Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.

Хайр гэж хэн нэгэнд маш хүчтэй татагдаж буй мэдрэмж, үүнээс улбаалан гарч буй сэтгэл хөдлөлийг хэлнэ гэж тайлбарладаг. Гэтэл хүн бүрийн хүлээж авч байгаа хэмжээ, хязгаар, хүлээлтээс шалтгаалдаг байж болохоор...
АНУ-ын "Шинэ Англи" хэмээх институтын эрдэм шинжилгээний баг 2010 онд жинхэнэ дурлал мөн хайр сэтгэл нь хүний зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдахад дэмжлэг болдгийг тогтоосон байна.
Мөн хайр дурлал нь хүний биеийн дархлааг өндөр түвшинд идэвхтэй байлгах хамгаалалтын чухал хүчин зүйл болдог гэдгийг нотолж, ялангуяа өвлийн улиралд дурлагсад ханиад бага хүрдэг гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

Хайр бол дурлалын дараах үе шат гэлцдэг. Дурласан хүн дуучин ч болж, дуугаа ч хураадаг онцлогтой. Харин хайр бол насны, үүрдийн, нандин нөхөрлөлийн үнэ цэнэ, юугаар ч сольшгүй, дахин давтагдашгүй “хором”.
Хайрын тухай бодож, хааяа эмордог тэр өдөр нь өнөөдөр бололтой. Үг урсаад, хайрын тухай баримтууд уншаад л ....
Хайрын тухай дэлхийн хамгийн эртний дуу хөгжим нь одоогоос 4000 гаруй жилийн тэртээ бичигдсэн гэж үздэг.Харин хайрын тухай хамгийн романтик дуугаар “Unchained Melody”дууг нэрлэдэг. Энэ дууг 100 гаруй хэл дээр орчуулж, 500 гаруй хувилбараар дуулжээ. Хүмүүс энэ дууг “Ghost” (1990) киноны саундтрек гэдгээр нь илүүтэй мэддэг.

Хуримын бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүх болсон заншил нь эртний Грекийн уламжлалтай холбоотой. Энэ хуруунд “vena amoris” буюу зүрхтэй холбогддог “хайрын судас” үргэлжилдэг аж.
Сонирхуулж хэлэхэд эрчүүд гурван удаагийн болзоогоороо л тухайн бүсгүйд дурлаж байгаа эсэхээ мэддэг бол бүсгүйчүүд 14 хүртэлх удаа болзож байж тухай хүнд сэтгэлтэй болж байгаа эсэхээ мэдэрдэг гэнэ.
Дэлхий дээр 5 хүн тутмын 2 нь анх дурласан нэгэнтэйгээ буюу анхны хайрттайгаа гэр бүл болдог. Эдгээр гэрлэлтийн 60 хувь нь бүтэмжтэй байдаг аж.
Хүнд хайртай болох нь бие болон оюун ухаанд тайвшруулах нөлөө үзүүлж, тухайн хүний мэдрэлийн системийг сэргээн санах ойг сайжруулдаг байна.
Шинээр дурласан хүмүүс Серотонин гормоныг маш бага хэмжээгээр ялгаруулдаг нь донтсон хүнийхтэй ижил хэмжээтэй байдаг гэнэ шүү.

Догдолдог, дүүрдэг, дүүлэн нисдэг, дүүрэн жаргадаг хайрын тухай бодлууд тань хөвөрч байгаа биз дээ. Ингээд ч болов түр амсхийх боломжийг өөртөө олгодог байгаарай гэж хэлэх гээд л ...
Зочин
9 months ago