Озоны давхарга нь биднийг нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” юм. Хэрэв озоны давхарга сийрэгжвэл хүний эрүүл мэнд, амьтан, ургамал, усны экосистемд ноцтой хохирол учруулдаг байна.


Эрт цагт хүн төрөлхтөн тэнгэрийн хөх өнгийг зөвхөн үзэсгэлэн гэж хардаг байв. Харин XX зууны эхэн үед эрдэмтэд нарны хэт ягаан туяа (UV) амьд биед аюултай гэдгийг олж, “Яагаад бид амьд, аюулгүй явж байна вэ?” гэсэн асуултад хайгуул хийж эхэлсэн бөгөөд 1913 онд Францын эрдэмтэд Шарль Фабри болон Анри Бюссон нар озоны давхаргыг илрүүлжээ. Харин дараа нь Английн физикч Гордон Добсон тусгай багаж бүтээж, озоны хэмжээг тогтмол хянах боломжтой болгож, тус багажийг өнөөг хүртэл түүний нэрээр “Добсоны спектрофотометр” гэж нэрлэдэг. Харин1970-аад оноос хүн төрөлхтөн өөрөө өөрсдийн хамгаалалтын бамбайг гэмтээж эхэлсэн бөгөөд хөргөгч, аэрозолийн баллон, зарим үйлдвэрийн хий нь фреон гэх бодис ялгаруулж, озоны давхаргыг нимгэлж байжээ. 1985 онд Английн эрдэмтэд Антарктидын дээрээс “озоны цоорхой” илрүүлснээр дэлхий даяар цочрол дагуулж, энэ мэдээ хүн төрөлхтнийг нэгэн зэрэг сэрээсэн гэж хэлж болно. Улмаар 1987 онд улс орнууд нэгдэн “Монреалын протокол”-ыг баталж, озоныг гэмтээдэг бодисын хэрэглээг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь дэлхийн улс орнуудын хамгийн амжилттай хамтын ажиллагааны нэг гэж тооцогддог бөгөөд озоны давхарга аажмаар нөхөн сэргэж, 2060 он гэхэд бүрэн хэвийн болно гэж эрдэмтэд тооцоолж байна.


Озоны давхаргыг хамгаалах өдөр буюу "International Day for the Preservation of the Ozone Layer" жил бүрийн 9-р сарын 16-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь 1987 оны 9-р сарын 16-нд улс орнууд озоны давхаргыг гэмтээдэг бодисуудыг хязгаарлах тухай "Монреалын протокол"-ыг байгуулсан өдрийг сануулах зорилготой бөгөөд 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсоор тэмдэглэх болжээ.