AI яаж ажиллах нь бус түүнийг хэрхэн ашиглаж сурах чухал байна
Хүн төрөлхтөн нийгэм, эдийн засаг болон амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж чадах цоо шинэ инновацтай нүүр тулаад буй нь хиймэл оюун билээ. Бүхнийг өөрчилж байсан өмнөх инновацуудаас ялгаатай нь хиймэл оюун асар хурдтайгаар хөгжиж богино хугацаанд өөрчлөлтүүдийг бий болгож байна. Энэ нь олон боломжийг авчрахын сацуу тодорхойгүй байдал, эрсдэлийг ч мөн дагуулж байгаа юм. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) 2025 оны Хүний хөгжлийн илтгэлээ “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдвээр эрхлэн гаргасан байна. Илтгэлд хүний хөгжлийн ахиц дэвшил сүүлийн 35 жилийн хамгийн доод түвшинд хүрч, удааширч буйг онцолжээ. Мөн хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын хөгжлийн ялгаа, тэгш бус байдал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед бодит шийдэл, арга хэмжээг цаг алдалгүй авч эхлэхгүй бол тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх цаг хугацаа хэдэн арван жилээр хойшлох эрсдэлтэйг ч мөн анхааруулсан байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс явуулсан судалгаанаас харахад дэлхий дахинд хүмүүс хиймэл оюуны талаар өөдрөг хандлагатай байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын зургаа нь хиймэл оюун нэвтэрснээр шинэ ажлын байрууд бий болж, тэдний ажилд эергээр нөлөөлнө хэмээн найдаж байгаа аж. Ялангуяа хүний хөгжлийн индекс (ХХИ) бага орнуудын хувьд нийт судалгаанд оролцогчдын 70% нь хиймэл оюун нь тэдний ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн бол, гуравны хоёр нь хиймэл оюуныг ирэх жилд боловсрол, эрүүл мэнд, ажлынхаа чиглэлээр ашиглах хүлээлттэй байгаа хариултыг өгчээ. Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс оронд цахим хөгжил эрчимтэй өрнөж байгаа нь хиймэл оюунд суурилсан хүртээмжтэй хөгжлийг бий болгох таатай нөхцөлийг ч мөн бүрдүүлж байна.

Монгол Улсын хувьд хиймэл оюун нь эдийн засгийг төрөлжүүлэх, хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах томоохон боломжууд болон сорилтуудыг дагуулж байна.
Монгол Улсын хүний хөгжлийн индекс (ХХИ) 1990 оноос хойш 26 хувиар өсөж 0.747-д хүрсэн бөгөөд өдгөө 193 улсаас 104-т эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал, 1990-2023 онд манай дундаж наслалт 12.9, сургуульд суралцах хугацаа 3.5, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр нэмэгдсэн бол нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар өсжээ.
Монгол Улсын Засгийн газраас хиймэл оюуны чиглэлд чухал ач холбогдол өгч, хиймэл оюуныг “Цахим үндэстэн” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх хамтарсан төлөвлөгөө”-нд тусгасан бөгөөд одоогоор “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулна хэмээн тооцож, нийгэм, эдийн засгийн салбарт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна.
Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын оноо 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа явж байгаа нь тогтоогдож, үүнээс үзэхэд хиймэл оюуныг хөгжүүлэх суурь бүтцүүд бүрэлдэж байгаа ч ахиц дэвшил алгуур буюу хараахан бэхжээгүй байна.
Монгол Улсад хиймэл оюуныг хөгжүүлэх үйл явцад гурван үндсэн сорилт тулгарч байна. Эдгээрх нь төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийн ялгааг бууруулах, мөн ёс зүйтэй хэрэглээг хангах бодлого, зохицуулалтын орчныг тодорхой болгох юм.

Хиймэл оюуны загварчлал, хэрэглээ, удирдлага зэрэг бүх шатны хөгжүүлэлтийн хүрээнд гаргах стратегийн шийдвэрүүд нь зах зээлд бус хүнд ашигтай байж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална. Энэ хүрээнд илтгэлд хүний хөгжлийг ахиулах гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
- Хүн болон хиймэл оюун өөр хоорондоо өрсөлдөх бус хамтран ажиллах эдийн засгийн загварыг хөгжүүлэх;
- Ашгийн бус, хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн инновацын хөгжлийг дэмжих;
- Боловсрол, эрүүл мэнд, цахим дэд бүтцийг шинэчлэн, хүний чухал ур чадваруудад хөрөнгө оруулалт хийж, хүн бүрд хүртээмжтэй хиймэл оюуныг хөгжүүлэх.
Монгол Улс олон улсын сайн туршлагыг улс орны нөхцөл байдалдаа тохируулан нутагшуулж, орон нутгийн онцлогт нийцсэн шийдлүүдийг боловсруулах бүрэн боломжтой. Тухайлбал:
- Цахим дэд бүтцэд хөрөнгө оруулах: Сүлжээ, холбоо нь хиймэл оюунд суурилсан ямар ч өөрчлөлтийн үндэс, суурь юм. Монгол Улсын хувьд алслагдмал, хөдөө орон нутагт өндөр хурдны интернэтийг хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Энэтхэг Улсын 6,000 гаруй тосгоныг интернет сүлжээнд холбосон “Дижитал Энэтхэг” санаачилга нь дижитал дэд бүтцийг хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэйгээр хөгжүүлж болохыг харуулсан тод жишээ юм.
- Эрчим хүчний тогтвортой байдлыг хангах: Дэлхий даяар хиймэл оюуны хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ 160 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг өөрчлөн шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө ашиглах шаардлагатай байна.
- Боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх: Монгол Улс залуучуудын шинжлэх ухаан, мэдээллийн технологи, математик (ШИМТ), цахим бичиг үсгийн мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуны технологитой ажиллах ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Вьетнам Улсын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуныг тусгасан туршлага нь энэ чиглэлд хэрэгжүүлж болох сайн жишээ юм.
- Ажлын байрны шилжилтэд бэлтгэх: Ажлын байрны хомсдол үүсэх эрсдэлийг бууруулахын тулд Монгол Улс хиймэл оюуныг ажлын байрыг үгүй болгох бус, харин нэмэгдүүлэх чиглэлд ашиглаж буй байгууллагуудад татварын хөнгөлөлт олгох, мөн Сингапурын SkillsFuture санаачилгын нэгэн адил дахин чадваржуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой.
- Ёс зүйтэй, хүртээмжтэй засаглалыг төлөвшүүлэх: Монгол Улс хиймэл оюуныг ил тод, хариуцлагатай, шударга зарчимд үндэслэн загварчлан хөгжүүлснээр хүн төвтэй, олон нийтийн сайн сайханд чиглэсэн шийдлүүдийг боловсруулах боломж бүрдэнэ.
.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 оны Хүний хөгжлийн илтгэлээс ишлэв.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хиймэл оюуны боломж, сорилтыг НҮБХХ-ийн илтгэлд тулгуурлан объектив, албан ёсны өнгө аясаар танилцуулжээ. Уншигчдад мэдээлэл өгч, ирээдүйд бэлтгэх уриалгатай. Хэдийгээр хүний хөгжлийн удаашрал, тэгш бус байдлыг анхааруулсан ч, хиймэл оюуныг хүн төвтэй хөгжүүлэх боломж, шийдлүүдийг онцолсон нь болгоомжтой өөдрөг хандлагыг илэрхийлнэ. "Боломж", "шийдлүүд", "хөгжүүлэх" зэрэг үгс нь эерэг талыг тодотгож, технологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн сэдвийг хөндсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Цэнд
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Pluma -с санал болгосон
Цэнд
Sep 15, 2025
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц.
Амаржаргал
Aug 16, 2025
Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг
Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.
Ц.Санчирмаа
Jun 23, 2025
ЭС МЭДЭХ Ч ЦЭЦЭРХЭХ, ҮЛ ЧАДАХ Ч БАРДАМНАХ
Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна...
Батцэцэг
Oct 1, 2025
Уншигч танд зориулсан AI туслах мэндэллээ
"...Аливаа асуудлын талаар өнгөцхөн, анхан шатны мэдээлэл авж байгаа байдлыг өөрчилж, нийгэмд чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгож байна"