Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?
Bolor News
Dec 8, 2025
7 мин уншина
Хотын гудамжаар алхаж явтал гишгэж яваа замыг маань янзалж байгаа хүмүүс таарлаа. Гэрлийн шон дээгүүр татсан холбооны кабелиудыг буулган, явган хүний зам доогуур хийж байлаа. Гартаа барьсан утсыг маань ажиллуулах, Дэлхий ертөнцтэй холбох шидэт утас та бидний алхаж яваа зам доор байдаг байх нь.
Баянбүрдийн тойргоос Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний 1.6 км урт зам дагуу агаараар татсан холбооны кабелиудыг “Төрөлх Мөрөн” ХХК доош буулган, явган хүний зам доогуур оруулж, 100 мм диаметртэй 4 хос холбооны сувагчлал татаж байна. Ийм сувагчлалыг явган хүний зам доогуур эсвэл хажуугаар нь хийдэг. Өнөө жил засаж буй явган хүний замуудын хажуугаар, доогуур ийм сувагчлал татаж байна гээд бод доо.
“Явган хүний зам тавихад удаад байгаа нь доогуур нь холбооны сувагчлал татаж байгаатай холбоотой” гэж “Төрөлх Мөрөн” ХХК-ийн инженер А.Өлзийбаатар танилцуулж байлаа. 10-р сарын 20 гэхэд энэ ажил дуусаж, гэрлийн шон дээрх кабелууд нь газар доор зориулалтын сувагчлалдаа орно. Ингээд уг сувагчлалыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газарт хүлээлгэн өгөх юм. Улаанбаатар хотод холбооны 7 станц, 9826 худаг, 625 км 323 м урт сувагчлал бий. Үүнийг цаашид энэ мэтээр өргөжүүлж, гэрлийн шон дээрх кабелиудыг буулган, сувагчлалд шилжүүлэх шаардлагатай байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ өнгөрсөн зунаас явган хүний замын хавтанг солихдоо холбооны сувагчлалгүй газарт сувагчлал татан, сувагчлал нь дүүрсэн хэсэгт сувагчлал нэмж байгаа нь энэ. Махан бие нь энд оршивч оюун санаа нь сошиал ертөнцөд амьдардаг болсон өсвөр насныхан, залуу үеийнхэн интернэтгүй бол ганц өдөр ч тэсэлгүй, байж ядна. Интернэт байхгүй бол тэдний хувьд амьдралын утга учир үгүй болно.
Хот байгуулалтын хуулиар бол хот тэлэх, шинээр хотхон, хороолол байгуулахад цахилгаан, дулаан, ус, ариутгах татуургын болон холбооны дэд бүтэц, кабелийг бүгдийг нь цогцоор нь төлөвлөж, зураг төслийг нь батлах учиртай. Гэвч энэ төлөвлөлтөд холбооны худаг, сувагчлалыг орхигдуулсаар ирсэн нь ийм гажуудал бий болгосон.
Ус, цахилгаан, дулааны шугамыг хот татаад, ашиглалт хариуцсан байгууллагуудад нь хүлээлгэж өгдөг шиг холбооны худаг, сувагчлалыг ч хот байгуулж, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанид хүлээлгэж өгөх ёстой юм. Жишээлбэл: Одоо гэр хорооллыг орон сууцжуулахын тулд хот газар чөлөөлж, дулаан, ус, цахилгааны шугам татаж байгаа биз дээ. Интернэт, утас, телевизийн кабелийг ч хот тийшээ татаж өгөх ёстой. Утас, интернэт, зурагт бол яг л ус, цахилгаан шиг хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болчихсон. Харамсалтай нь хот Хот байгуулалтын хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй, холбооны сувагчлалыг орхиж ирсэн юм.
Өнөө жил холбооны кабелиудыг сувагчлалд нь хийх гэтэл тэр нь дүүрчихсэн, сүүлийн жилүүдэд байгуулсан хотхон, хорооллуудад нь холбооны сувагчлал ч байсангүй. Ингээд шинээр сувагчлал татах ажил өнөө жилээс өрнөж байна. Гэрлийн шон, троллейбусны цахилгааны шугам дагуу татсан олон давхар кабель утсыг өнгөрсөн зунаас цэгцэлж эхэллээ. Анхнаасаа яагаад цэгцтэй татаагүй юм бэ гэж уншигч эрхэм асууна байх.
Цахилгааныг агаарт татсан төмөр утсаар сум, суурин, байшин, барилгад хүргэдэг бол интернэтийг газар доогуур болон агаарын кабель утсаар түгээдэг. Цахилгаангүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон өнөө үед түүнийг ямар олон утас, тулгуур баганаар Монгол орны өнцөг булан бүрт хүргэж, хот, суурингуудыг хэрж байгаа билээ. Бүгд мэднэ.
Яг түүн шиг интернэтийн сүлжээ өнөөдөр Монгол орныг хэрэв. Интернэтийн сүлжээний кабель утсыг агаараар биш, газраар явуулах нь уг нь зөв юм.
Улаанбаатар хотод телефон холбооны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн тулд кабель утсыг газар доогуур татаж эхэлснээс хойш одоог хүртэл 10 см диаметртэй төмөр юм уу, хуванцар хоолойг газарт 1.5-2 м гүнд суулгаж, түүн дотуураа интернэт, телевиз, холбоо, камер гээд маш олон зориулалттай кабель явуулдаг. Үүнийг нийтэд нь холбооны сувагчлал гэж нэрлэдэг.
Өнөөдөр орон сууцны 1 хороолол барьж эхэллээгэхэд тийшээ газар доогуур халуун, хүйтэн, бохир усны шугам татна. Хороолол ашиглалтад ормогц тийшээ холбооны сувагчлал татдаг. Уг сувагчлалаас телефон, интернэт, телевизийн кабель салаалуулж, байр бүрт оруулна. Тухайн орон сууцны хороолол 10 байртай бол холбооны 1 шугамаас 10 тийш кабель салаална гэсэн үг. Ингэж манай, танай байр телефонтой, интернэттэй, зурагтын кабельтай болдог юм.
ДЦС халуун ус, дулаан үйлдвэрлээд, шугам хоолойд шахдаг. Тэр ус, дулааныг орон сууц, барилгуудад хүргэдэг шугам хоолойг “Дулааны шугам сүлжээ” компани хариуцдаг даа. Дулааны шугам цоорлоо гэхэд ДЦС биш, “Дулааны шугам сүлжээ” компани засах үүрэгтэй.
Тэгвэл телефон, интернэт, телевизийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бол ДЦС гэсэн үг. Тэдний дамжуулж буй интернэт, телевизийн долгион холбооны сувагчлалаар дамжин, айлд очих хүртэлх ажлыг зөвхөн “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хариуцдаг зохицуулалттай байдаг аж. Холбооны сувагчлал гэмтвэл, түүнийг хэн нэгэн тасалбал “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хариуцан засах үүрэгтэй.
Монгол Улс 1994 онд газар доогуурх холбооны сувагчлалыг өргөтгөн шинэчилснээс хойш энэхүү сувагчлалыг өргөтгөн шинэчлэх ажлыг цогцоор нь өргөн хүрээнд хийгээгүй, дээр дурдсанчлан шинэ байшин, барилга баригдахад л салаалан өргөтгөж иржээ.
Тэр үед цөөхөн монгол хүн өдөрт 2 удаа телефоны шугамаар интернэт орж, и-мэйл илгээдэг байв. 1996.01.17-нд Монгол Улс интернэтийн 24 цагийн сүлжээнд холбогдоход, интернэт хэрэглэдэг 500 хүн байсан гээд бод доо.
Тэгвэл 2024 оны жилийн эцсээр гэхэд интернэт хэрэглэдэг хүн давхардсан тоогоор 4.2 сая болж, хүн амын ихэнх нь гар утсаараа интернэтэд холбогддог болоод байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны статистикаас үзвэл өндөр хурдны интернэт, орчин үеийн IPTV үйлчилгээг кабель шугамаар 516 мянган өрх буюу нийт өрхийн 52.2%, 30 орчим мянган албан байгууллага ашиглаж байна. Өлгийтэй нярайгаас бусад нь интернэт хэрэглэдэг, хөлд ороогүй хүүхэд хүртэл утас булаацалддаг болсон цаг шүү дээ.
Өнгөрсөн 31 жилийн хугацаанд газар доогуурх холбооны сувагчлал кабелиар дүүрчээ. Уг сувагчлал дотор зөвхөн харилцаа холбооны кабель байдаг байсан бол одоо төрийн цахим үйлчилгээний кабелиуд ч бий. Энэ хэрээр холбооны сувагчлал дотор кабель багтахаа больж, сувагчлалаа өргөтгөх шаардлага үүсжээ. Гэвч “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийг сувагчлалаа өргөтгөж амжаагүй байхад кабель нэмэгдэж байгааг дараах баримт харуулна.
“Мэдээлэл холбооны сүлжээ” компани анх байгуулагдахдаа 2300 км урт сүлжээ хариуцаж байсан бол одоо 21 аймаг, 301 сум, сууринг хэрсэн 20 мянга гаруй км урт шилэн кабельтай. Холбооны 12.884 худаг, 999 км 534 м урт сувагчлал, үйлчилгээний болон техникийн 463 байр, 399 цамхагтай. Бидний хаа дуртай газраасаа гар утсаараа, гэрээсээ ордог интернэт, сошиал медиа, хүссэн үедээ үздэг телевизийн цаана ийм нүсэр дэд бүтэц ажиллаж байдаг.
Сансраас газрыг нэвт харж чаддаг сан бол Монгол орныг хэрсэн кабелийн сүлжээ хүний гараар нэхсэн тор шиг харагдах биз. Уран нэхмэлч аалзных шиг. Гэвч энэ сүлжээний 5946 мянган км нь л хот суурин газарт бий. Яагаад гэвэл төрийн бодлого нь хөдөө орон нутаг руу чиглэж, бүх аймаг, 335 сум, суурин газрыг шилэн кабелиар холбуулсан. Одоо бүх багийг интернэтээр холбох нүсэр зорилт тавиад, мачийлгаж байна. Манай улс 1639 багтай. Үүний 1522-т нь үүрэн холбооны 4G сүлжээ нэвтэрсэн бол одоо 117 баг үлджээ. Үүнээс 2025 онд 55-д нь уг сүлжээг нэвтрүүлнэ.
Талаар нэг тархсан хөдөөгийнхөндөө интернэт хүргэх гэж хамаг мөнгөө зарцуулж, бүх хүчээ төвлөрүүлж байх зуурт хүн амын 45% нь төвлөрсөн Улаанбаатар хотын холбооны сувагчлал нь нэмж кабель шургуулах зайгүй болжээ. Зай багтаамжийг өргөтгөхөөс гадна сувагчлалаа уртасгах шаардлага аль хэдийнэ үүсээд байна. Хот тэлэх, барилга баригдахын хэрээр тэнд байгаа хүмүүс интернэт, телевиз шаардана.
Гэтэл манай төр Улаанбаатар хотын холбооны сүлжээг тэлэх, сувагчлалыг уртасгах, өргөжүүлэхээ хойш тавьж, алслагдсан багууддаа анхаарсаар ирлээ. Энэ хооронд холбоо харилцаа, интернэтийн компаниуд яах вэ? Өөрсдөө сувгаа өргөтгөж, сувагчлалаа уртасгая гэхээр тийм эрх байхгүй. Ингээд л гэрлийн шон дээр кабелиа тохохоос өөр аргагүйд хүрчээ.
Гэрлийн шон дээр зөвхөн интернэт, телевизийн кабель байдаг уу гэвэл үгүй. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг хянаж байгаа камеруудыг холбосон кабелийг бас үүгээр дамжуулсан байдаг. Хяналтын камерын, төрийн байгууллагуудыг холбосон шилэн кабель гээд олон кабель мэдээж ил байх нь хотын үзэмж, аюулгүй байдалд нийцэхгүй. Тиймээс газар доогуур татдаг юм байна.
Ийм чухал зүйл хөл доор маань байдаг гэдгийг мэдэхэд маш сонин байлаа.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хотын дэд бүтцийн асуудлыг хөндсөн, албан ёсны, мэдээлэл өгөх зорилготой. Уншигчдад хотын далд холбооны сүлжээний ач холбогдол, тулгамдсан асуудлыг ойлгуулж, шийдвэрлэх оролдлогыг таниулна. Өмнөх төлөвлөлтийн дутагдал, одоогийн сайжруулалтыг тодорхойлсон. "Сувагчлал дүүрсэн", "орхигдуулсан" гэх үгс сөрөг утгатай ч, "ажил өрнөж байна" гэх нь эерэг. Хотын хөгжил, технологийн дэд бүтцийн тухай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Bolor News
0 followers
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
Bolor News
Dec 8, 2025
Юмсын интернэт амьдралд ямар хэрэгтэй гээч
4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье. 4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой. Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна.
Bolor News
Dec 8, 2025
Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?
Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий
Pluma -с санал болгосон
Болдбаатар
Dec 11, 2025
Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.
Ц.Санчирмаа
Jul 3, 2025
ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИРЭЭДҮЙ
1980 онтой харьцуулахад нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 дахин буурчээ.
Т.Чулуунцэцэг
Dec 12, 2025
"Үхрийн бүтэн мах тал үнээр нь өгье, эхлээд та урьдчилгаагаа шилжүүлчих"
Нийгмийн олон харилцаа технологит суурилсан энэ үед боломж, эрсдэл хоёул хүн бүрийн урд байна. Тиймээс иргэд цахим халдлагаас хэрхэн урьдчилсан сэргийлж, зохистой хамгаалалт хийх тухай сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирсэн цахим гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийн бүртгэл, тоон үзүүлэлтэд үндэслэн хүргэнэ.
Батцэцэг
Jun 25, 2025
“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй
Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой