
Бидний болоод ирээдүй хойч үеийнхэн маань амьдарч үлдэхийн тулд одооноос юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хүн төрөлхтөн хамтаараа тодорхойлсон нь тогтвортой хөгжлийн зорилтууд билээ. Тэдгээрт хүрэхэд улс орон, засгийн газар, бизнесийн байгууллага, хувь хүн нэг бүрийн сайн оролцоо, бодитой үйлдэл чухал гэдгийг улам бүр таниулахын хэрээр оролцогч талууд салбар бүрдээ шинийг санаачлан, манлайлж ажиллахыг эрмэлзэх болжээ. Уншиж, сонсох бүрийд л томоохон байгууллагууд, сүлжээ бизнесүүд өөрсдийн үйл ажиллагааны болон цахилгаан хэрэглээний хүлэмжийн хийг багасгалаа, буурууллаа, зарим нь бүр цэвэр тэгт хүргэнэ хэмээн ам өчиг өгч, хэрэгжүүлэн ажиллаж буй сайны жишээ олон бий. Бизнесийн үйл ажлыг зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгэм, засаглалын сайн сайхантай уялдуулж тогтвортой хөгжлийн зорилтыг ахиулахад замчилж буй БОНЗ тайлангийн тухай таны мэдэх хэрэгтэй бүхнийг хүргэе.
БОНЗ гэдэг нь Environmental, social and governance (ESG) буюу Байгаль Орчин, Нийгэм, Засаглал гэсэн үгсийн товчлол бөгөөд 2000 оны эхээр дэлхий нийтэд дэлгэрч байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа дээрх гурван хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн авч үзэж, үнэлж, дүгнэж байгааг хэлэлцэхэд хэрэглэгддэг болжээ. Товчоор уг тайлагнал нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлж байх байгууллагын хэвшүүлэх дадал юм.

Тогтвортой байдлын тайлагналаас компанийн эдийн засаг, санхүү түүгээр зогсохгүй хүний нөөц, харилцаа холбоо, байгалийн баялгийг сүйтгэж, аль эсвэл хамгаалж байгаа эсэх, цаашлаад нийгмийн аж байдалд ямар нөлөө үзүүлж байгаа зэрэг компанийн үйл ажиллагааг цогцоор нь илэрхийлэх мэдээллийг авна. Түүнчлэн тайланг гаргаснаар бусад оролцогч талууд болон хөрөнгө оруулагчдад тухайн компани цаг хугацааны явцад ямар үнэ цэнийг хэрхэн бүтээж байгаа, энэ нь нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байгаа эсэхийг үнэлэхэд нь туслах чухал баримт болох юм.
Тогтвортой байдлын тайлагнах тухай олон улсын олон арга аргачлал, стандарт, зөвлөмж байдаг бөгөөд ТоС холбооны зүгээс түнш газруудтай хамтран монгол компаниуд нийцсэн ерөнхий алхам, анхаарах үзүүлэлт, тайлан гаргахдаа ашиглавал зохих бодит туршлага, эх сурвалжуудаар баяжуулсан удирдамжийг 2022 онд гаргасан билээ. Энэхүү удирдамж нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчид болон тайлагнал хийхээр зорьж буй бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилготой.
