хорвоогийн жамыг даган амьдрах нь хүний амьдралын “тавилан” ч юм шиг.

Ийм бодлууд байнга биш юм гэхэд хааяа, хааяахан бодогдож, эморуулна.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Бусдад сайхан үг хэлж, сайн сайхныг ерөөдөг “ам” үргэлжийн баяр, жаргалаар дүүрэн байдаг.

Урам нь хугарсан хүн амьдралд идэвхгүй, сэтгэлийн эрч хүчгүй, мөрөөдөлгүй, зорилгогүй болж, амьдралаас халширч, эцэст нь амиа хорлох сонголт хийдэг тохиолдол ч бий.

Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.

Гэтэл манайд эсрэгээрээ... Алдаа гаргасан бол газар доогуур ортол муулж, амжилт гаргасан бол тэнгэрт мандтал магтдаг. Нийгмийн үнэн төрх ийм болоод удаж байгааг бид харсаар л байна. Гэхдээ түүний төлөө ямар нэгэн үйлдэл хийдэггүй нь “гайхамшиг” болжээ.

Бодоход энгийн зүйлийг элдвийн асуудал болгож, түүнээсээ ямар нэгэн байдлаар “таашаал” мэдэрч, бусдыг муулж, мууг үзэж байж тайвширдаг муухай “монгол” зан гэж хэлж болмоор...

Төвөггүй байх хэдхэн л зүйл байгааг хараад, бага багаар хэвшүүлж л байна. Гэвч... цөөддөг юм байна.

Хэн нэгэнтэй мэндийн зөрүүтэй, чаддаг бол тусалчихдаг, амьдралд нь хошуу дүрэлгүй, хааяахан “маазардаг”, дуулмаар байвал дуулаад, бүжиглэмээр байвал бүжих хүслийг нь цагдахгүй байхад л болох юм байна.

Урамаар дутна, уучлалыг хүснэ, уур бухимдлыг тэвчинэ, урдах амьдралаа бодно, уулыг давж, усыг гатлах хэрэг гарна. Бүх зүйл хэмжээ, хязгаар, цаг хугацаатай. Зуурдаар гэдэг үгтэй зурагны доор “саймширч” суухгүй тулд өдрөөс өдөрт бусдыг уучилж, урам хайрладаг болсон.

Урам бол итгэл, найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлийн оргилд хүргэх “бамбар” юм.